Бид алийн болгон “Петро чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тэргүүтэй Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн багтсан томоохон ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт газрын тосны олборлолт явуулдаг БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19, 21 дүгээр талбайн ажил байдалтай газар дээр нь танилцаж, хууль ёсны шаардлага тавиад ирэв.
“Петро Чайна Дачин Тамсаг” нь Дорнод Монголын тал нутагт 23 жил үйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огтхон ч биелүүлэлгүй өнөөдрийг хүрээд байгаа. Тухайлбал Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Баянхошуу боомт хүртэл 210,7 км хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал зам, Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам барих, монгол ажилчдыг квотын дагуу ажиллуулах зэрэг үүргээ биелүүлэхгүй байгаа.
МХЕГ-аас энэ мэт зөрчлүүдэд нь 560 сая төгрөг, нийслэлийн Нийгмийн даатгалын газраас нэг тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тавьсан нь дээрх зөрчлүүдтэй холбоотой. Эдгээр зөрчлүүдийг арилгах шаардлага тавих үеэр нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс дараах тодруулга ярилцлагыг авлаа.
-Та дөнгөж сая “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын 19 дүгээр талбайд ажил хариуцаж байгаа хүмүүстэй нь уулзаж тодорхой шаардлага тавиад гарч ирлээ. Таны шаардлагыг аль хэр хүлээж авч байна?
Тамсагийн газрын тос олборлолтын 19 дүгээр талбайд төрийн захиргааны тодорхой байгууллагуудын төлөөллүүдийг байлцуулан асуулга, шаардлага тавихад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19 дүгээр талбайн дэд захирал нь бидэнд явуулж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, хариулт өглөө. Бидний зүгээс тавьж байгаа шаардлага бол ерөөсөө тодорхой. Бид энд гурван чиглэлээр асуудал тавьж байгаа.
Нэгдүгээрт Монголд 23 жил үйл ажиллагаа явуулахдаа сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолтоо огцом нэмэгдүүлсээр байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам, харин Баянхошуу боомтын чиглэлд хүнд даацын тээврийн хэрэгсэл зоочих зориулалттай, Олон улсын ангилалын 210.7 км засмал замаа барьж, Монгол Улсад хүлээлгэж өгөх гэрээгээ биелүүлээч ээ гэсэн шаардлага тавилаа. Өмнө нь энэ гэрээ хоёр удаа зөрчигдсөн.
-Хэзээ яаж зөрчигдсөн хэрэг вэ?
За эхний гэрээгээр энэ замыг 2013 оны есдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой байсан ч биелүүлээгүй. Хоёрдугаар гэрээ ёсоор 2014 оны 10 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх байсан ч бас л Монголчуудыг молигодоод өнгөрсөн. Өнөөдөр энд тодорхой асуудал шийдэх хүн байхгүй байгаа болохоор миний хувьд асуудалд урьдын байдлаар хандахгүй шүү гэдгээ л танилцууллаа.
Тэр нь юу вэ гэвэл урьдах хоёр удаа дандаа Хятадын талаас өгсөн гэрээний төсөл дээр манайхан саналаа тусгаад байгуулдаг байсан бол энэ удаа гурав дахь гэрээг Монголын Зам тээврийн яамны боловсруулсан гэрээний төслийн дагуу байгуулах шаардлагатай гэдгийг л дээрх орлогч дарга гэдэг нөхөрт хатуухан санууллаа.
-Хятадууд цаг хожиж, бултаж зугатаад байхыг бодоход энэ 210.7 км засмал зам ер нь тийм их өртгөөр босч байгаа хэрэг үү?
Энэ зам нийтдээ 90 сая ам. доллараар босох зам байгаа юм. Сая орлогч даргынх нь хэлж байгаагаар бол энэ оны 10 дугаар сард 107 км-ыг нь, үлдсэн 103 км замыг нь 2016 оны 12 дугаар сард барьж дуусгаад хүлээлгэж өгнө гэсэн амлалт өгч байна. Гэхдээ бид одоо урьдных шиг эдний хоосон амлалтад итгэсээр, Дорнод Монголын их тал нутгийг эдний хүнд даацын тээврийн хэрэгслийн дугуйд талхлуулж, цөл болохыг нь хараад суугаад байж яагаад ч болохгүй. Та бүхэн сая энд ирэхдээ харсан л байх.
“Петро Чайна Дачин Тамсаг”-ын зөвхөн энэ 19 дүгээр талбайгаас өдөр бүр 26-40 тоннын даацтай 70-75 машин газрын тос урагш нь зөөж байна. Хятад жолооч нар дураараа уралдан зам гаргаад давхиж байна. Ямар их тоосжилттой байгааг газар дээр нь харахаар ирсэн боловч өчигдөр, уржигдар их бороо ороод газар их дэвтсэн байна. Гэхдээ л өнөөдөр өглөөхөн тэнгэр цэлмэсний дараа тэр дороо эхний тоос босоод эхэлсэн байна.
