Л.Гантөмөр: Засгийн газар сонгуулиас өмнө мөрийн хөтөлбөрөө биелүүлж амжихгүй
2011.04.26

Л.Гантөмөр: Засгийн газар сонгуулиас өмнө мөрийн хөтөлбөрөө биелүүлж амжихгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулсан болоод ч тэр үү, УИХ-д орж ирж буй хуулиуд ногоон гэрлээр батлагдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ямар ч байсан улаан гэрэл асахгүй байгаа. Гэхдээ ногоон гэрэл гэж шууд томьёолоход хэцүү. УИХ дээр тал талаас нь ярьж баталдаг. Цаг үетэйгээ нийцсэн, шаардлага хангасан хуулиуд гарч байгаа.


-АН-ын бүлэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
тухай хууль дээр завсарлага авснаас болж нөгөө намын бүлгээс янз бүрийн л тайлбар гарч байна. АН үнэхээр парламентын түүхэнд байгаагүй жишиг тогтоочихсон юм уу, эсвэл хүмүүс ногоон гэрэл гэсэн ойлголтоор асуудалд хандаад байна уу?

-Манай бүлэг ярих, өөрчлөх шаардлагатай зүйлүүд байвал олон хууль дээр завсарлага аваад л явдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль бол анх орж ирэхдээ ажилгүй хүмүүсийг яаж дэмжих вэ гэдэг талаасаа түлхүү боловсруулсан байсан. Харин манай бүлэг ажил хийж байгаа, ажил хийхийг оролдож байгаа тэр хэсгийг дэмжих саналуудыг нэмж тусгаж чадсан. Харамсалтай нь, энэ хуулийг гарна гэсэн ойлголттойгоор Улаанбаатар хотын захирагч тодорхой шийдвэр гаргаж, дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн албыг салгасан байсан. Өөрөөр хэлбэл, орон тоо нэмсэн байсан. Бид бол орон тоо нэмэх шаардлагагүй л гэж үзсэн. Агентлаг болоод Хөдөлмөр эрхлэлтийн газар нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Яг хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой асуудлыг нь хөдөлмөрийн бирж байгуулж зохион байгуулна гэсэн санал дэмжигдээд явж байгаа. Гэтэл УИХ-ын баталсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой тогтоолыг зөрчсөн шийдвэрээ эргэж харахгүй өдийг хүрч байна. Бидний хувьд хууль нийцүүлсэн агентлагийн бүтэн зохион байгуулалт хий, гаргасан алдаагаа зас гэж байгаа. Зассаных нь дараа хуулиа батална л гэсэн. Тэгэхгүйгээр хууль ингэж гарна гэж ойлгоод гарахаас нь өмнө төсвийн орон нэмж байгаа нь буруу шүү дээ. Тийм байхад айхтар эвэртэй туулай харсан юм шиг гайхах учир юу байна вэ. Бүлэг рүү улстөржүүлж асуудал тавих ч  шаардлагагүй. Хуулиа дээдэлсэн төртэй, засагтай, Засаг даргатай байя гэж л байна.

-Танай бүлгийн сүүлийн хоёр ч хурлаар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцээд нэгдсэн шийдэл гаргаж чадсангүй. Дүгнэлт гаргаж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Дүгнэлт амархан өгөгдөхгүй. Хамтарсан Засгийн газар байгуулсан намуудын гэрээ 66 зүйлтэй. Тэр нь УИХ-ын тогтоол болж батлагдахдаа задраад маш олон заалттай болсон. Засаг дээр очиж задрахдаа бүр 1100 орчим заалт болсон. Энэ бүр дээр дүгнэлт өгөх шаардлага байна. Хооронд нь уямаар, холбомоор байна.Үнэхээр хийж байгаа ажил нь юу юм, юу нь болчхоод байна, яг хийж чадсангүй вэ гэдэг дээр улстөржихгүйгээр, ая тал засахгүйгээр бодит дүгнэлт гаргана гэж бодож байгаа. Дүгнэлт ойрын үед гарах байх.

-Мэдээж бүлэг дээр хоёр ч удаа ярьсан болохоор ерөнхий хана бол босчихсон биз дээ?

