Г.Шийлэгдамбыг огцруулах тогтоолын төслийг өөрийн гараар өргөн барина
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын зардлыг танасанд олон гишүүн шүүмжлэлтэй хандлаа. 2015 оны төсвийг тодотгох хуралд Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба ирсэнгүй.
Харин түүнийг орлон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг чуулганд оролцож байна.
Үүнд бухимдсан УИХ-ын гишүүн С.Батцогт “Эмийн төсвийн асуудал яригдаж байна. Эмийн төсөв бол Эрүүл мэндийн яамны шууд хариуцлаггүй байдлаас болсон. Гэтэл одоо УИХ-ын буруу юм шиг. Хөдөө тойрогтоо очихоор сонгогчид загнаад байгаа. Эмнэлэгүүд баларч байна.
Маш их эмийн өртэй боллоо. Эмийн төсөв хангалтгүй байна гэдэг. Сайд нь яг хэрэгтэй үед дэмий тэнээд алга болчихдог. Сайд нар нь байх ёстой. Хаашаа явчихсан юм.
Эрүүл мэндийн сайдаа дуудаж авч ир. Авч ирэхгүй бол төсөв ярих шаардлага байхгүй. Хамгийн баларсан төсөв энэ эрүүл мэндийн салбарт байгаа. Би тун удахгүй эрүүл мэндийн сайдыг огцруулах тогтоолын төслөө өөрийн гараар өргөн барина гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна Ерөнхий сайдаа. Энэ салбарыг үнэхээр дампууруулж дууслаа. Арай дэндэж байна” хэмээн бухимдсан юм.