"Бид хамтдаа" аян Налайх дүүрэгт үргэлжиллээ
"Бид хамтдаа" аян
2015.06.15

"Бид хамтдаа" аян Налайх дүүрэгт үргэлжиллээ

МАН Удирдах ажилтны зөвлөлгөөнөө хийж “Бид хамтдаа” аяныг арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл орон даяар хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү аян нь албан ёсоор Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийж, Налайх дүүрэгт үргэлжилсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн нараар ахлуулсан баг Налайх дүүрэгт ажиллалаа.

Иргэдгэй хийх уулзалтын  эхэнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Эдийн засгийн хямралаас гарах, үндсэн хууль, сонгуулийн хууль, Оюутолгой, Тавантолгой зэрэг улс орны амин чухал асуудалд иргэд болон улс эх орныхоо ашигт нийцтэйгээр хэрхэн шийдэх юм гэсэн гарцуудыг “Бид хамтдаа” аянаар хайж байна. Энэ аянаас ирсэн захиа даалгавар, санал шүүмж, бодол хүсэлт бүгдийг нь МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилготой. Асуудлыг албан тасалгааны цонхоор харах биш ард түмэнтэйгээ уулзаж гүнд нь орж ойлгох ёстой” гэв.

Иргэдтэй хийх уулзалтын үеэр Налайх дүүрэгт тулгамдаж байгаа гол асуудал нь ажилгүйдэл гэдгийг иргэд онцолсон юм. Тиймээс тус дүүргийн ахмад настнууд нь тэтгэврийн, төрийн албан хаагчид нь цалингийн, малчид нь малчны гээд бүгд л зээлтэй байдаг байна. Мөн бусад олон газарт ярьдаг намын гишүүнээр ялгаварлан ажилд авч, зээл олгож байна гэдгийг ч хэлж байлаа.

Ахмадуудын зүгээс тэтгэврийн зээлийн асуудлыг нэлээд ярьж байсан учир Я.Содбаатар гишүүн тэдэнд хандан “Миний хувьд нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Налайх дүүргийн иргэдгэй уулзсанаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь ард иргэдийн хүсэн хүлээж буй зүйлийн нэг юм байна гэдгийг маш их ойлголоо” гэсэн юм.

“Бид хамтдаа” аяны хүрээнд зарим ажлыг бодит болгох үүднээс тус дүүргийн дөрөвдүгээр хорооны ахмад настан Е.Ибракимын бичил бизнесийн зээлийг дэмжихээс гадна эрдэмтэн Т.Даваагийн орчуулж буй “Шах-наме” номыг 1000 хувь хэвлүүлэхээр шийдсэн юм.