ДМЭМБ-ын 29 дүгээр чуулган болж байна
2015.09.15

ДМЭМБ-ын 29 дүгээр чуулган болж байна

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган энэ сарын 14-18-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдаж байна.

Энэхүү хурал нь хоёр жил тутамд тухайн бүсийн гишүүн аль нэг оронд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа Монгол Улсын Засгийн газар зохион байгуулагч орноор ажиллаж байна.

Хуралд Ази, Номхон далайн бүсийн гишүүн 36 орны Малын Ерөнхий эмч нар, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал доктор Вернард Валлат, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Бүсийн 29 дүгээр чуулганы эхний өдөр ДМАЭМБ, Билл, Мелинда Гейтсийн сантай хамтран “Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар Мал эмнэлгийн салбарыг дэмжих нь” семинарыг зохион байгуулсан. Энэ үеэр Мал эмнэлгийн салбарын төр хувийн хэвшлийн түншлэл, Үндэсний мал эмнэлгийн чадавхи, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хууль, эрх зүй, хүнсний аюулгүй байдалд мал эмнэлгийн салбарын гүйцэтгэх үүрэг, мал эмнэлэг, ариун цэврийн баталгаажуулалт, олон улсын стандарт, Ази, Номхон далайн бүсийн орнуудын мал эмнэлгийн чадавхи, ДМАЭМБ-ын хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэж, ололт амжилт, сургамжийн талаар харилцан мэдээлэл солилцов. Манай орны хувьд малчид, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор мал эмнэлгийн салбарын бодлогыг тодорхойлох, хөгжүүлэх, мал амьтны халдварт өвчнийг хяналтандаа авах, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бий болгох талаар түлхүү анхаарч байна.
Чуулганаар бүсийн үйл ажиллагаа болон 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, бүс нутгийн орнуудын малын эрүүл мэндийн байдал, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнүүд, нүүдлийн мал аж ахуй ба малын эрүүл мэнд, “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд гишүүн орнууд ярилцах болно. Мөн энэ хурлаас бүс нутгийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг батлаж, зөвлөмж гаргахаас гадна дараагийн чуулган болох гишүүн улсыг товлоно. 
Энэхүү чулганыг зохион байгуулснаар манай орны мал аж ахуй, махны экспортыг дэмжих, бүсийн хэмжээнд улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд гаргахад чухал ач холбогдолтой юм.