“Шилмэл мал-2015” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Гайхмаар том гахай байна аа. Хүүхэд байхдаа хөөж тууж тоглодог байсан гуу жалгаар нутагтай лоолойнуудыг бодоход хоёр дахин том аж. Ер нь тэдэнтэй биш шүдлэн үхэр ч юм уу, бяруутай жишвэл дүйнэ вий. “Шилмэл мап-2015” үзэсгэлэнгийн хашаа олны хөлд дараастай өнжив.
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилмэл мал' үзэсгэлэн энэ жил Яармагийн морин тойруулгын дэргэдэх хашаанд нээлтээ хийлээ. Нээлтэд ХХААЯ-ны сайд Р.Бурмаа болон бусад албаны хүмүүс үг хэлэв.
Өнгөрсөн жил хүй долоон худагт зохион байгуулж байсан бол өнөө жил олон нийтэд илүү ойртон хамрах хүрээгээ өргөжүүлж байгаад үзэсгэлэнд оролцогчид болоод иргэд ам сайтай байв. Энэ жил аймаг сум, дүүрэг бүрээс 1300 гаруй толгой шилмэл мал уг үзэсгэлэнд оролцож байгаа аж. Таван хошуу малаас гадна тахиа, гахай, галуу, нугас, тогос, туулай зэрэг зүсэн зүйлийн ашиг шимтэй тэжээвэр амьтад олны нүдийг хужирлана.
Олныг шагшин шуугиулсан мөнөөх гахайнууд махны чиглэлийн эрлийз үүлдрийнх аж. Гахай нь маллагааны нарийн технологи шаарддаггүй, түргэн өсдөг, тэжээл болон хөдөлмөрийн зардлын төлц сайн зэрэг биологийн үнэт онцлогуудтай гэнэ. Тухайлбал, сайн арчилгаа маллагаатай байсан мэгж нэг удаагийн төллөлтөөр 10-12, цаашилбал 15-16 торой төрүүлдөг аж. Хээл тээх хугацаа нь дунджаар 114-116 хоног бол хөхүүл хугацаа нь 60 хоног байдаг юм байна. Үзэсгэлэнд “уригдан” ирсэн гурван гахай 15 сартай бөгөөд амьдын жин нь 200 гаруй кг гэж эзэн ньтайлбарлав.
Үржлийн насан дэрээ байгаа махны чиглэлийн нэг бодон 1,4 сая төгрөгийн үнэтэй аж. Эзэн нь тэднийг хүүхэд аргадах мэт аргадаж, заримдаа загнаж зандарна. Мөн гурвуул үржлийн насан дээрээ яваа болохоор эв түнжин муутай, сав л хийвэл хашааныхаа завсраар хадралцана. Тэгж байтал зэргэлдээх хоосон байсан хашаанд “зочид” ирлээ. Ой дөрвөн сартай бодон, хоёр торойн хамт портер машин хөлөглөн ирлээ. Тэд өмнөх гурван гахайг бодвол зэгэл саарал өнгөтэй, арай өөр үүлдрийх аж. Махны чиглэлийн гахай болохоор бие урт, хөлийн чийр лагс бүдүүн харагдана. Гурван сартай торойнууд нь төлгөн хонины дайтай том бөгөөд хашаа руу ормогцоо л газар сэндийчин үндэс түүж идэх ажилдаа орлоо. Харин эцэг бодонгийн уур нь хүрчихээд тэвшнээс бууж өгдөггүй. 250 орчим кгжинтэй гахайгаа эзэн нь буулгах гэж түрж, чирч, загнаж зандарсаар үлдэв.
“Шилмэл мал” үзэсгэлэнгийн хашаанд содон харагдаж байсан бас нэгэн амьтан бол тогос. Нугас, галуу бүхий торон хашаан дотор ганц тогос тонгос тонгос хийн будаа түүж идэх нь “Нугасны муухай дэгдээхий” шиг содон бөгөөд сонихон. Манай оронд тогос байхгүй ч одоо бол байлгаж болдог болжээ. Тогосыг Хятадаас оруулж ирсэн гэнэ. Хятадад баян айлууд нь эдлэн газартаа үзэмж нэмэх гэж үржүүлдэг гэнэ. Баянголын аманд шувууны аж ахуй эрхэлдэг айлын хашаанд ганц эр тогос идээшиж буй нь энэ аж. Удахгүй эм тогосыг нь авч ирнэ. Хосоороо бол орчиндоо хурдан дасдаг амьтан хэмээн н.Сүндэръяа хэмээх бүсгүй тайлбарлалаа. Мөн манай монголчууд ч хос тогосыг хашаандаа тэжээх хүсэл сохирхолтой болсон гэнэ. Намар буга эврээ гээдэг шиг тогос мөн өдөө гээдэг амьтан аж. Тэр тогос хэдийнэ өдөө гээжээ. Эм тахиа, сувдан бөднө зэрэг үзэмж сайтай эм шувуудыг ойртоод ирмэгц шүхэрлэж хамаг өдөө дэлгэх нь үзэсгэлэнтэй харагдана. Ингэж эсрэг хүйстэндээ "сээтэн" хаядаг юм гэнэ. Манайд тогос үржүүлэн зардаг болох цаг ойрхон байгаа бололтой.
Шилмэл мал үзэсгэлэн нь Монгол орны үржил шим сайтай унаган мал болон зарим орноос зориудаар авч ирсэн шилдэг малуудыг танилцуулж нийт улс орныхоо малын удмын санг сайжруулж амьдрах чадварыг нэмэгдүүлэх зорилгыг гол болгодог билээ. бух, азарга, хуц, ухнаа нутаг нутгийн малчид, фермерүүд танилцуулж байлаа. Мөн мах, сүү, ноос ноолуурын чиглэлээр өндөр ашиг шимтэй малаа ч танилцуулж байна. Сүхбаатар аймгаас ирсэн ширүүн ноост Үзэмчин үүлдрийн шүдлэн юм уу, хязаалан насны хонины амьдын жин 87-91 кг хүрдэг байна. Илүү нугаламтай энэ хонины махны гарц улсдаа толгой цохино. Дөнгөж төлөг болж буйнх нь амьдын жин 30 кг, зарим тохиолдолд 35 кг хүрэх жишээтэй гэнэ. Үнийн хувьд махны чиглэлийн Үзэмчин үүлдрийн хуц 700 мянган төгрөг. Мөн Баянхонгорын улаан ямааны ноолуур хамгийн нарийн ширхэгтэй байдгаараа онцлог. Улаан ямааны үүлдэр, хээлтүүлэг сайтай ухна мөн тийм хэмжээний үнэтэй. Мөн Завханы цагаан ямаа сүүний гарц арвин зэрэг нутаг нутгийн мал төрөл тус бүрээр өөрийн гэсэн онцлогтой аж.
Өтөл насан дээрээ хэлэн ыалтай болоог, их хотын дуу чимээнээс холдож, хэдэн малын дэлэн шувтарч
уухыг хүсдэг хижээл насны эмэгтэйчүүдийн сонирхлыг татах хар тарлан үнээнүүд бол Голштем үүлдрийнх. Хятадаас манайд орж ирж буй сүүний чиглэлийн сонгомол үнээ аж. Голштем үүлдрийн гунжин үнээ нэг саалтаар 28-30 литр сүү өгдөг байна.
Өдөрт хоёр удаа саадаг аж. Ийм үнээ 3.5 сая төгрөгийн үнэтэй. Харин Голштем үүлдрийн хар тарлан бух таван сая төгрөг гэж байна. Мөн Францаас онгоц хөлөглөн манай нутгийн хөрсөн дээр буусан Монбилърд үүлдрийн улаан алаг үхрүүд мах болон сүүний гойд сайн гарцтай. Нэг саалтаар хамгийн багадаа 30 литр сүү авна. Харин махны чиглэлдээ бол гунжин үхрийн амьдын жин нь 635 кг-аас дээш гэнэ. Монбилърд үүлдрийн бяруу нь л дөрвөн сая төгрөгийн үнэтэй байна. Энэ жил мал махны үнэ эрс буурч байгаа. Харин мах, сүүний хосолмол чиглэлийн үхрээс сүргээ баяжуулбал нэг талдаа ихээхэн хөрөнгө оруулалт болох мэт санагдсаныг нуух юун.
Бас нэгэн үзэгдэж харагдаагүй шинэ зүйл энэ жилийн үзэсгэлэнд олны анхаарлыг татаж байсан нь үнээны цахилгаан саалтуур. 220 вольтын цахилгаанаар ажиллах уг саалтуур нэг үнээг нэг минутад бүрэн саадаг аж. Ажиллагааны ерөнхий зарчим нь үнээний дэлэнг тусгай хөхөлттэй резинен хоолойд углаад шууд л соруулан саванд юүлчихнэ гэж ойлгож болох юм байна. Ийм цахилгаан саалтуур 1.8-2.4 сая төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байлаа. Мөн малчид, фермерүүдэд банкны лизингээр олгох юм байна. Энэ мэт дуулгах сонин ихтэй “Шилмэл мал-2015” үзэсгэлэн энэ сарын 18-наас 20-ныг дуустал гурван өдөр үргэлжлэх нь ээ. Монгол орон бол мал аж ахуйн орон. Малчин удмын монголчууд уг үзэсгэлэнгээр саатвал урам хугарахгүй нь лавтай биз.