Эдийн засгийн байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Гацууртын энэхүү ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан юм.
Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид гишүүдэд танилцууллаа.
Засгийн газраас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаарын захирамжаар Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхийажлын хэсэг байгуулан, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээг 2015 оны 3 дугаар 25-наас хойш 2 сарын хугацаанд хийсэн байна.
Яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлжээ.
Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрчээ.
Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа юм байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд Гацууртын ордоос орж ирэх нийт татвар, мөнгөн урсгалын талаар тодруулж байлаа. Түүнчлэн Ноён уулыг хамгаалах талаар хэрхэн ажиллахыг лавласан.
Тус ордыг ашиглалтад оруулснаар Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 265.6 сая ам.доллар болох юм байна. Төслөөс нийт 451.6 сая ам.долларыг татвар хэлбэрээр авах бөгөөд үүний 139.4 сая ам.доллар нь ашигт малтмалын нөөц ашигласны, 57 сая нь орлогын албан татвар байна хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ. Тэрбээр мөн Ноён уулыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа хэмээн гишүүдэд дуулгасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллан Ноён уултай холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан гэлээ. Түүнчлэн Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачилсан Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэрийг гаргасан гэж сайд хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Одонтуяа нар Гацууртын ордыг ашиглахтай холбоотой асуудлаар нийгэмд зөв ойлголт өгөх нь зүйтэй гээд энэ талаар ямар ажил хийж байгаа талаар асууж байлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга олборлолт явуулах гэж байгаа газарт цэвдэгийн судалгаа хийлгэсэн эсэхийг мөн тодруулсан.
Уул уурхайн сайдын хариулснаар, Ноён уулын асуудлаар мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй ТББ-уудтай хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль болох зөв мэдээллийг түгээхийг чармайн ажиллаж байгаа юм байна. Гацууртын ордын орчим байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхэд тэр орчны газарт цэвдэгтэй болох нь тогтоогдоогүй хэмээн тэрбээр хариулсан юм.
Ингээд гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Үүний дараа “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн тогтсон юм.
Түүнчлэн Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү уншиж сонсгосон юм.
Ажлын хэсэг нийт 4 удаа хуралдаж хуулийн төслүүдийн талаар олон улсад хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн зохицуулалт, практикт хэрэглэгдэж байгаа туршлага, өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон шаардлагатай бусад судалгааны материалуудад дүн шинжилгээ хийж ажилласан хэмээн ажлын хэсгийн ахлагч хэлсэн.
Ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллахдаа Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороод, гишүүдээс болон холбогдох бусад байгуулага, албан тушаалтнаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, судлаж хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай зарчмын саналуудыг тусгасан байна.
Тухайлбал, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос гаргасан “Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн тухай” 4 дүгээр ерөнхий зөвлөмжид урьдчилан төлөвлөж бусдын өмч хөрөнгийг буулгах, албадан нүүлгэх зэрэгт шүүхийн шийдвэрийг үндэслэх, үүнээс бусад тохиолдолд аливаа хүний эрхийг хязгаарлах үйлдэл гаргахыг хориглох тухай заасан байдаг. Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх онцгой харъяалалтай бөгөөд шүүхээс бусдын хувийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахаас өмнө захиргааны журмаар албадлага хэрэглэх ёсгүй.
Ийм учраас хуулийн төсөлд дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог чухалчлан, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар зүйл, хэсэг, заалт нэмж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах газар, байр, сууцаар хангах асуудлыг тэдний амьдарч, ажиллаж байсан орчин нөхцлөөс дордуулахгүйгээр шийдвэрлэх үүргийг төсөл хэрэгжүүлэгч хүлээх, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийтийн ашиг сонирхол, цаашлаад төслийг дэмжихгүй байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эдийн засаг, нийгэм, соёлын эрх (эмнэлгийн тусламж авах, аюулгүй байдлаа хангуулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах) зэрэг асуудлыг хангах зорилгоор “тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн төсөл хэрэгжүүлэгчээс нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.
Засаг захиргааны нэгж дэх суурин газар буюу бүсийн хөгжлийн тулгуур төв, аймаг болон сум, дүүрэг зэрэг суурин газруудыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулахтай холбоотойгоор засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн оролцоог хангаж сум дүүргийн Иргэдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг хуулийн төсөлд нэмж тусгасан байна.
Хуралдаанаар ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй нийт 31, найруулгын шинжтэй 10 саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Дараа нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.
Манай улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн сайд Д.Эрдэнэбат хэллээ.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаа бол аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа аж.
ЭЗХАБ /OECD/-ын аргачлалаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний технологийн агууламжийг тодорхойлохдоо судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гол шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. Судалгаа хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь дунджаар 30 хувь байдаг тул өндөр технологи бүхий өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд судалгаа хөгжилд хөрөнгө оруулах шаардлагатайг харуулж буй аж.
Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй байна гэж сайд онцлоод дэлхийн зах зээлд өрсөлдөх Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсрууллаа хэмээсэн юм.
“Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцааг зохицуулах бөгөөд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дэмжих харилцаанд хамаарахгүй юм байна.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох, өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс 1 удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, хуулийн төсөл нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой уялдсан байна гээд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.