"Налайх дүүргийн хөгжил ба хариуцлагатай уул уурхай" сэдвээр илтгэл тавилаа
"Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь" онол практекийн Х дугаар хурал/2015/-д УИХ-ын гишүүн Д.Ганхуяг НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ БА ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хатагтай, ноёд оо!
Эрхэм зочид, төлөөлөгчид өө!
Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр 10 дахь жилдээ болж байгаа энэхүү арга хэмжээнд оролцогч Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
“Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдвээр зохион байгуулж байгаа энэ удаагийн онол-практикийн бага хурал Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 93 жил, Налайхын уурхайг ашиглаж эхэлсний 100 жилийн ойн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Миний хувьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан, түүнчлэн энэ арга хэмжээ нь миний сонгогдсон тойрог Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байгаа учир оролцож байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 154 дүгээр тогтоолоор Налайхын нүүрсний уурхай байгуулагдсаны 100 жилийн ойг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 88 дугаар зарлигаар Налайхын Их Уурхайг түшиглэн хот байгуулах шийдвэрийг гаргаснаас хойш Налайх хотын хөгжлийн шинэ үе эхэлсэн юм.
Налайх хотын хөгжлийн түүх нь Налайхын уурхайтай салшгүй холбоотой билээ. Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь манай үе үеийн уурхайчид төдийгүй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Налайхын уурхайн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад төр, олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоод, тэдгээрийн хамтын ажиллагаа чухал хувь нэмрээ оруулж байдгийн нэг тод жишээ нь энэхүү онол-практикийн бага хурал юм.
Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх нь бидний өмнө тавигдаж байгаа томоохон зорилт болж байна.
Миний бие 2012-2014 онд Уул уурхайн сайдаар ажиллаж, салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох ажилд гар бие оролцсон. Энэ хугацаанд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах урт хугацааны бодлого, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай,Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай,Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Урт нэртэй” хууль /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд УИХ-аар батлагдсан билээ.
Эдгээр хуулиуд батлагдсанаар хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг Уул Уурхайн салбарын эрхзүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай, ойлгомжтой болсон.
Энэ дашрамд Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих, салбарын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр өнөөгийн байдлаар гарсан эерэг дүнгийн талаар товчхон мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаанд нэгдсэн бодлоготой болж, улмаар экспортолж буй түүхий нефтийнхээ оронд бензин, шатахуун авдаг болсноор энэ худалдааны нэг орны нэг компаниас хараат байдал үндсээрээ өөрчлөгдсөн. Мөн бензин, шатахууны үнийг түүхий нефтийн биржийн үнэнээс олон улсын аргачлалаар тооцдог болсноор, өнгөрсөн хугацаанд хилийн үнийг дунджаар 250ам.доллараар бууруулсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2012 оны 11 сараас 2014 оны 12 сарын хооронд жижиглэнгийн худалдааны бензиний худалдан авалтад иргэдээс гарах зардлыг ойролцоогоор 1 их наяд төгрөгөөр бууруулсан юм.Түүнчлэн шатахууны нөөцийг 60 хоног болгож нэмэгдүүлсэн.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай бие даасан хуулийг батлуулснаар эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг орон нутагт шилжүүлэх замаар их бүтээн байгуулалтыг дэмжих тогтолцоог бий болгосон. Ингэснээр элс, хайрганы үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна.
Олон жил яригдсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар, энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Энэ хууль батлагдсанаар олборлож байгаа газрын тосноосоо баялагийн эзэн Засгийн газар нөөц ашигласны төлбөр авахаар болсон. Мөн "Уламжлалт бус газрын тос хэмээх" эдийн засгийн шинэ салбар хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ салбарт газрын тосны үнэ буурсан ч хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.
Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор 2013 онд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан. Энэ хуулиар "Алт олборлогчид нь олборлосон алтаа Монголбанкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөр/НАТ/-ийг 2.5 хувиар тооцох, харин Монголбанкинд худалдахгүй экспортолсон тохиолдолд хуучнаараа буюу 10 хувиар тооцож НАТ (суурь роялти 5 хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь) -ийг авах" харилцааг зохицуулсан. Энэ хууль хэрэгжсэнээр 2014 онд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ 13.8 тонн болж, өнгөрсөн жилүүдийн дунджаас даруй 2.7 дахин нэмэгдсэн. Ийнхүү Монголын алт Монголдоо үлддэг боллоо.
Өнгөрсөн зуунд ямарч алт олборлодог орон алтаа төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр алт нь шууд гадаад валют болдог тул, төв банкныхаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж ирсэн байна. Алт худалдаанд ил тод байдал бүрдсэнээр өнгөрсөн 3 жилтэй харьцуулахад 2014 онд Монгол банкны гадаад валютын нөөц 300 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн байна.Төв банкинд тушаагдах алтны хэмжээ өсөх тутам гадаад валютын нөөц нэмэгдэх, валютын ханш тогтворжих, улмаар эдийн засгийн баталгаа сайжрах, эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой байх боломж бүрддэг.