-Ажлын хэсэг дээр олон талаас нь ярьж байна. Цалин хөлсийг гурав дахин нэмнэ гэсэн төлөвлөгөө биелсэнгүй. Жил бүр 60 мянган хүнийг ажилтай болгох асуудал алга. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажил эхлээгүй байна. Зэс цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсонгүй. Тэр байтугай зураг төслийг нь ч хийсэнгүй. Улаанбаатарын утаа бахь байдгаараа байна. Авилга, хээл хахууль бахь байдгаараа л байна. Тендерийн ил тод байдал ч алга.Энэ бүгд дээр дүгнэлт өгч байгаа. Тун удахгүй албан ёсны дүгнэлт гарна. Их сайхан зүйл гарахгүй юм шиг байна лээ. Ямар ч байсан Засгийн газар хангалтгүй ажиллаж байна. Анхаарал тавьж, богино хугацаанд ямар байдлаар ажиллах вэ гэдгээр анхаарлаа төвлөрүүлж шийдэхгүй бол болохгүй нь. 2008 онд дэвшүүлсэн зорилт, баталсан хөтөлбөр бол одоогийнх шиг урсгалаар хийж чадах ажил биш. Тухайн үед хоёр нам хамтарлаа гээд сэтгэл хөөрөл өндөр төвшинд байлаа. Хоёр нам нийлчихсэн юм чинь одоо бүх асуудлыг шийднэ гэж хөөрч байсан, ойлгож байсан. Харамсалтай нь, тийм биш байна. Үүний ганцхан шалтгаан бол хэтэрхий назгай, урсгалаараа, аминчхан, нэг нэгнийгээ харддаг, дээр нь улс орныг зөв болгоё гэсэн үндсэн философи төдийлөн байр сууриа эзэлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын амьдралтай ноцолдсон ажил нь ихдээд байна. Хоёр "толгой"-н араас Засгийн газар гарч чадахгүй байна. Үнэндээ хоёр "толгой" бол монголчуудын амьдралын 1-2 л хувь. Үлдсэн 98, 99 хувийн ажил нь 2008 онд ямар байсан одоо бахь байдгаараа л байна шүү дээ. Энэ бүхнээр дүгнэлт удахгүй гарна. Яаран сандран аль нэг талыг барьсан, хөнгөн хуумгай дүгнэлт гаргахгүйг хичээж байгаа.

-Ажил явахгүй байгаа шалтгаанаа дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай холбож тайлбарлаж байсан. Тэр хүчин зүйлийг нь тооцвол Засгийн газар хэр ажиллав. Хувь улстөрчийнхөө дүгнэлтийг өгөхгүй юү?

-Хямралыг ярьж болно. Гэхдээ шалтаг бол биш. Мөнгөгүйгээр зохион байгуулалтын өндөр төвшинд хийж болох зөндөө ажил байсан. Хийж чадаагүй. Хоёрдугаарт, хямралыг хямрал биш мэтээр даваад туулчих боломж Засгийн газарт байсан шүү дээ. УИХ төлөвлөгөө баталж өгч, хоёр тэрбум ам.долларын санхүүжилт хийх боломжийг Засгийн газарт нээж өгсөн. Өнөөдрийг хүртэл ашиглаагүй. Тэгэхээр хямрал руу, өөр ямар нэгэн хүчин зүйл рүү асуудлыг гарчиглах утгагүй л дээ. Ерөөсөө л өөрсдөө ажил хийж чадаагүй. Зохион байгуулалт нь муу, хэтэрхий их шоудлаа. Хэрэггүй зүйлд маш их цаг зарсан. Юу гэвэл, төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын хэмжээ жилээс жилд тэлж байгаа. Энэ мөнгөний зарцуулалт дээр яам, агентлагууд хамаг цагаа барж байна. Бүгд л аж ахуйн хүн болчихсон. Бүгд тендерчин болчихсон. Нэг бол тендер олгодог, эсвэл шалгадаг, хянадаг, зарим нь хүлээн авдаг хүн болсон. Түүнээс бодлогоо боловсруулж олон гацааг яаж арилгах вэ гэдгээр нэг бүрчлэн шийдэл гаргасан юм, ойл-голт байхгүй байгаад л аюул нь байна. Тэгэхээр ямар нэгэн хямрал, шалтаг сонсмооргүй байна. Одоо нэг шалтаг хэлээд зогсвол дараагийн Засгийн газар бас л шалтаг хэлнэ. Үеийн үед Монголын төр ямар нэгэн шалтаг хэлдэг байгууллага болоод хувирчихвал утга учир байхгүй. Шударгаар чадсан, чадаагүйгээ хүлээн зөвшөөрдөг, яагаад чадаагүй нь тодорхой байдаг болох ёстой. Дараагийн хүмүүс нь чадаагүйг нь хийж ажилладаг ийм соёл руу манайхан орохгүйгээр зөвхөн өөрийгөө хамгаалаад цаашаа явна гэсэн ойлголт байж болохгүй.

