МАН-ын бүлэг ХАХНХ-ын сайдыг огцруулах асуудал хөндөнө гэв
УИХ дахь МАН-ын бүлэг
2015.06.16

МАН-ын бүлэг ХАХНХ-ын сайдыг огцруулах асуудал хөндөнө гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. 

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Иргэд өөрийн өмчлөлийн газраа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авахдаа үл маргах журмаар гэрээ байгуулах боломжтой гэсэн заалт оруулжээ.

Энэ нь иргэний аливаа хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцаан авах санхүүгийн боломжгүй байгаа. Гэтэл барьцаанд тавьсан хөрөнгийн тухай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр банк бус санхүүгийн байгууллагад шууд шилжүүлэн өгөх нь иргэдийг хохироох юм. 

Өнгөрсөн онд Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байсан. Уг хуулийн төсөлд газрыг гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх заалт оруулжээ. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул МАН-ын бүлэг эсэргүүцэж, хууль санаачлагчид нь буцаасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл энэ хуультай агаар нэг юм. Тиймээс МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн тус бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. 

Тэрбээр, “Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуульд цэцийн гишүүн 70-аас доош настай байх, гишүүдийн цалинг Улсын дээд шүүхийн цалинтай адил хэмжээнд тогтоох, тэтгэврийн хэмжээг цалингийн 70 хувиар тогтоох зэрэг заалт оруулсан байна. Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газар, УИХ-ын үйл ажллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Тиймээс МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэц нь иргэний эрхийг хамгаалах маргааныг хянан шийдвэрлэдэг болох санал оруулна. Мөн Үндсэн хуулийн цэц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргааныг 60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж, УИХ-аар хянуулахад 60 хоног зарцуулдаг. Энэ хугацааг богинсгож, хариуцлагатай, шуурхай ажиллах ёстой” гэлээ. 

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зөв гэж үзсэн. Ингэхдээ Монгол Улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа тул Гацууртын ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ордын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Хэрэв 34 хувийг үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 6 хувьд хүргэх хэрэгтэй. Энэ болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Гацууртын ордыг ашиглахыг дэмжинэ. МАН-ын бүлэг уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын үндсэн эрх ашигт нийцсэн гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй” гэв. 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Анх хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь татгалзсан.

УИХ-ын дэгийн тухай хуулиар бол гишүүдийн олонх нь дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан.

Тэгээд чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийг нэрсийн жагсаалтад оруулж, дахин санал хураалт явуулан, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлнэ. Мөн тухайн үед хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгнө. 

Манай бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банканд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс 6 хувь бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдаж байна. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно” хэмээн мэдээллэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа. 

-МАН засаг барьж байх хугацаандаа хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан.  Өөрөөр хэлбэл, иргэдэд 2  их наяд төгрөг тараасан. Харин АН  үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж байна. Энэ талаар? 

МАН-ын явуулж байсан бодлого  зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн  орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр 4 хувь болтлоо 4 дахин  буурсан. 

-Төсвийг хумих, хөрөнгө оруулалтыг зогсоох нь бүтээн байгуулалтыг зогсоох юм биш үү?                                         

АН аргагүй байдалд  орж МАН-ыг  засагт хамтрахыг урьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамтраад  юу  хийж бүтээх вэ гэдэг  зарчмын асуудал хөндөж, 5 зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас  гарын үсэг зурсан. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус  зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг.