ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.10.05

ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүдийн талаар хэлэлцэж бүлгийн зүгээс дүгнэлт гаргасан байна.

Мөн орон нутагт хийгдэж буй томилгоонуудыг хууль бус гэж үзэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар мэдээлэл өглөө.

 МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Үндсэн хуулийн цэцийн сүүлийн үед гаргаж байгаа дүгнэлт захиалгатай, тодорхой улс төрийн зорилготой, арай ч дээ гэж хэлмээр дүгнэлтүүд гардаг болсон байна. Өнгөрсөн хавар Р.Гончигдорж гишүүний нэхэмжлэлээр цэц дүгнэлт гаргасан. УИХ-ын гишүүд гуравны хоёроор шийддэг асуудлыг бүгдийг нь хүчингүй болгосон. Үүн дотор өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал.

Өрийн таазыг 3/2-оор нэмэгдүүлэхэд сөрөг хүчний оролцоотойгоор шийддэг байсан бол өнөөдөр дур мэдээд өөрсдөө шийдэх эрхийг нээж өгсөн. Сайдыг УИХ томилдог мөртлөө томилсон сайддаа хариуцлага тооцох асуудлыг хаасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан байгаа. Хариуцлагагүй нэг сайдыг огцруулах биш Засгийн газрын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөндөх Цэцийн дүгнэлт гарсан.

Гэтэл өнөөдөр бидэнд ирсэн материалаас харахад сонгуульд нэр дэвшихдээ төрийн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа ашиглах, ард түмэнтэйгээ жирийн иргэнтэйгээ ижил сонгуульд оролцох биш эрх барьж байгаа намд, төрийн албан тушаалтнуудад давуу тал олгох дүгнэлтийг цэц гаргасан байна” гэлээ.

 Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Орон нутгуудийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа асуудлыг ярьсан. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх ёстой гэдэг удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийг ярилцсан. Дундговь аймагт хууль бус ИХ-ын шийдвэрээр Засаг даргыг нь өөрчилсөн. Үүнийг хуульд нийцүүлэхийг шаардаж байгаа. Говьсүмбэрт албан ёсны дөрвөн тойрог дээр дөрвөн сонгууль болсон.

Дахин сонгуулийн дүн гараад дөрвөн сар болж байгаа хэдий ч эрх барьж байгаа хүмүүс нь АН-ын хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн эрхийг баталгаажуулахгүй байгаа. Дархан-Уул аймаг дээр хууль бус хурал болсон. Захиргааны хэргийн шүүхээр баталгаажуулсан. Тэр шийдвэрүүдийг бүгдийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь хуралдаан дээр орж ирээд тийм тийм хүмүүсийн эрх хүчингү шүү гэж хэлсэн байгаа юм. Бид өнөөдөр улс төрийн хүрээнд урвадаг, шарвадаг байдал хэрээс хэтрээд монголын төрийн нэн тэргүүнд анхаарлаа хандуулах асуудлын нэг боллоо.

Цаашид ийм байдлаар явж болохгүй юм байна. Аль намаас ИТХ-ын дарга, засаг дарга байх нь чухал биш, бүх зүйлийг хуулийн хүрээнд хийгээч ээ. Төрийн ажлыг төрийнх нь шугамаар, хуулийнх нь хүрээнд явуулдаг байя. Одоо улс төрийн өнцгөөр хандаж, улс орон дотор таагүй уур амьсгал бүрдүүлээд байгаа орон нутгууд руу талцал хагарал үүсгэж өөгшүүлээд байгааг зогсоогооч ээ гэдэг шаардлага хүргүүлнэ” гэлээ.

 Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Цэцийн дүгнэлтийг яах вэ. Дараагийн сонгууль болох гэж байхад сонгуулийн маргаан дахиад гарлаа. Яаж засч залруулах вэ?

-С.Бямбацогт: Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр төрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа өмнөх парламентын үед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогүй, өөрсдийнхөө эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас өрсөлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан.

Гэтэл өнөөдөр АН-ынхан олонхи байгаа үедээ, эрх барьж байгаа үедээ бусдыг нь явганаар сонгуульд өрсөлдөх захиалга өгсөн. Захиалгыг нь Цэц биелүүллээ. Үүнийг УИХ хүлээж авахгүй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нөхцөлөөс сонгуульд оролцох ийм зарчмыг барьсан байх ёстой. 

Хоёрдугаар асуудлын тухайд, парламент бүрэн эрхийнхээ хүрээнд сүүлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахаар маргаан үүсгэсэн нь утгагүй. Эрх баригч нарын захиалгатайгаар ийм маргаан үүсгэлээ гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна.

 -Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал ямар албан тушаалтнууд ажлаа хүлээлцэхгүйгээр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг вэ?

 -Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд өрсөлдөх болно.

 -Бүлэг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төсөл, 2016 оны Мөнгөний бодлогыг хэлэлцсэн үү?

 -2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого бидний гарт ирээгүй байна. 2016 оны төсвийн хуулийн төсөл дөнгөж сая бидний гарт ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахдаа төсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн. Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд.

Тэгэхэд өнөөдөр бүлэг хуралдахад дөнгөж сая 2016 оны төсвийн хуулийн номыг өглөө. Одоог болтол 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого ирээгүй байна. Гэхдээ бид Мөнгөний бодлогоор Б.Чойжилсүрэн гишүнээр ахлуулсан ажлын хэсэг,  төсвөөр Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажилдаа орохоор боллоо.