Ил тод байдлын хууль гарснаар уул уурхайн орлого зөв хуваарилагдана
Монгол Улс байгалийн асар их баялагтай орон. Байгалын баялагын олборлолт түүний үйл ажиллагааг ил тод болгох асуудал сүүлийн жилүүдэд их яригдах боллоо.
Тиймээс Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуультай болох шаардлага нийгэмд үүсээд байгаа юм. Энэ талаар Хариуцлагатай Уул Уурхайн санаачилга ТББ-ын тэргүүн док Л.Долгормаатай ярилцлаа.
Ил тод байдлын тухай хуулийн хэрэгцээ шаардлага одоогийн нийгэмд хэр байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье ?
Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон нөөцтэй ордууд илэрч байгаа. Бид байгалийн баялгийг ашиглахыг зүйтэй гэж үзэж байгаа юм. Гэхдээ гол нь зохистой хуулийн дагуу ашиглах ёстой. Үүний тулд хууль байх шаардлагатай. Хуулийн үндсэн зохицуулах асуудал бол тайлан, татварын асуудлыг ил тод болгох юм. Сүүлийн жилүүдэд манайд том жижиг, үндэсний болон гадны хөрөнгө оруулалтай олон үйлдвэр олборлолт явуулж байна. Гэтэл эдгээрийн үйл ажиллагаа ялангуяа төлбөр, хураамжийн төлөлтийн тодорхой бус байдал байсаар байна.
Энэ асуудлаас болоод өнөөдөр зарим томоохон төслийн үйл ажиллагаа удааширч цаг алдах, ойлголцохгүй байх үүний үр дүнд эдийн засгийн үр ашиг алдагдах гэх мэт олон сөрөг нөлөөлөл гарч л байна. Иймд олборлох үйлдвэрийн ил тод байх тухай хуулийг гаргах нь манай улсын тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Бусад оронд ч ийм хуулийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөр байсан учраас олон улсын байгууллага хүртэл байгуулан, тодорхой стандарт хүртэл гаргасан байдаг. Ардчилалын нийгэмд ялангуяа төр, ард түмний өмч, хөрөнгөтэй холбогдох үйл ажиллагаанд төр голлох бус олон нийтийн оролцоо санал зөвлөмжийг чухалчлан үзэх зарчим баримталдаг. Сүүлийн үед эрдэс баялгийн салбарын ил тод биш байдал нь авлигатай байна гэсэн хардлагыг төрүүлж байна.
Ийм сөрөг хандлагаас үүдээд компаниуд болон нутгийн иргэдийн хоорондын зөрчил ихсэж байгаа. Тиймээс хуульчлах шаардлагатай. Харин хуультай болсноор эдийн засгийн хувьд зөв зохистой урсгалыг бий болгож, орлогын мөнгөн дүн зүй зохистой хуваарилагдах үндэслэл бүрдэнэ.
Сүүлийн үед эрдэс баялгийн салбарын ил тод биш байдал нь авлигатай байна гэсэн хардлагыг төрүүлж байна
Энэ хууль боловсруулахтай холбогдон олон талын оролцоотой уулзалд зөвлөгөөн хэд хэдэн удаа болсны үндсэн дээр тусгайлан хууль байх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд бид энэ олборлох үйлдвэрийн хуулийг бүтэн жил боловсруулсан. Холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, агентлаг, ТББ, компаниуд гээд олон талын оролцоотойгоор баг гарган ажиллалаа. Одоо энэ хууль “Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай” хууль гэсэн нэрээр УИХ-д өргөн баригдсан байгаа. Бид энэ хуулийг эрхэм гишүүд батлагдах байх гэсэн итгэлтэй байна.
Хуулийн гол үзэл баримтлал болон ач холбогдлын талаар тодруулбал ?
Хуулийн гол үзэл баримтлал нь хүн бүхэнд ойлгомжтой товчхон. Манай байгууллага хариуцлагатай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санаачлага гаргасан үүнийг Засгийн газраас дэмжиж Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “... хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, тэдгээрийн зарчмууд болон стандартыг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого”-ын 3.1.7 -д “ил тод байдлын болон хариуцлагатай уул уурхай, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг олон улсын санаачлагыг дэмжин хөгжүүлэхээр заасан байдаг. Хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад хөгжүүлэх 8 зарчмын зарчмын нэг нь ил тод, нээлттэй байх зарчим. Энэ зачмын гол агуулга нь уул уурхайн компаний нийгэм эдийн засаг, байгаль орчинд нөлөөлөх чиглэлээр гаргаж буй шийдвэрүүд, явуулж буй үйл ажиллагаа нь олон нийтэд хэзээд нээлттэй, үнэн бодитой, тайлагналтай байх ёстой гэж заасан байдаг.
Иймд “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль” –ийн гол зорилго нь эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм. Хууль дөрвөн бүлэгтэй байна.
Нэгдүгээр бүлэгт : Нийтлэг үндэслэл. хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хуулийн нэр томъёоны тодорхойлолт гэсэн таван зүйлтэй байна
Хоёрдугаар бүлэгт: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт байх ба үүнд эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллага, түүний бүрэн эрх болон ил тод байдлын тайлан гаргагчдын эрх, үүргийн талаар нийт дөрвөн зүйлийг тусгана.
Гуравдугаар бүлэгт: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тайлангийн талаар дэлгэрэнгүй зохицуулалтыг тусгах бөгөөд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон төрийн байгууллагын зүгээс гаргах ил тод байдлын тайлан, тэдгээрт үндэслэн Үндэсний зөвлөлөөс нэгтгэн гаргах ил тод байдлын нэгдсэн тайлан, тэдгээрт тусгах мэдээлэл, тайлан гаргах хугацаа болон ил тод байдлын тайлан хоорондын зөрүүг тулган шийдвэрлэхтэй холбоотой таван зүйлийг тусгана.
Дөрөвдүгээр бүлэг: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллагын санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болгохтой холбоотой гурван зүйл тусгана.
Компаниуд, уул уурхайн үйл ажиллагаанаас тухайн жилд улс, орон нутагт төлсөн татвар, төлбөр, хураамж, хандив, дэмжлэгийн дүнгээ тайлагнаж нөгөө талаас Засгийн газар нь тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнаж хоёр талын тайланг хөндлөнгийн аудитор тулган нэгтгээд нэгдсэн тайлан гарган нийтэд ил тод мэдээлж байх явдал юм.
Үүний тулд олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)- ыг (Олон улсын хэмжээнд уул уухайн салбар дахь ил тод байдлыг хангах үйл ажиллагааг энэ нэр томьёоллоор нэрлэж байгаа)
Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга хэрэгжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Ингэснээр улс орны хөгжлийн үндсэн салбар болох уул уурхайн үйл ажиллагаа, нөгөө талаас засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг уялдуулан орлогын буруу зарцуулалтыг зогсоож чадсанаар нийгмийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх юм.