Зовох цагт нөхрийн чанар танигддаг
2011.05.19

Зовох цагт нөхрийн чанар танигддаг

Энэ сарын эхээр Цээл сумын Оргилын 1 дүгээр багийн иргэн Батын Дамдинсүрэнгийн гэр шатсан байна. Б.Дамдинсүрэн 0-12 насны 4 хүүхэдтэй. Галыг унтраах гэж гэр бүлээрээ хөдөлсөн ч харамсалтай нь нүдэн дээр нь гэр орон нь шатаж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт өмссөн хувцастайгаа л хоцорчээ. Тухайн өдөр хаврын хавсарган салхи нүдсэн хүйтэн өдөр таарсан бөгөөд өмссөн хувцастайгаа үлдсэн хэд арга буюу хаа хол хаваржиж байгаа аавынх руугаа очжээ.

Гараад орон гэр, өмсөх хувцас худалдаад авъя гэхээр бэлэн мөнгө байхгүй, цөөн хэдэн мал нь амьжиргаа дэмжих эх үүсвэртээ ч хүрэлцдэггүй, ядаж байхад хоёр жилийн банкны зээлтэй, ажил төрөл ч үгүй ийм л хэдэн хүн хоцорсон байна.

Мэдээж айлд насаараа амьдарна гэж байхгүй. Цаашид хэрхэн яаж аж төрөх тухайгаа хэлэлцэж, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуудсан энэ цагт хэнд хандах тухайгаа ч ярилцжээ. Ингээд гурав хоногийн дараа сумынхаа Засаг даргад учир байдлаа хэлж, өргөдөл хүсэлтээ өгчээ. Сумын тамгын газарт гэр орон олгох төсөв хөрөнгө гэж байхгүй тул Засаг дарга М.Ганбат Шадар сайд М.Энхболдод хүсэлтийг дамжуулжээ. Шадар сайд нутгийн иргэнийхээ хүсэлтийг уриалгахан хүлээн авч, шуурхай хандсанаар Б.Дамдинсүрэнгийн гэр бүл айлд олон хоног толгой хорогдсонгүй. Ердөө л 5 хоногийн дараа Шадар сайд М.Энхболдын бие төлөөлөгч Ч.Однасан таван ханатай иж бүрэн эрээн модон гэрийг хүлээлгэж өгсөн байна. Гэр өгөөд зогссонгүй гал голомтоо хийморлог бадрааж явахыг ерөөж цоо шинэ зуух, тогоо хүртэл өгсөн байна.

Б.Дамдинсүрэн эхнэрийнхээ хамт 10 гаран жилийн өмнө анхны гал голомтоо бадрааж байсан үеийг санагалзуулсан энэ үйл явдлыг ихэд бэлэгшээж, хүүхдүүдийнхээ хамт баярлалдан, ах дүү нарын өгсөн жаал жуул сандал ширээхнээр гэрээ тохижуулж эхэлжээ. Гэвч бүхэл бүтэн айл л болсон хойно унтаж хэвтэх ор дэрнээс өгсүүлээд ядаж л гадаа байгаа ганц морио бариад унах хазаар ногт байхгүй зэргээр дутуу гуцуу юмс цаг үргэлжид нэхэгдэнэ. Халбага сэрээхэн хүртэл цуглуулж айлын дайтай айл болох өдий юм шиг санагдахын зэрэгцээ хэдхэн хоногийн дараанаас эхлэн нэхэгдэж эхлэх банкнызээлээ яах вэ зэргээр толгой өвтгөх асуудал мундсангүй.

 

Зовох цагт нөхрийн чанар танигдахыг энэ л үед мэдэрч байснаа ч биднээс нуугаагүй. Харин яг энэ үед дахин нэг сайхан мэдээ дуулах нь тэр. Шадар сайд М.Энхболдын гарын үсэгтэй бичиг Төв аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст иржээ. Уг бичигт Б.Дамдинсүрэнгийн гэр бүлийн нөхцөл байдлыг дурдаж, уг газраас 500 мянган төгрөгний буцалтгүй тусламж үзүүлэхийг хүссэн байна.

 

Шинэ гал голомтоо бадраасны дараахан хүнд цагт тусалж дэмжсэн хүмүүстээ талархалаа илэрхийлж, цай цүү уулгахаар болж, урилга явуулаад 5 дугаар сарын 11-ны өдөр нутгийн олноо хүлээн авч шинэ гэрийнхээ галыг бадраан суух үеэр уг буцалтгүй тусламжийн 500 мянган төгрөгийг аймгаас ирсэн төлөөлөгч гардуулан өгчээ. Баяр дээр баяр нэмсэн энэ үйл явдалтай зэрэгцэн нутгийн ах дүү нар нь ч сэтгэлийн хандив өргөж эхэллээ.

Ингээд Цээл сумын иргэн Б.Дамдинсүрэнгийнхэн өнөөдөр цоо шинэ таван ханатай гэрт тухалж, орчин үеийн тавилга сэлтээр гэрээ дүүргээд, нутгийн олны өгсөн хувцас хунар, мал ахуй, бэлэн мөнгөөр дутуугаа нөхөж жаргаж сууна.

 

Хэдхэн хоногийн өмнө хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонгийн өмнө сөхрөх шахаж, эхнэр хүүхдүүдээ дагуулан айлд толгой хорогдож байсан энэ гэр бүлийнхэн өнөөдөр зовох цагт нөхрийн чанар таниулсан хүмүүстээ үгээр хэлж боломгүй талархаж байгаагаа биднээр дамжуулан дахин дахин илэрхийлж байлаа.

 

Юуны өмнө хамгийн том дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, нэг нутгийн унаган хүү Миеагомбын Энхболддоо талархалын халуун үгээ дайсан юм. Мөн Цээл сумын Засаг дарга М.Ганбат, ЗДТГ-ын дарга Л.Мөнхжаргал,  Оргилын 1-р багийн Засаг дарга н.Шийлэгсүрэн, Цээл сумын иргэд, сургуулийн сурагчид, сумын ИТХ-ын төлөөлөгч С.Цагаанбаатар нартаа талархалаа илэрхийлж байна.

 

Цээлчүүд зовлон учирсан нэгэндээ туслах монгол жудагаа мартаагүй, хамтарвал юуг ч бүтээж болохыг Б.Дамдинсүрэнгийн гэр бүлд учирсан энэ үйл явдал батлан харууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.