Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол өр боллоо
2015.10.09

Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол өр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн 2016 оны төсвийн хуультай холбогдуулж асуулт, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Аль болох бүсээ чангалсан төсөв батлах гэж байгаа мөртлөө зарлага яагаад нэмэгдээд байгаа юм бэ. Зарлагын өсөлт юунаас их хамаарч байна вэ гэдэгт хариулт өгнө үү.  2015 онд эдийн засгийн өсөлтийг 7,1 хувьтай байна гэж тооцсон. Бодит байдал дээр 2,5-3 хувьтай гарахаар байгаа. Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг бүгд хүндрэлтэй байна. Ирэх жил ч муу байна гэсэн таамаглал гарч байгаа. Үүнтэй холбогдуулж үзвэл Монгол улсын эдийн засаг ч таагүй байхаар харагдаж байхад яагаад ийм өөдрөг таамаглал гаргаад байна ?

Өөдрөг гэдгийг тоо баримтаар тайлбарлавал 2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Тухайн үед өрхийн бодит орлого 45 хувиар нэмэгдэж байв. Малчин нэг төлгөөр гурван уут гурил худалдаж авдаг байсан бол одоо нэг төлгөөр нэг уут гурил авах хэмжээнд хүрлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Санхүүжилтийн 4,2 тэрбум долларыг Рио Тинто толгой компани ашиглаад, санхүүжилтийн баталгааг Оюутолгой төлөх болсныг юу гэж үзэж байна вэ. Зөвхөн баталгааны хураамжинд гэхэд л 536 сая төгрөгийг төлөхөөр байна. Оюутолгойн төслийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Улсын хэмжээнд 96 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг сардаа авдаг. Сардаа энэ хэмжээний тэтгэврээр амьдрахад амаргүй. Сүүлийн гурван жилд бараа, бүтээгдэхүүний үнэ асар их өссөн. 96 мянган ахмад настны тэтгэврийг тус бүр 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийтдээ 34.8 тэрбум төгрөг шаардлагатай. УИХ-аас архи, тамхины Онцгой албан татварыг бууруулах хууль баталсан. ОАТ-ыг 25 хувиар бууруулсан. Үүнийгээ буцаагаад өөрчилье. Архи, тамхины ОАТ-ыг 25 хувиар бууруулахаас өмнө төсөвт жилдээ 320 тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Бууруулснаар татварын хэмжээ 62 тэрбум төгрөгөөр багассан. Эндээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх боломж байна гэдгээ Сангийн яамныханд санал болгож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төсвөө, Мөнгөний бодлоготой хамт хэлэлцэх шаардлага байна. Хамгийн их санаа зовоож байгаа юм өр боллоо. УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч өрийн дарамт сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн. Тоо том байна ч гэж тоохоо болилоо. Өнөөдрийн байдлаар 21 тэрбум ам.доллартай тэнцэх өр бий болсон. Зээлийнх нь хүүд нийт төсвийнхөө дөрөвний нэгийг өгнө. 2017, 2018  онд нийт төсвийнхээ орлоготой дүйх 7-8 их наядыг төлөх болж байна. Тийм учраас 2016 оныхоо төсвийн алдагдлыг бууруулж, 2 хувьтай батлах шаардлагатай байна. Төсөв дээр реформ шинэчлэлээ эхлүүлээч ээ. Өнгөрсөн жил төсвөө батлахдаа нэг их наядаар илүү хөрөнгө оруулалт баталж, төсвийн тодотголыг хэд, хэдэн удаа хийх нь хариуцлагагүй явдал. Тооцоо судалгаа муу байна. Хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх цаг болсон. Төсөв дээр хэмнэлт хийхээр оруулж ирсэн иргэний зоригийг тань үнэлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын зарчмаа шинэчил.

Өнгөрсөн жил 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан бүсэд эмчилгээ оношлогооны төв байгуулсан. Одоо тэгтэл тоосонд дарагдаад байж байна. Зардлыг нь төсөвт суулгаагүйгээс. Маш үнэтэй аппаратууд ажиллахгүй байна. урсгал зардал нь 1 тэрбум, нийтдээ 6 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай. Ингэчихвэл орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу ирж, зардал чирэгдэл болохгүй”.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бондын хүү, зээлийн хүү, өрийн зарим хэсэг, концессийн гэрээгээр хийсэн ажил үйлчилгээний төлбөрийг төлөх гээд нилээн асуудлууд бий. Энэ бүгдийг бүрэн тооцож чадсан уу? Дахин тодотгол хийх шаардлага гарах вий дээ. Эдийн засаг уруудах хандлагатай үед орлого эрс буурна. Бүгдийг нь тооцож чадсан уу гэдэгт их эргэлзэж байна” гэлээ.

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна.