Ирэх долоо хоногоос Зайсангийн иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгож эхэлнэ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос дараах тодруулгыг авлаа.
-Богд уулын тусгай хамгаалалттай газраас Зайсангийн зарим айлын газрыг чөлөөлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд боловсруулж асуудлыг УИХ шийдэх ёстой гэж байна. Салбар яам ямар бодлоготой байгаа вэ?
БОНХАЖ-ын сайдаар томилогдоод ажиллахад энэ салбарт тулгамдаж, зарим талаар үнэхээр хурцадсан байсан асуудлуудын нэг бол Богд уул, тэр тундаа Зайсан тойрсон газрын асуудал байсан. Жил ирэх тусам асуудлууд нь хуримтлагдах учраас тодорхой хэмжээгээр шийдвэрлэхийг зорьсон.
Зайсанд 1960-аад оноос суурьшиж ирсэн ч газрын ямар нэг гэрчилгээ, бичиг баримтгүй 600орчим айл өрхийн асуудлыг шийдвэрлэхээр БОНХАЖЯ, нийслэл, дүүрэг, хороо, ТББ-ууд, иргэдийн хамтарсан ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд ямар ч байсан асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх шатанд ирсэн.
Уугуул иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаагаа танилцуулсан. Намайг сайдаар томилогдож ирснээс хойш бараг өдөр бүр уулзаж, шаардаж байсан болохоор үнэхээр гарц шийдэл олж хашааны газрыг нь бичиг баримттай болгохыг хичээлээ. Өчигдөр иргэдтэй уулзахад маш их баярлаж байна. Ганцхан энэ удаа ч биш ер нь өмнөх бүх л сайд дарга нарт бичиг цаас өгч, хүсэлтээ уламжилж ирсэн юм билээ.
Тэр тойрогт сонгууль бүрээр нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүс ч ”та нарын газрын асуудлыг шийдүүлж өгнөө” гээд сонгогддог. Сонгогдсон тэр хүмүүс нь өөрсдөө Засгийн газрын гишүүнээр ч олон жил ажиллаж л байсан. Харамсалтай нь асуудлыг огт шийдээгүй өдийг хүрсэн байна. “Энэ шатанд хүртэл асуудлыг ингэж шийдэх гэж ажилласан шүү” гэх өмнөх сайд, дарга нарын ямар ч материалыг бидэнд хүлээлгэж өгөөгүй.
-Газрыг нь эзэмшүүлнэ гэсэн үг үү?
Ашиглах эрхийн гэрчилгээг л олгоно. Богд уул гэдэг өөрөө тусгай хамгаалалттай, дархан цаазат бүс учраас эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудал байхгүй.
-Асуудлаар зарим гишүүд улстөржих хандлагатай байна уу. Ер нь ийм хялбар шийдэгдэх боломжтой байсан юм уу?
Ц.Оюунгэрэл, Лу.Болд хоёрын ярьсныг асууж байна уу. Энэ хоёр гишүүн маань Хан- Уул дүүргээс сонгогдох үедээ иргэдийн газрын асуудлыг шийднэ гэж амлалт авсан болохоор бас хөөцөлдөж ярьж явах нь зөв байх. Гэхдээ өмнөх Засгийн газруудын үед хоёулаа л сайд байсан хүмүүс, Засгийн газар дотроо асуудлаа яриад шийдүүлэхгүй яасан юм бол гэж бас гайхаж байгаа.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх засаглалын ажил РУУ хутгалдаж байгаа нь тийм таатай зүйл биш. Маш олон жил ярьсан ч юу ч шийдээгүй асуудлыг зургаан сар ажиллахдаа мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад шийдэж байгаагаа би харин ч их хурдан шуурхай ажилласан гэж үзэж байгаа.
Нөгөө талаар энэ бол тийм сайхан маргаангүй, хялбар шийдэгдэх боломжгүй асуудал. Нэг хашаанд жишээ нь долоо, найман айл буучихсан, гэрчилгээг хэний нэр дээр бичих нь тодорхойгүй маргаантай айлууд ч бий. Маргаантай хүмүүс нь шүүхээр яваад асуудлаа шийдүүлэх ёстой. Маргаангүй байвал бид уугуул иргэдийн эрх ашгийг хүндэтгээд асуудлыг шийднэ.
-Асуудлыг яг хэзээ шийдэх вэ?
Ашиглалтын гэрчилгээг ирэх долоо хоногоос олгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэрийн тулгалтаа хийх, кадастрын зураг хийх гээд мэргэжлийн хүмүүсийн хийх олон ажил байна. Харин маргаантай айл, өрхийн асуудлууд тусдаа үлдэнэ.