Засаг захиргааны нэгжээ өөрчлөх ёстой гэв
Өргөдлийн байнгын хороо
2015.09.25

Засаг захиргааны нэгжээ өөрчлөх ёстой гэв

Өргөдлийн байнгын хорооноос  "Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, нийслэлийн хороод болон Орхон аймгийн багийн Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн хэлснээр УИХ-д ирүүлж буй өргөдлүүдийн чанар эрс сайжирчээ.

Тодруулбал, Өргөдлийн байнгын хороо нь өнгөрсөн хугацаанд жилд 3000-4000 өргөдөл хүлээн авч шийдвэрлэж ирсний 95 орчим хувийг хувийн буюу ахуйн шинжтэй хүсэлтүүд эзэлдэг байсан бол энэ он гарсаар хүлээн авсан 2000 орчим өргөдлийн 25 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн байсан аж.

Тэрбээр "Энэ нь иргэд хамтран эрх ашгаа хамгаалах, хууль тогтоох үйл ажиллагаанд зөв хэлбэрээр оролцох хандлага нэмэгдсэнийг харуулж байна. Гэвч мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд орох зэрэг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн цаг хугацаа алдаж, олон шат дамжлагаар явж иргэдэд хүндрэл учруулж байна.

Өргөдөл доод шатандаа бүрэн гүйцэд шийдвэрлэгдэхгүй байгаагаас УИХ-д шууд хандах, эргээд л дамжин цохогдоход хүрч байна. Тиймээс цаашид иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат шатандаа бүрэн судалж, зохих ёсоор шийдвэрлэх, энэ талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллах шаардлагатай байна" хэмээн онцолсон.

Үүний дараа гишүүн Ж.Батзандан "Шинэ хороо" хөдөлгөөний талаар оролцогчидтой санал бодлоо хуваалцахдаа хорооны хөгжлийн асуудлыг нийгэм-эдийн засаг болон улс төрийн талаас хөндөж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Булган аймгийн нутаг дэвсгэрт Орхон, Сэлэнгийн нутагт Дархан-Уул харьяалагдаж буй байдлыг өөрчлөхгүй бол аймаг нь хот болж хөгжиж болдоггүй, засаг захиргааны анхан шатны нэгжид ихээхэн ачаалал үүсэж буйг дээрх аймгуудаас ирсэн төлөөлөл онцолж байлаа. Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаг захиргааны нэгжээ эргэж харах ёстойг тэд хэлж байсан.

Мөн хороодын хэсгийн ахлагч нарын цалинг юмэхэд анхаарахыг хүсэв. Хэсгийн ахлагчийн сарын цалин 192.500 төгрөг аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тэдний эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор цалинг нэмэх боломжгүй гэнэ.

Гэхдээ хэсгийн ахлагчийн цалинг нэмэх шаардлага байгааг хаана хаанаа ойлгож байгааг гишүүд болон албаны бусад хүн хэлж байсан. Харин нийслэлийн хороодод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу талаар цөөнгүй оролцогч гомдоллосон.