Түүнээс гадна хамгийн ноцтой нь сая бидэнд үзүүлсэн кино танилцуулгаас харвал эд нар ерөөсөө анхнаасаа л 90 сая ам. доллар зарлагдан Монголд үлдэх засмал зам тавихын оронд, 46 сая ам. доллараар газар доогуур газрын тос урагш нь дамжуулах хоолой барих төлөвлөгөөтэй байсан шиг байна. Сая тэр тухай тодорхой гарч байна. Тэр хоолойгоор Монголын газрын тосыг хараа хяналтгүй урсгахаар улайрч эхэлсэн нь ч тодорхой харагдаж байна.
-Мэдээж хятадууд Монголын говиос маш их ашиг олохын тулд газрын тосны энэ том төслийг эхлүүлсэн нь тодорхой. Гэтэл хүний нутагт 90 сая ам. доллараар засмал зам тавьж байснаас 46 сая ам. доллараар газар доогуур хоолой тавиад Монголын газрын тосыг ховх сорохыг л урьтал болгох нь тодорхой. Асуудал ингэж эргэвэл бид юу хийж чадах вэ?
Хамгийн гол нь бид дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа хуулийн хоёр субьект учир бүх зүйл гэрээний дагуу л явах ёстой. Тэр гэрээнд хятадууд засмал зам тавих тухай тодорхой заалт бий. Бид түүнийгээ биелүүлэхийг л эднээс хатуухан шаардах эрхтэй. Энэ 210.7 км засмал зам бол Монголын хувьд стратегийн ихээхэн ач холбогдолтой зам юм.
Хуульд засмал замыг орон нутгийн чанартай, улсын чанартай, Олон улсын чанартай гэж гурав хувааж үздэг. Хоёр улсын хилийг холбож байгаа аливаа зам Олон улсын шинж чанартай байдаг. Тэгэхээр дээрх 139 км сайжруулсан шороон зам, 210.7 км хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал замууд хоёулаа Олон улсын шинж чанартай зам болох юм.
Түүнээс гадна Монгол Улсын 1000-ны зам буюу улсын чанартай замтай тун ойрхон буюу 26-хан км ойрхон огтлолцох учраас бидэнд стратегийн маш чухал ач холбогдолтой юм. Дээр нь зүүн бүсийн аялал жуулчлалын томоохон маршрут болох Буйр нуураас 80 хүрэхгүй км ойрхон өнгөрч байгаа учир 1000-ны замтай холбочихвол аялал жуулчлалын бас нэгэн томоохон бүс нутаг бодитойгоор бий болох зэрэг олон чухал ач холбогдолтой.
Дээр нь одоо яригдаж эхлээд байгаа Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны замтай ч ирээдүйд холбогдох бүрэн боломжтой учир бид энэ чухал ач холбогдолтой замыг ямар ч гэсэн бариулахын тулд бүх л хүчин чадлаараа зүтгэнэ. Нөгөө талаар бид “Хар алт” болсон газрын тосоо Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ихээхэн алдагдалтай арга буюу хятадуудад өгч байгаа болохоор ядаж л энэ замыг бариулж бага ч гэсэн Монголдоо үлдэцтэй ажиллах ёстой.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор Тамсагийн ордын газрын тосоос Монгол Улс аль хэр юм олж авдаг юм бэ дээ?
Мэдээж газрын тосны салбар гэдэг бол маш их өртөг зардалтай үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Миний мэдэж байгаагаар “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь Канадын хөрөнгө оруулалттай “Соко Тамсаг” ХХК-ийн гэрээг шилжүүлэх байдлаар 2005 оны наймдугаар сард худалдаж авсан.
Өнөөдөр олборлолт явуулж байгаа Тамсагийн 19 дүгээр талбай нь 7764 км квадрат талбайтай бол 21 дүгээр талбай нь 9710 км квадрат талбайг хамран оршдог томоохон орд гэдэг нь тодорхой юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь борлуулалтын орлогын 40 хувийг шууд Өртгийн зардал хэмээн маргах эрхгүйгээр авдаг.
Тэгээд үлдсэн 60 хувиасаа хоёр талууд тухайн үеийн өртөг, зардал, ашиг орлогын байдлаасаа шалтгаалан Монголын Засгийн газарт ногдох ашиг орлогыг хуваарилдаг болов уу. Надад ирсэн мэдээллээр 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт нийтдээ 443 сая ам. долларын газрын тосны орлого орж ирснээс 20 сая ам. долларын роялти багтсан байдаг.
-Та саяын ярилцлагын үед зарим үед дуугаа нэлээн чангаруулж байна лээ. Тэгэхгүй бол хятадууд үгэнд тань орохгүй юм шиг санагдсан уу?
