Цалин нэмдэггүй юм гэхэд хасах тухай яриа байж болохгүй
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.12

Цалин нэмдэггүй юм гэхэд хасах тухай яриа байж болохгүй

УИХ-аар энэ жилийн төсөвт тодотгол хийж, ирэх оны төсөв ямар байхыг ярилцаж буй.

Үүнтэй зэрэгцээд төрийн албан хаагчдын цалинг нэмэх байтугай танаж хасах тухай яриад эхэлсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас байр суурийг нь тодрууллаа.

-Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй учраас ирэх оны төсөвт энэ асуудлыг тусгахаар болсон тухай ярьж байсан. Гэтэл Сангийн сайдын оруулж ирсэн төсвөөр цалинг нэмэх байтугай харин ч танаж хасах магадлал өндөр байгаа бололтой.

-Цалин хөлсний тухайд миний байр суурь тодорхой. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрт оролцогч талууд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хаа хаанаа ойлгож буй тул харилцан зөвшилцөөд энэ хүндрэлийг эв эеэ хичээн даван туулъя гэж уриалга гаргасан.

Өнөөдрийн байдлаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн төсөв дээр цалин нэмэх ямар ч боломж харагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ Хөдөлмөрийн сайдын хувьд цалингаа нэмж чаддаггүй юм гэхэд хасах асуудлыг ярьж огт болохгүй гэдэг хатуу байр суурийг илэрхийлж байгаа.

Харин улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг энэ оны төсвийн тодотголд 25-30 хувь бууруулахаар тусгахыг би дэмжиж байна. Тэгээд ч энэ зөвхөн Монголд гараад байгаа санаачилга биш. Дэлхийн олон улс оронд хямралыг гэтлэхийн тулд төрийн өндөрлөгүүд нь ийм арга хэмжээ авч байсан туршлага жишээ хангалттай олон бий.

-Тэгэхээр ирэх онд цалин нэмэх боломжгүй гэсэн үг үү?

-Бидэнд ирэх жилийн эдийн засгийн төлөвт бага ч бол нааштай зүйл гарах байх гэсэн найдлага, өөдрөг төсөөлөл бий. Тиймээс боломж бололцоо гарвал цалинг нэмэхийн төлөө л Засгийн газар ажиллана. Манай яамны байр суурь ч ийм байгаа.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас зардлаа хасч танахаас аргагүй болсон. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хасах тухай л ярьж болох юм. Түүнээс биш төрийн үйлчилгээний албаныхан, яам тамгын газарт ажиллаж буй жирийн албан хаагчдын цалин д гар  хүрэх тухай байж огт болохгүй. Цалин хасах тухайд маш болгоомжтой, ул суурьтай хандах ёстой.

Дийлэнх нь орон сууцны зээлтэй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг өнөөгийнх шиг нөхцөлд хямрал нэрээр энэ хүмүүсийн цалинг бууруулахад ямар сөрөг нөлөө гарч болох вэ гэдгийг манай Хөдөлмөрийн яам урьдчилаад харж байна.

-Цалин нэмэхгүй ч хэвээр нь хадгалахын тулд төрийн албан хаагчдын тоог цөөлж цомхотгох тухай ярьж байгаа нь хэр зөв бол?

-Монгол төр уул уурхайн супер циклийн үед баруун солгойгүй мөнгө цацаж маш их цатгалдсан байж. Харин одоо бол бодит хөрсөн дээрээ буулаа. Бид хий гишгэж, буруу тооцоо хийж болохгүй ийм үед ирсэн учраас хатуу хэмнэлтийн горимд орохоос аргагүй.

Гэхдээ хатуу хэмнэлтийн горимд орно гэхээр шуудхан төрийн албан хаагчдынхаа тоог механикаар бууруулна гэсэн үг биш. Ийм аргаар эдийн засгийн хүндрэлийг туулж гарна гэж ойлгож болохгүй. Шууд цөөлөөд цомхотгоод эхэлнэ гэдэг нь ажилгүйчүүдийн эгнээг л өргөжүүлнэ. Тиймээс аль аль талдаа ашиг сонирхол нийцсэн тийм гарцыг олох ёстой.

-Яамдын тоог цөөлж, зарим агентлагийг татан буулгана гэж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд тэнд ажиллаж байгаа хүмүүс ажилгүй болно л гэсэн үг биз дээ?

-Ирэх оны төсөвт орж ирсэн яамдын тоог цөөлж, төрийг цомхон чадварлаг болгох санааг эрх барьж байгаа төдийгүй бусад улс төрийн хүчнүүд ч дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг ганцхан далайлтаар биш үе шаттайгаар хийх ёстой юм. Ингэхдээ үр дагаврыг нь ч сайн тооцоолох хэрэгтэй.

Нөгөө талаар уул уурхайн түүхий эд, нүүрсний асар их мөнгө орж ирж байсан эдийн засгийн таатай үедээ бид хувийн хэвшлээ биш төрийг хэтэрхий их тэжээж хөдөлгөөнгүй болгож, хэтэрхий олон сандал ширээ нэмжээ. Төр том байснаар эдийн засаг хөдөлгөөнтэй, хөрвөх чадвартайгаар хөгждөг юм биш гэдгийг одоогийн нөхцөл байдал харуулж байна шүү дээ. Тиймээс бидний одоо хийхээр ярьж байгаа төрийн цомхон бүтэц алс хэтээ харсан зөв бодлого юм.