Монголын газар  нутгийг барьцаанд тавьчихсан
УИХ-ын намрын нэгдсэн чуулган
2015.10.10

Монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ  нар асуулт асууж тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Зургаа хүртэлх тэрбум долларын баталгаа гаргаад зээл авна гэж байна. Хоёр тэрбумыг хувь нийлүүлэгчийн зээл, хуримтлагдсан өрөнд шууд энэ компани авчихаж байгаа юу? Үлдсэн 4,2-ыг хүү төлөөд 1,9 хувийн шимтгэл төлнө. Хөрөнгө оруулалтын гэрээнд яагаад санхүүгийн төлбөрөөр өөрчлөлт хийсэн бэ? Өнгөрсөн хугацаанд хараад байхад гадны талд ашигтай гэсэн бүхэн гадагшаа явсан. Оюутолгой, Далд уурхай, Алтны нөөцийн төлбөр гээд л. Гэтэл тархи угаахад ашигласан сайн болно гэсэн зүйлүүд чинь яасан бэ?

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Дэлхийд үнэ цэнээрээ нэг, хоёрт  орох ийм том ордноосоо Монголчууд ашиг хүртэж чадахгүй байна. Нийт борлуулалтын орлогоос 100-аас таван хувь нь орж байгаа. 95 хувь нь Монголын татвараар орох нь битгий хэл банк санхүүгээр ч дамжихгүй байна. Оюутолгой өнгөрсөн жил 1,9 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Эрдэнэт үйлдвэр гурав дахин бага буюу 721 сая төгрөгийн борлуулалтыг хийсэн. Гэтэл Эрдэнэт үйлдвэр Оюутолгойгоос илүү татвар төлсөн. Үүнээс үзэхэд ямар муу гэрээ хийгдсэн нь харагдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “2014 он гэхэд 1 тэрбум 950 сая борлуулалтыг Рио Тинто хийсэн. Бүх ажил төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа юу ч гацаагаагүй гэж худлаа ярихаа боль. Дубайн гэрээнд 1,4 тэрбум доллар болон 2 тэрбум гэж ярьж байгаа. Битгий үгэн дээр тогло. 3,4 тэрбум доллар гэж анх гарч ирсэн. Ямар ч баримтгүй, үндэслэлгүй зардлуудыг Рио тинтогийн төлөөлөгч шиг тайлбарлаж ярихаасаа ич. Улсын байцаагчийн актыг Ерөнхий сайд ч өөрчлөх ёсгүй. Та нар Монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан. 6 тэрбум доллар Монголд орж ирэхгүй.  

УИХ-ын гишүүн Ч.Улаан “1,8 тэрбум долларын зөрчлөөс зайлах арга байхгүй. Санхүүгийг зөрчил гэдэг бол луйвар. Хулгайн мөнгө. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрч, нотолсон гэж хэлж байгаа бол тийм эрх та нарт байхгүй. Зөрчлийг хүлээн зөвшөөрч цагаатгадаг эрхтэй улс биш. Нөгөө талаар луйврыг хүлээн зөвшөөрч хамгаалах гэж оролдож байгаа чинь туйлын буруу. Орд газрыг ашиглахад та нарыг  төр, түмэн олны төлөөлөл болгож тавьсан юм ш дээ. Тэгсэн та нар хаана ажиллаад байна ?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  “2009 оны байгуулсан гэрээг бид анхнаас нь шүүмжилж байсан. Гэтэл түүнээс дор болгосон юм байна гэдэг нь хэлэлцүүлэг, асуулт хариултын явцаас тодорхой байна. УИХ дээр яригдаж буй зүйлээс харвал Ерөнхий сайд нэн даруй, цаг алдалгүй хариуцлагаа хүлээж огцрох хэрэгтэй. ТУЗ-д ажиллаж буй хүмүүс Ерөнхий сайдыг хаацайлж байна. Улс орны эрх ашгийг хөсөр хаясан зүйл боллоо. Тиймээс нэр бүхий гишүүдийн хариуцлага тооцох тухай энэ санаачилгыг УИХ-ын гишүүд, УИХ-д суудалтай намуудын бүлэг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Үүний дараа асуулга тавьсан гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн юм. Тэрээр “Хөрөнгө оруулагч компани нь хариуцлагатай ажилладаг, оруулсан хөрөнгө нь үр ашигтай зарцуулагддаг байх зарчмын үүднээс гишүүд Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан. Оюутолгойн төсөл хөдөлж байгаа, бас Дубайн гэрээ байгуулагдсан ч ярьсан хэлсэн зүйл нь хэрэгжихгүй, энэ онд баригдсан байх ёстой далд уурхайн ажил явц муутай байна гээд Улсын Их Хурлын тухай хуульд шаардлагатай гэж үзвэл гишүүний асуулгыг холбогдох байнгын хороонд оруулж хэлэлцүүлэхээр заасан байдаг тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгөх хүсэлт гаргасан юм.

 Энэ тухайд Улсын Их Хурлын дарга асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр ярих эсэх нь гишүүний эрхийн асуудал гэдгийг хэллээ. Үүгээр чуулганы  үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.