Баянзүрх дүүргийн Монгол Консерватив нам байгуулагдлаа
Баянзүрх дүүргийн Монгол Консерватив намын даргаар Б.Тунгалаг сонгогдож, дүүргийн дэд даргаар Ж.Чулуунбилэг, Д.Оюунчимэг нар сонгогджээ.
2015.10.05

Баянзүрх дүүргийн Монгол Консерватив нам байгуулагдлаа

Монгол Консерватив нам салбар намуудаа байгуулах ажилдаа ханцуй шамлан орсон байна. Энэ сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол Консерватив намын анхдугаар хурал хуралдаж зохион байгуулалтанд оржээ.

Уг хуралд тус намын дарга Н.Дашдаваа, тэргүүн дэд дарга Д.Алтангэрэл, Нийслэлийн намын дарга Б.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр болон бусад удирдлагууд оролцлоо. Намын дарга Н.Дашдаваа хэлсэн үгэндээ: “...Монголын улс төрд шинэ соёл, шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр манай нам байгуулагдсан.

Монголын бохир улс төрийн өөрчилж, хуйвалдааныг илчлэх гэж бид бид нэгдсэн. Бидэнтэй нэгдэж та бүхэнд талархал илэрхийлэе. Хэсэг бүлэг хүмүүс биш Монголчууд хамтаараа сайхан амьдрах ёстой.

Цэвэр,аалзны тороноос ангид улс төрийн хүчин л үүнийг хийж чадна. Ахмадууд та бүхэн үр ачийнхаа төлөө, залуучууд бид Монголын маргаашийн төлөө санаа тавих цаг болжээ. Яриад суух биш хамтраад үйлдэл хийх хэрэг гарч байна.

Бид өөрийн үзэл баримтлалтай, үндэсний үнэт зүйлээ хамгаалан түүнд тулгуурласан бодлоготой. Монгол орныг хөгжүүлэх 2050 хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө олон нийтэд түгээх, танилцуулах гол нэгж болох салбар намуудаа байгуулах бэлтгэл ажил дуусаж ажил хэрэг болж эхэллээ.

Баянзүрхчүүдээ төлөөлж ирсэн та бүхэнтэй хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшүүлэх төлөө зүтгэе..,” Баянзүрх дүүргийн Монгол Консерватив намын даргаар Б.Тунгалаг сонгогдож, дүүргийн дэд даргаар Ж.Чулуунбилэг, Д.Оюунчимэг нар сонгогджээ.

Б.Тунгалаг: “...Би шударга хүн. Энэ нийгмийн муу муухай юмны дэргэд, түүнийг хүлээн зөвшөөрөөд сууж чадахгүй байна. Тиймээс би шийдвэрээ гаргасан. Би үр хүүхдээ, та бүхний үр хүүхдийг сайхан нийгэмд амьдруулахын төлөө тэмцэнэ. Ийм нийгэмд амьдармааргүй байна. Бид илүү хангалуун, сайхан нийгэмд амьдар боломжтой. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх замаар бий болгохыг хүсэж байна..,”гэлээ.