Хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх хууль биш
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.08.12

Хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх хууль биш

Өршөөлийн хуулийг батлагдсан өдрөөс нь хойш дагаж мөрдөхөөр УИХ өчигдөр баталсан. Уг хуульд голлох ямар заалтууд орсон талаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийллээ.

Гурван жил гаруй хугацаанд яригдаж байсан уг хууль өчигдөр батлагдаж, нийгэмд үүсээд байсан хүлээлтийг арилгалаа. Энэ удаагийн парламент эрхзүйн бүх хуулийг шинэчилж байгаагаараа онцлогтой. Бүх намууд хамтарч засаг барьж байх үед өргөн барьсан. Тэгэхээр уг хуулийг хэсэг бүлэг хүнд зориулсан гэсэн хардлага байхгүй болно. Монгол Улсын ардчиллын үнэт зүйлийг бататгасан хууль болж буй юм. Хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа хууль биш. Тухайн хэрэг хийсэн хүн хохирлоо төлөөд өршөөлд хамрагдана. Ёс суртахууны болон улс төрийн хариуцлага хэвээр үлдэнэ. Энэ хуулийг буруу талаас нь тайлбарлаж олон түмнийг төөрөгдүүлэх шаардлагагүй.  

 Өнгөрсөн 25 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа Өршөөлийн хууль гарч байна. Ститистикаас харахад, өршөөлд хамрагдсан иргэдийн 94 хувь нь эргэж гэмт хэрэгт холбогдоогүй байдаг юм билээ. Монголын төрийн энэрэнгүй бодлого нүдээ олсон зөв шийдвэр байсан нь харагддаг. Цаашид хуулийн шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлнэ. Авлига албан тушаалтай холбоотой хэргүүд хохирлоо барагдуулсны дараа өршөөлд хамрагдана. Тийм хүмүүст улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хэвээр үлдэж байгаа учир улс төрийн карьер нь ямар байх билээ. Байнгын хороогоор комисс байгуулахаар боллоо. Энэ хуулийн дагуу хэдэн хүнийг чөлөөлөх вэ гэдэг нь комиссын хийх ажил. Мэргэжлийн хүмүүс энэ чиглэлээр ажиллана.