“Чингэс” бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг ташаа мэдээллийг зориуд тарааж байна
АН-ын бүлэг өчигдөр гишүүдийнхээ өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын тайланг сонссон байна.Тэд бүтээн байгуулалтын төслүүдийн явц ямар байгаатай танилцсанаа ярьж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын тухай санал солилцжээ.
Тухайлбал, Чингэс бондоор санхүүжсэн төслүүдийн талаар, энэ бондын зарцуулалтын тухай ярилцсан байна. Энэ тухай бүлгийн удирдлагууд нь ийн ярив.
Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг шиг МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муу бүхнээ АН-д үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй.
Гишүүд нь “Чингэс бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг боллоо. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй нь ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно. Ардчилсан нам аж үйлдвэрийн хувьсгал гэж олон жилийн өмнөөс ярьсан. Үүний төлөө ч тууштай ажиллаж байгаа. Үндэсний хэмжээний 29 том төсөл боловсруулчихсан байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг ирэх долоо хоногт бүлэг дээр ярилцана.
Албан ёсоор хэлэхэд төрийн хөрөнгөд гар дүрсэн нэг ч албан тушаалтан Өршөөлийн хуулиар чөлөөлөгдөхгүй” гэсэн юм. Тэгвэл С.Одонтуяа гишүүн “Сүүлийн үед “Чингэс" бондыг үр ашиггүй зарцуулсан гэдэг ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. “Чингэс” бондын дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн салбарт мэдэгдэхүйц ахиц гарсан.
Үйлдвэрлэлийн салбарт 948.9 тэрбум төгрөгийн, уул уурхайн салбарт 550 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байгаа. Өмнө нь Оюу толгой, Таван толгой төслөөс урьдчилгаа авсан мөнгийг халамж хэлбэрээр хавтгайруулан тарааж байсан бол “Чингэс” бондын хөрөнгөөр импортын бүтээгдэхүүнийг орлох, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгоход шаардлагатай үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн.
Тухайлбал, “Эко Пак Монгол” компани хаягдалцаасаар импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг хийсэн байна. Мөн .“Чингэс" бондын хөрөнгөөр санхүүжсэн ноос ноолууран бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлтэй танилцсан. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай ч танилцлаа. Энэ бирж байгуулагдсанаар өнгөрсөн хугацаанд нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Мөн орон нутагт түүхий эдийн дамын наймаа зогссон, үнийн огцом өөрчлөлт гарахгүй байгаа зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ. Ийм байхад хоосон улстөржих бус бодитой ажлын байр бий болгох, бүтээн байгуулалтын төслүүдээ дэмжих тал дээр Ардчилсан нам анхааран ажиллаж байгаа.
Ойрын хугацаанд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль орж ирнэ. Мөн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байна” гэв. Мөн энэ өдөр АН- ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд эдийн засгийн нөхцөл байдал муу байхад энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь уг төсөл батлагдвал Цэцийн бүтэц, зохион байгуулалт, хангамжид өөрчлөлт орохоор хуульд тусгагдсан юм байна. АН-ынхан мөн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар оруулахыг дэмжсэн байна.
Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ч хэлэлцээд агуулгынх нь хувьд дэмжихээр болжээ. УИХ-аар Эрүүгийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Захиргааны тухай, Прокурорын байгууллагын тухай гэх зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэж байгаа учраас Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан төслийг хэлбэрийнх нь хувьд сайтар ярилцах ёстой гэдэг байр суурьт хүрсэн байна. Ийнхүү мэдээлэл хийсний дараа АН-ын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад ингэж хариулав.
-Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой тогтоолын төсөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалд оржээ. Бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа: Ажлын хэсэг албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. Ажлын хэсэг нийт 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Одоогоор зарим зүйл заалт дээр тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа тул энэ асуудлаар бүлгийн хуралдаан дээр тодорхой мэдээлэл хийсэнгүй.
-Гацууртын ордын асуудлаар АН-ын бүлэг байр сууриа хэвээр хадгалж байгаа юу?
С. Одонтуяа: Гацууртын асуудлаар Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Ардын намын авсан завсарлага энэ долоо хоногт дуусах байх. Тиймээс асуудлыг хэлэлцээд нэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна” гэв.