Тэрбум ам.долларын мах экспортолсноор эдийн засгаа сайжруулж чадна
Хятадын тал Монголоос тэрбум ам.доллартай дүйцэхүйц мах, махан бүтээгдэхүүн авах боломжтой гэдгээ илэрхийлсэн нь Ерөнхий сайдын уулзалтын чимэг болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй болов уу.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас энэ талаар тодруулахад “Есдүгээр сарын 1-ний өдөр Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хорио цээрийн дэд сайд, ХАА-н сайд нартай уулзаж мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар ажил хэргийн уулзалт хийсэн. Их нааштай уулзалт болсон. Тэдний зүгээс ирэх өдрүүдэд найман мэргэжилтэн ирж ажиллана. Аль бүс нутгаас, аль үйлдвэрээс хэрхэн яаж мах, махан бүтээгдэхүүн авах вэ гэдэг нь тодорхой болно.
Ерөнхий сайд болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр манай улсаас тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Энэ дагуу яамны зүгээс тодорхой ажлуудыг хийж эхэлсэн.Цаашдаа махны экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байгаа. Дотооддоо махны үнийг нэмэхгүй байх, гадагшаа махаа өндөр үнээр экспортлох бодлогыг баримтлах ёстой гэдэг зарчимтай байна. Зөвхөн хоёр хөрш улсдаа ч мах экспортлоод зогсохгүй Арабын улсууд руу хонины мах экспортлох асуудлыг судлаж байна” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр “Хонины махны экспорт нэмэгдвэл манай улсын эдийн засагт маш том түлхэц болж өгнө. Хөдөө аж ахуй бол уурхайтай эн тэнцэхүйц хэмжээний орлогыг ДНБ-д оруулж байгаа. Гэтэл уул уурхайгаас 10 дахин илүү хүн хүч хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Яамны сайдын хувьд миний өмнөө тавьсан гол зорилго бол уул уурхайгаас илүү бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц боломжийг Хөдөө аж ахуйн салбарт бий болгох юм.
Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тэрбум ам.долларын махны экспортын асуудлыг шийдэх нь эдийн засгийг сайжруулж сэргээхэд их хувь нэмэр оруулна. Мах экспортлоход тулгардаг хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин юм. Тухайлбал шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог. Тиймээс малын халдварт өвчин гараагүй тайван бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах хэлэлцээрийг хийж байна. Мөн халдварт өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм” гэж байв.