Ашигт малтмалын тухай хуульд "Хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон газар нутагт солбилцлоор эмх замбараатай хяналттай олгож эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх "зэрэг зорилгоор өөрчлөлт оруулсан.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилцолоор олгож эхэлснээс хойш 470 орчим тусгай зөвшөөрөл олгогдсон ба үүний 60 гаруй хувийг дотоодын аж ахуйн нэгж, үлдсэн 40 орчим хувийг гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай ААН гэж авсан гэсэн мэдээлэл байна.Мөн стратегийн ордод төр өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах эрх зүйн орчин бүрдсэн.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон.
Мөн уул уурхайн байгаль орчин, нөхөн сэргээлт, хаалт буюу хариуцлагатай уул уурхайн гол хэсэг болох байгаль орчныг хамгаалах талаар тодорхой зарчмын заалтууд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуульд тусгагдсан. Тухайлбал, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн журмыг геологи, уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран батлах, мөн компаниуд байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт хариуцсан ажилтантай байх, уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбогдсон мэдээллийг тогтсон хугацаанд төрийн холбогдох байгуулагад ирүүлж байхаар хуульчлагдсан.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны дунд үеэс Налайхын Их уурхай хаагдсан боловч жижиг уурхай, түгээмэл тархацтай ордуудын олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь Налайхчуудын амьжиргааны эх үүсвэр байсаар байна.
Өнөөгийн байдлаар Налайх дүүргийн хэмжээнд ашигт малтмалын нийт 87 тусгай зөвшөөрөл олгогдсоноос: хайгуулын 15, ашиглалтын 72 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс нүүрсний 36 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 33 аж ахуйн нэгж эзэмшиж, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 гаруй аж ахуйн нэгж байна.
Гэвч дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа хэдий ч Налайх дүүргийн гол ажлын байр байсаар байна. Дүүргийн Статистикийн хэлтсийн судалгаагаар уул урхайн салбарт 3380 гаруй иргэн ажиллаж байна.
“Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн аюулгүй ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тодруулан тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж, шийдвэрлэх, мөн тус ордод нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг холбогдох газруудад даалгасан.
Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2013-2015 онд Налайхын уурхай орчмын 6 га эвдэрсэн талбайд 55,6 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээд байна.Түүнчлэ 30 га газрын нөхөн сэргээлтийн зардалд Уул уурхайн сайдын 2013 оны төсвийн багцаас 240 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, ажлын даалгаврыг боловсруулан Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн боловч энэ ажлын хэрэгжилт хангагдаагүй юм. Налайх дүүргийн хэмжээнд 180.3 га эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд 1,135.0 сая төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.
“Сүмбэр Худаг” ХХК Налайхын нүүрсний ордын баруун урд хэсэгт нарийвчилсан хайгуул хийж, тогтоогдсон нөөц (23.4 сая тн)-д тулгуурлан Налайхын гүний уурхайг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл (800-1000 мян.тн/жил)-ийг боловсруулаад байна.Тус уурхай ашиглалтад орсноор 400-500 ажлын байр шинээр бий болох юм.
Мөн Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэлийн парк байгуулах /16 үйлдвэрт 950 ажлын байр шинээр бий болно/ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Мөн Налайх дүүрэгт Шинэчлэлийн засгийн газрын үед Герман улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Уул уурхайн технолгийн дээд сургууль байгуулагдсаныг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улсын хэмжээнд 2015 оны байдлаар уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 29783 га талбай эвдрэлд орсон байгаагаас үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эвдрэлд оруулсан талбай 26123 га, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай 15163 га, биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 7856 га байна. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт 50 орчим хувьтай байна.
Уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, 2014 онд 960 га талбайд нөхөн сэргээлтийн ажил /үүний 322 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн/хийгдэж, түүнд 11.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монгол улсын төр, засгаас Уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн Олон талын оролцоог хангах, Ил тод нээлттэй байх, Хуулийг сахин дээдлэх, Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах,Үр өгөөжтэй байх, Ёс зүйтэй байх, Дэвшилтэт технологид суурилсан байх зэрэг зарчмуудыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбараа хариуцлагатай уул уурхайн зарчмаар хөгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой. Хариуцлагатай Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хариуцагч нь бол тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж өөрөө байх учиртай тул энэ үүргийг хэрхэн хуульчилсан талаар дээр дурьдсан. Иймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө байсан уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг голлон хариуцагч нь нийслэлд байрладаг төрийн захиргааны байгууллагууд ( БОНХЯ, УУЯ, МХЕГ, АМГ ) юм шиг ойлголтоос салах хэрэгтэй юм. Мөн эдгээр төрийн захиргааны байгууллага, дээр нь орон нутаг нэмэгдэн шил дарсан олон хяналт, шалгалт хүссэн үедээ аж ахуйн нэгжид явуулж байгааг, өнөөгийн байдлаар УИХ-ын хэлэлцүүлэгийн түвшинд байгаа Хяналтын тухай хуулиар ойлгомжтой нэгдсэн зохион байгууалттай болгож өөрчлөх шаардлагатай болсоныг хэлэх байна. Хариулагатай уул уурхайг хөгжүүлэхэд УИХ-д өргөн баригдсан Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг яаралтай батлах хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн орлого, зарлагын байдлаас гадна, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлого, энэ орлогын зарцуулалттай холбогдсон мэдээлэл, түүнчлэн уурхайн хаалт, нөхөн сэргээлттэй холбогдсон мэдээлэлийг нэг цэгээс авах боломжтой болох юм.
http://parliament.news.mn/content/222530.shtml
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү