Нөөцийн мах бэлтгэлд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн
Хүнс хөдөө аж ахуйн сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг хүргэе.
-Энэ онд хэдий хэмжээний мах экспортлох квот тогтоосон бэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл жил бүр мах экспортлох квот тогтоодог. Өнгөрсөн онд 64 мянган тонн мах экспортлох хэмжээ тогтоож өгсөн. Гэвч 1800 тонныг л экспортолсон. Гэхдээ ОХУ-д нэг ч тонн мах экспортолж чадаагүй. Тус улс манай нутаг дэвсгэрийг бүхэлд нь шүлхий өвчний голомттой гэж үзсэн юм. Хэдийгээр зөвшөөрөл боломж нь байсан ч нөгөө талдаа шүлхий өвчин гарснаас улбаалж хорио цээр тогтоосон. Мөн мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд олон улсын стандартад тэнцээгүй. Мах экспортлох зөвшөөрөл авсан хоёр л компани байлаа. Энэ онд мах экспортлох стандартад нийцэж зөвшөөрөл авсан олон компанитай болсон. Хоёр хөрштэйгээ хэд хэдэн удаа гэрээ хэлцэл хийлээ. Тухайлбал, ОХУ- ын Хөдөө аж ахуйн сайдтай нэгдүгээр сард уулзсан. Тэгээд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт тавих байнгын төлөөлөгч Элчин сайдын яамандаа ажиллуулах хүсэлт тавьсан. Одоо тус улсын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгч ажиллаж байгаа.
-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, санхүүгийн боломж ямар байна вэ?
-Манай аж ахуйн нэгжүүд "Чингис бонд" болон бусад хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүллээ. Мөн нэмж хөрөнгө оруулалт хийх хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байна. Аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай. Үүнд зарцуулах хөнгөлттэй зээл олгох талаар шийдвэрлэж байгаа. Хөгжпийн банкнаас зээл өгөх шийдвэр гарсан. Гэвч аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутсан асуудал үүссэн. Засгийн газрын баталгаа өгөх гэхээр өрийн таазанд тулчихаад байгаа. Өөр арга зам эрэлхийлж байна. Тэдэнд мах экспортлох хэмжээ хангалттай бий.
-Малчид өртөг зардал өндөр тул малаа вакцинжуулахад хойрго ханддаг гэдэг. Малын эрүүл мэндийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Ихэнх вакциныг улсаас өгдөг. Мөн вакцин тарьсан хөлсийг малын эмч нарт өгч байна. Хамгийн гол нь малчид өөрсдөө чармайх, малын эмч нар идэвх санаачилгатай ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа. Мах экспортлоод өндөр үнээр зарагдаад эхлэхэд мал эмнэлэг сэргэнэ. Малчид малаа эрүүл гэдгийг нотлож байж илүү үнэд хүргэх юм. Нөгөө талаар манай яамнаас эрх, үүргийг тодорхойлсон Малын эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Бүх зүйлийг төр нуруундаа үүрч яваад байж болохгүй. Аль аль талдаа хариуцлагатай байх нь чухал. Мэдээж гоц халдварт өвчин гарвал төр үүргээ гүйцэтгэж ажиллана.
-Энэ өвөл зуд болох дохио өгч байна гэж байгаа. Тэгвэл дотоодын хэрэгцээнд мах бэлтгэх үү?
-Дотоодын хэрэгцээнд мах нөөцлөнө. Засгийн газар дотоодын хэрэгцээнд зориулж мах нөөцлөхөд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн. Махны холбоотой гэрээ хэлцэл хийж зоорь, агуулахаа шийдэж байна. Энэ онд стандартад нийцсэн агуулахын тоо нэмэгдэж. Өвөлжилт хүндэрч магадгүй тул манай яам малын тэжээл, өвс урдынхаас илүү их базаах бодлого баримталж байна. Мөн хүнсний гол бүтээгдэхүүн гурил, будааны нөөц хангалттай базааж үнийг нь тогтвортой байлгах зорилт тавьж байгаа юм. Одоо өвс, тэжээл хадлан бэлтгэх ажил хэвийн байна.