Газрын маргаан шүүхийн байгууллагад маш их ачаалал үүсгэдэг
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч А.Сарангэрэл
2015.05.27

Газрын маргаан шүүхийн байгууллагад маш их ачаалал үүсгэдэг

Газар олгох эрх бүхий төрийн байгууллагын хариуцлагагүй ажиллагаа, иргэдийн Газрын тухай хуулийн мэдлэг тааруу байдлаас үүдэн газрын маргаан ихэсч, улмаар энэ нь шүүхийн үйл ажиллагаанд үлэмж ачаалал үүсгэж байгаа тухай Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч А.Сарангэрэлтэй ярилцлаа.

- Захиргааны хэргийн шүүхэд иргэд газрын маргаантай асуудлаа шийдүүлэхээр хандах нь нэмэгдэж байгааг шүүгчид хэлдэг. Ер нь шүүхэд ачаалал ямар байна вэ?

Манай шүүхийн хувьд өндөр байгаа. Улсын хэмжээнд шийдвэрлэгддэг нийт захиргааны хэргийн 54 хувийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дангаараа шийдвэрлэдэг. Улсын хэмжээнд 2014 оны байдлаар захиргааны 1187 хэрэг шийдэгдсэн. Үүнээс манай шүүх 634 хэргийг шийдсэн байгаа. Үүний 38 хувийг газрын маргаан эзэлдэг.

- Тэгэхээр хамгийн их хувийг нь газрын маргаан эзэлж байна гэж ойлгож болох уу?

Тийм, Газрын маргаан хамгийн өндөр хувьтай байна. Өнөөдөр миний гар дээр 60 гаруй хэрэг байгаа. Үүний 30 гаруй нь газрын маргаантай холбоотой хэрэг байх жишээтэй.

- Газрын маргаан гараад байгаа гол шалтгаан нь юу вэ?

Олон шалтгаан байдаг. Тодруулбал, төрийн өмчийн газрыг иргэд, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх эрхтэй захиргааны байгууллагууд газар олголт хийхдээ газрыг давхцуулдаг, бусдын эзэмшил, өмчлөлийн газар болон байшин, барилгын орц гарцыг хаадаг, оршин суугчдын нарны гэрэл хаадаг, зай хэмжээ, галын аюулгүй байдал хангагдах наад захын шаардлагыг зөрчдөг зэрэг шалтгаанаас үүдэлтэй маргаан гардаг. Мөн хот төлөвлөлттэй холбоотой зам барих, гэр хорооллыг барилгажуулахтай холбоотойгоор захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрээ цуцлах, өмнө нь гаргасан алдаатай шийдвэрээ засах зорилгоор гаргаж байгаа шийдвэрүүд нь мөн газрын маргаан үүсэх шалтгаан болж байгаа харагддаг. Нөгөө талдаа иргэд маань Газрын хуулийн мэдлэг тааруугаас шалтгаалж хаа дуртай газраа очиж суурьшдаг, байшин, барилгаа барихдаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх албан ёсны зөвшөөрөл авдаггүй шалтгаан мөн байгаа.

- Энэ байдлаас харахад газар олгож байгаа захиргааны байгууллагуудын алдаа, дутагдлаас үүдэлтэй газрын маргаан гараад байна. Тэгэхээр иймэрхүү тохиолдол нь нийт шийдэгдэж байгаа хэргийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

2014 оны байдлаар захиргааны нийт шийдвэрлэсэн хэргийн 634 хэрэг байлаа гэхэд 47 хувийг нь нэхэмжлэгчийн талд гаргасан гэсэн судалгаа байна.

Хамгийн хялбархан гаргалгаатай газрын маргааны шүүхийн шийдвэр 10-15 хуудас, 250 хуудсаар үдэгдэх 2 хавтас материал байдаг.

Нэг талдаа газар олголтын асуудлыг эрхэлж байгаа захиргааны байгууллага, албан тушаалтнууд газар олголтыг хийхдээ тухайн газрыг бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцаж байна уу, орц гарцыг хааж байна уу, хүний амьдрахад шаардагдах эрүүл аюулгүй байдлын наад захын зай хэмжээ, бусад шаардлагыг хангаж байна уу гээд Газрын тухай хууль тогтоомжид заасан бусад шаардлагад нийцэж байгааг нарийн судалж, эргэн тойрных нь баримт, судалгааг иж бүрнээр нь хийж байж газрыг олгох шаардлага байгааг харуулж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн хувийн байгууллагаар иргэд кадастрын зураг хийлгээд өргөдлөө өгдөг түүнийг үндэслээд газар олголт хийсэн маш олон тохиолдол байдаг. Үүнээс шалтгаалж нөгөө олон төрлийн газрын маргаан гараад байгаа байдал ажиглагдаж байгааг анхаарах шаардлагатай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд иргэд, байгууллагын эзэмшил, өмчлөл, ашиглалтын мэдээллийг бүрэн оруулах, уг мэдээллийн сантайгаа ажлаа уялдуулан ажиллах гээд олон шаардлага байна.

