А.Ганболд: Иргэд маань хүсэл, сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон
Ер нь дагуул хотын тухай ярих гэж байгаа бол нийслэлтэй хамгийн ойр гэдэг утгаар нь Налайх дүүргийн тухай ярих нь хамгийн зөв. Байршлын хувьд ч тэр хамгийн тохиромжтой.
Энэ асуудлаар нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч С.Амарсайхан анхнаас нь санаачилж, үүнийг хөөцөлдөж, Налайхтай холбоотой бүхий л асуудлыг ИТХ-д өөрөө оруулсан. Үүний үр дүн ч бодитойгоор гарч байна.
Энэ сарын 21-нд Налайх хотыг шинээр байгуулах, дагуул хот болгох санал асуулга үндсэн дүрмийн дагуу амжилттай явагдлаа. Манай дүүрэг ерөнхийдөө 34 мянга гаруй хүн амтай. 18-аас дээш насны 19800 хүн байдаг. Үүний 65 орчим хувь нь санал асуулгад оролцож, 96.1 хувь нь дагуул хот болъё гэдэг санал өглөө.
Налайхыг нийслэлийн дагуул хот болгосноор татварын бүх орлогыг орон нутагтаа төвлөрүүлнэ гэсэн үг. Ингэснээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх боломж нээгдэнэ. Одоо бол бид таван тэрбум төгрөгийн орлогыг нийслэлд төвлөрүүлж, түүнээсээ гурван тэрбумыг буцааж авдаг.
Харин дагуул хот болох юм бол энэ байдал өөрчлөгдөнө. Нөгөө талд татварын баазыг өргөжүүлж болно. Учир нь Налайхад 510 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж байна шүү дээ. Энэ бүх боломжуудыг ашигласнаар татвараар дамжуулж хүмүүсээ хөгжүүлэх, үйлдвэр, аж үйлдвэрийн газруудаа ч хөгжүүлж болно.
Энэ эрх мэдэл нь ч ирэх юм. Нөгөөтэйгүүр Налайх өөрийн эдэлбэр газартай байна гэсэн үг. Ингэснээр уурхай, барилгатай холбоотой газрын асуудлуудаа хот өөрөө шийдээд, газрын менежментээр хотын зөвлөл нь өөрсдөө шийдээд, иргэдэд хамгийн ашигтайгаар ашиглах боломж нээгдэнэ.