Энэ ажилд улстөрчдийн аливаа амбиц, лобби бус эх оронч сэтгэлгээ, Монгол Улсад үлдэж хоцрох үр өгөөжийг нь л түрүүлж харах ёстой юм. Миний хувьд дуугарах юман дээрээ хэнээс ч хараат бусаар дуугарч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой л гэж бодож явдаг. Тийм ч учраас саяын орлогч даргад “Ажил хариуцдаг, эрх мэдэлтэй хүмүүсдээ дамжуулан хэлж, 14 хоногийн дотор Зам тээврийн яамныхантай хэлэлцээрт яаралтай ор” гэдэг шаардлага л тавьсан.
Хэдийгээр бидэнд өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа ч тэртэй тэргүй хохиролтой байгуулдаг гэрээн дээрээ байгаль орчноо сүйтгүүлж, хэдий болтол давхар хохирсоор байх юм бэ. Хоёр тал анхнаасаа байгуулсан гэрээн дээр “Хятадын тал үүргээ биелүүлэхгүй бол газрын тосны тээвэрлэлтийг зогсооно” гээд маш тодорхой заачихсан байгаа. Би өөрөө хуульч хүн. Хоёр тал эрх тэгш эрхтэйгээр байгуулсан гэрээгээ аль нэг тал нь ханган биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх ёстойг сайн мэднэ.
Би хуулийн дагуу л бүх асуудалд хандаж байгаа учраас ийм зоригтой, итгэлтэй байгаа хэрэг юм. Бид дээрх гэрээний үүргийг хатуухан шаардаж хугацаандаа замаа барихгүй бол газрын тосны тээвэрлэлтийг нь зогсоох эрх хуулийн дагуу Монголын талд бий. Бид алийн болгон томоохон хөрөнгө оруулагч юм гэж “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ, тийм үү.
-“Петро Чайна Дачин Тамсаг”-ынхан газар доогуур газрын тос дамжуулах хоолой барих асуудлыг нь манай УИХ-ын зарим гишүүн лоббидож байгаа талаар сүүлийн үед зарим түвшинд яригдаж байгаа. Би үүнийг сэтгүүлчийн эрэн сурвалжлах, хардах эрхийнхээ хүрээнд асууж байна л даа?
Тэр талаар одоогоор надад тодорхой хэлэх зүйл алга. Гэхдээ энэ асуудлыг анхаарлын гадна орхичихно гэсэн үр биш. Зүгээр сая нэг дарга нь хэлэхдээ “46 сая ам. доллараар хоолойг тавих, 90 сая ам. доллараар зам тавих хоёр бол тусдаа асуудал шүү” л гэж байна лээ. Гэхдээ бид ажлын хэсэг дээрээ нарийвчлан судалж үзнэ.
Таны хардаж асууж байгаа нь буруу биш. Төрийн эрх бүхий байгууллагуудын нөлөө бүхий хүмүүсийн хүчтэй лобби явж байгаа нь ч үнэн. Тэр ч байтугай манай ажлын хэсэг цаашаа үргэлжлэн ажиллаж чадах уу гэдэгт ч эргэлзээ төрж байгаагаа нуухгүй.
-Уучлаарай. “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн асуудлаар Өргөдлийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдлаа л гэж сонсож байснаас тэр ажлын хэсэгт ямар гишүүд орсныг сайн мэдээгүй юм байна?
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагаатай танилцах, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө, гишүүдээр нь уг нь Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар ажиллаж байгаа.
Ажлын хэсэг Газрын тосны газар, Зам тээврийн яам, Уул уурхайн яам гээд бусад яам агентлагуудтай хамтарч нөхцөл байдлуудыг шалгаж байгаа юм. Ерөнхийдөө газрын тос байж болзошгүй 31 талбай байдаг юм байна. Тэр талбайн 26-д нь хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин олборлолт хийж байгаа хоёр компани байгаа. Үүний нэг нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.
-Та сая ажлын хэсгийн үлдсэн хоёр гишүүндээ жаахан итгэлгүй байх шиг анзаарагдлаа. Юу болсон юм?
Нуух юм байхгүй. Уг нь энд бид гурвуулаа ирэх ёстой байсан. Гэтэл нэг гишүүн нь албан ёсоор чөлөө авсан. Харин нөгөөх нь замаасаа буцчихсан. МАН-ын удирдлагуудын зүгээс ч Д.Сарангэрэл гишүүнд шахалт үзүүлж байгаа дуулдсан. Гэхдээ УИХ дээр болон намуудын зүгээс ямар ч дарамт, шахалт ирсэн надад буцах зам байхгүй.
Энэ замыг заавал тавиулна. Миний ард Монголын ард түмэн байгаа. Харин тэр газар доогуур, Монголын хар алтыг хяналт, шалгалтгүй, хараа замбараагүй урсгах хоолойг лоббидож байгаа эрхмүүд хожмын өдөр шударга шүүх байгаа шүү гэдгийг л мартаж болохгүй.