Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна
Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсон талаараа УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, Ж.Сүхбаатар нар хэвлэлийн хурал зарласан юм. УИХ-аас 2009 оны арваннэгдүгээр сард баталсан Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн мэдүүлсэн билээ.
Төсөлд зааснаар ахмад настнууд болон малчид банкан дахь зээлээ Хүний хөгжлийн сангийн хувь хишгээр барагдуулах сонголтыг олгоход чиглэсэн байна. Иргэд, сонгогчдын зүгээс Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгийн хувь хишгийг банкны зээлийг барагдуулахад ашиглаж болох сонголтыг гаргаж өгөхийг орон нутагт ажиллах үед нь ихээр хүсдэг гэнэ.
Өнөөдрийн байдлаар малчид 45.2 тэрбум төгрөгийн малчны зээлтэй байгаа бол ахмад настнуудын 166 мянга гаруй нь арилжааны банкуудаас тэтгэврийн зээл авсан байдаг. Тиймээс уг хуулийн төслийг санаачилжээ. Хуульд зааснаар Засгийн газар нь УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэг сарын дотор багтаан саналаа өгөх ёстой. Хүний хөгжлийн сангийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан гишүүдийн хувьд дээрх хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулахыг эрмэлзэж байгаа гэдэгээ хууль санаачлагчид хэллээ.