Хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нэвтрүүлнэ
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.09.17

Хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нэвтрүүлнэ

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Р.Бурмаа сайд монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хөрш орнууд цаашлаад япон, солонгос, Европын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ.

Ингэхдээ нөөц бололцоог ашиглаж бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн евро стандарт бүхий техник, технологи нэвтрүүлэх Польшийн талаас техник туслалцаа авах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Мөн бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн онцлогтой Монгол Улсад хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж бийг дурдаад энэ чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм.

Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчак Евро стандарт бүхий монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гуравдагч оронд экспортлох, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг бүрэн дэмжиж өөрийн хувь нэмрийг оруулан ажиллахаа илэрхийллээ.