Цалинг хасах танах тухай яриа байж болохгүй
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.12

Цалинг хасах танах тухай яриа байж болохгүй

Шийдлийн Засгийн газар 2015 онд төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр Хөдөлмөр, нийгмийн зевшлийн гурван талт улсын хэлэлцээрт тусгасан.

Гэвч хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бивлүүлэх боломжийг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал олгохгүй байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг учирлаад цалин нэмэх асуудлыг ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй боллоо гэсэн билээ.

УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ирэх оны төсөвт цалин нэмэх ямар ч зүйл тусаагүй. Харин ч эсрэгээрээ хасч танах тухай яриа хөөрөө өрнөөд эхэлсэн. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Германд болох "Их 7-Хөдөлмөрийн болон хөгжлийн сайдуудын дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор явахынх нь өмнө дараахь тодруулгыг авлаа.

-Сангийн сайдын оруулж ирсэн ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай огт тусаагүй. Харин ч зардлаа хэмнэхийн тулд зарим агентлагийг татан буулгаж, цалинг танах тухай ярьж байна. Энэ нь нийгмийн түншлэгч талуудын өмнө Засгийн газрын өгсөн амлалт хэрэгжих боломжгүйг харуулж байна гэж ойлгож болох уу?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрт оролцогч талууд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хаа хаанаа ойлгож буй тул харилцан зөвшилцөөд энэ хүндрэлийг эв эеэ хичээн даван туулъя гэж уриалга гаргасан. Өнөөдрийн байдлаар УИХ-аар хэлэлцэж эхэлсэн төсөв дээр цалин нэмэх ямар ч боломж харагдахгүй байгаа нь үнэн.

Гэхдээ Хөдөлмөрийн сайдын хувьд цалингаа нэмж чаддаггүй юм гэхэд хасах тухай асуудал огт байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Бидэнд ирэх жилийн эдийн засгийн төлөвт бага ч бол нааштай зүйл гарах байх гэсэн найдлага, өөдрөгтөсөөлөл бий. Тиймээс боломж бололцоо гарвал цалинг нэмэхийн төлөө л Засгийн газар ажиллана.

-Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн цалинг он дуустал бууруулах тухай ярьж байсан нь төсвийн тодотголд туссан уу?

-Эдийн засгийн хүндрэлийн улмаас зардлаа хасч танахаас аргагүй болсон энэ үед улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 25-30 хувь бууруулахаар төсвийн тодотголд тусгахыг би дэмжиж байгаа. Түүнээс биш төрийн үйлчилгээний албаныхан, яам тамгын газарт ажиллаж буй жирийн албан хаагчдын цалинд гар хүрэх тухай байж огт болохгүй.

Тэгээд ч хэн нэгний цалин хасах бууруулах тухайд маш болгоомжтой, ул суурьтай хандах ёстой. Дийлэнх нь орон сууцны зээлтэй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг өнөөгийнх “шиг" нөхцөлд хямрал нэрээр энэ хүмүүсийн цалинг бууруулахад ямар сөрөг нөлөө гарч болох вэ гэдгийг манай Хөдөлмөрийн яам урьдчилаад харж байна.

-Ирэх оны төсөвт яамдын тоог цөөлж, зарим агөнтлагийг татан буулгахаар оруулсан. Ийм нөхцөлд ажилгүйчүүдийн тоог нэмнэ л гэсэн үг биз дээ?

-Уул уурхайн түүхий эд, нүүрсний асар их мөнгө орж ирж байсан эдийн засгийн таатай үедээ бид хувийн хэвшлээ биш төрийг цатгалдтал нь тэжээж хөдөлгөөнгүй болгож, хэтэрхий олон сандал суудал нэмжээ. Төр том байснаар эдийн засаг хөгждөггүй юм байна гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна шүү дээ. Тиймээс ирэх оны төсөвт яамдын тоог цөөлж, төрийг цомхон чадварлаг болгох санаа тусгасныг дэмжиж байгаа.

Гэхдээ үүнийг ганцхан далайлтаар биш үе шаттайгаар хийх ёстой бөгөөд үр дагаврыг нь ч сайн тооцоолох хэрэгтэй юм. Тэгээд ч хатуу хэмнэлтийн горимд орно гэхээр шуудхан төрийн албан хаагчдынхаа тоог механикаар бууруулна гэсэн үг биш. Ийм аргаар эдийн засгийн хүндрэлийг туулж гарна гэж ойлгож болохгүй. Шууд цөөлөөд цомхотгоод эхэлнэ гэдэг нь ажилгүйчүүдийн эгнээг л өргөжүүлнэ Тиймээс аль аль талдаа ашиг сонирхол нийцсэн тийм гарцыг олох ёстой юм.