-Одоо бол Засгийн газар ажлаа 61 хувийн биелэлттэй гэж тайлагнасан байна лээ. Энэ хэмжээний ажил хийгдэв үү?

-Засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн хувь яриагүй юм билээ. Ямар төвшинд яаж ажиллаж байгаагаа бичээд ирүүлсэн. Дараа нь гишүүд ямар хувьтай явааг нь лавлахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 61 хувь гэсэн тоо ирүүлсэн юм. Энэ хувь үнэн үү гэхэд Засгийн газраар эцэслэж хэлэлцээгүй гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр ямар нэгэн хувь ярихад хүндрэлтэй. Ялангуяа цаасан дээр хийсэн ажлуудаа биелчихсэн гэж ойлгоод байгаа юм. Цаас бол цаас шүү дээ.Тогтоол шийдвэр бол тогтоол шийдвэр. Яг биелчихсэн, нүдэнд харагдаж байгаа ажил ярих ёстой. Нүдэн дээр Улаанбаатарын утаа алга болж, суманд амьдрал сайжирвал өөр. Гэтэл алга байна. Ер нь бол маш олон ажил шийдлээ олоогүй байна. Харин зүгээр цаас хийгээд энэ нь 60 хувь гэж ойлгох юм бол буруу тайлбар гарах байх. Бид ард түмэнд үнэнийг хэлэх хэрэгтэй.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хоёр намын мөрийн хөтөлбөр дээр тулгуурлаж боссон. Ирэх сонгуулийн хугацаа дөхчхөөд байхад энэ бүх амлалтаа биелүүлж чадах болов уу?

-Мөрийн хөтөлбөрийн зарим хэсгийг бол биелүүлж амжина. Бүгдийг гэвэл худлаа. Бүгд биелнэ гэдэг өнөөдрийн манай Засгийн газрын ажилд хандаж байгаа байдалтай харьцуулж харахад хүнд. Гэхдээ тодорхой хэсгийг нь биелүүлэх Хэрэгтэй. Үүний тулд УИХ дээр цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ сайтар ярих ёстой. Гэтэл яг одоогийнх шиг хоёр "толгой", Хөрөнгийн бирж яриад ажлаа дүгнүүлэх гээд байгаа юм. Хоёр "толгой", Хөрөнгийн бирж, "Эрдэнэс МГЛ" бол Эрдэнийн хувийн амлалт. "Эрдэнэс МГЛ"-ийн бүх хувьцаа ард түмнийх байна гээд хуулиар баталчихсан. Тэгэхээр Эрдэнийн хувийн амлалт биелэх шатандаа явж байна гэсэн үг. Хоёрдугаарт, бэлэн мөнгө өгч байна. Энэ бол Эх орны хишиг өгөх амлалт биелэх тал руугаа явж байгаа хэрэг. Гэтэл энэ хоёрыг л үндсэн амлалт гээд ойлгочихсонд учир нь байна. Үнэндээ намууд арай илүүг сэтгэж, арай илүүг бодсон. Засаглалыг хямдхан, оновчтой, хүнд сурталгүй шуурхай, цомхон болгоё гэсэн. Илүү их ажлын байр, эдийн засгийн боломжийг иргэддээ нээж өгье гэсэн. Нийгмийн цогц шинэтгэлийн программ нь харамсалтай нь одоо мөнгөний амлалтдаа дарагдаад байна. Одоо мөнгөний амлалттай л ноцолдож байна. Биелүүлчих байх аа. Харин улс орноо сайхан болгох, ардчиллаа өндөр төвшинд хүргэх, хүмүүсийнхээ эрх чөлөөг сайжруулах бодлого урагшаа явахгүй байна.

-Эцэст нь, арай өөрсэдвээр ганц асуултасууя. АН-ын бүлгийн 18гишүүн намын даргадаа хандажсонгуулийндэнчингийн 50 сая төгрөг хураах ажлыг түр хойшлуулах хүсэлт тавьсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Гишүүд УИХ-ын сонгуулийн хууль гартал сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой зүйл нам дээр битгий яриач ээ гэсэн. Хүмүүс хуульдаа тааруулж асуудлаа шийдэх хэрэгтэй л гэсэн юм. Тэгээд асуудал хойшилсон. Ямар хуулиар сонгууль явах нь тодорхойгүй байхад мөнгө цаас нааш цааш болгох нь утгагүй байгаа юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.