- Захиргааны байгууллагаас газар олгохдоо ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсанаас ийм маргаан гараад байна гэж бас ойлгож болох уу?

Нэг талдаа тэгж харагдаж байгаа. Хариуцлагагүй гэж дүгнэж болно.

- Нөгөө талаасаа тэнд төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Тэгэхээр тэдний эрх мэдэл, ашиг сонирхлын асуудлаас болоод энэ асуудал гарч байгаа болов уу?

Эрх мэдэл, ашиг сонирхлын асуудал гэхээсээ илүүтэйгээр захиргааны байгууллага, албан тушаалтнууд дүн шинжилгээтэй, нотлох баримттай, нухацтайгаар газрын асуудалд хандах, энэ иргэн, хуулийн этгээдэд газар олгох шийдвэр гаргаснаар цаана нь өөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих шалтгаан бий болох вий гэдгийг заавал нягтлан шалгаж байх, ажлаа баримтжуулах үйл ажиллагаанууд дутагдаад байна гэж харагдаж байгаа.

- Засаг дарга нар өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгодог гэсэн асуудал түрүүн гарсан. Тэгэхээр энэнээс болоод иргэд хохироод байна уу?

Иргэдийнхээ өмнө амласан амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага сонгуулиар томилогддог ямар ч захиргааны байгууллага, албан тушаалтанд ялангуяа Засаг дарга нар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт гаргаж ажилладаг. Үүнээсээ шалтгаалаад өмнөх гаргасан засаг дарга, ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгох зайлшгүй шаардлага гарна. Тэгэж шийдвэрлэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтнууд хуулиа мөрдөж нэгэнт газар эзэмших, ашиглах эрх авсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль болох зөрчихгүй, хөндөхгүй байхад анхаарах хэрэгтэй.

- Тэгэхээр иймэрхүү тохиолдолд яах ёстой вэ?

Хот төлөвлөлтөндөө тааруулж газар олголт, газар зохион байгуулалтыг хийх ёстой.

Хот төлөвлөлтөндөө тааруулж газар олголт, газар зохион байгуулалтыг хийх ёстой. Гэтэл манай Нийслэлийн хувьд анхнаасаа ингэж яваагүй учир өнөөдөр дахин хот төлөвлөлт, газар зохион байгуулалт хийхээр өмнө нь олгосон газруудын хувьд мэдээж хэрэг олон маргаан, асуудал дагуулж байгаа. Үүнийг засахын тулд, өмнөх алдаатай шийдвэрээ засахын тулд дахин алдаа битгий гаргаасай, бусдын эрхийг зөрчихгүйгээр өмнөх алдаагаа засаасай, дараагийн газар олголтыг хийхдээ эргэн тойрны судалгаанд үндэслэж, газрын кадастрын мэдээллийн сангаа ашиглаж хариуцлагатай хандаасай, иргэдэд Газрын хууль тогтоомжийн тухай ойлголт өгөх ажлыг газар зохион байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагууд олон хийгээсэй л гэж хэлмээр байна.

- Төрийн албан хаагчдын хувьд хариуцлагагүй ажиллаад байна гэж хэлж байна. Тэгвэл иргэд юу мэдэж байх хэрэгтэй вэ? Тэгж байж эрхээ хамгаалах байх.

Мэдээж хэрэг, газрын маргаан гарч байгаа шалтгаан нь зөвхөн захиргааны байгууллагын буруу, алдаатай үйл ажиллагаанаас дан ганц шалтгаалахгүй байгаа гэдгийг тодруулан дурьдмаар байна. Жишээ нь иргэд маань хөдөө орон нутгаас шилжин ирэхдээ болон зуслангийн газрыг эзэмшиж авах зэрэгтээ Газрын хуулийн мэдлэгтэй байх шаардлага байгаа. Дурын газартаа очоод хашаа хатгаж, байшингаа барьдаг, нилээн удаан амьдарсных нь дараа түүний амьдарч байсан газар нь Газрын хуулийн дагуу гэрчилгээ, зөвшөөрөл авсан өөр этгээдийн газар болж таардаг. Тэгээд л би энэ газар дээр удаан жил амьдарсан учир газар эзэмших эрхтэй гэж маргаж байгаа асуудал олон гарч байна. Газрын хуулиараа эхэлж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа иргэд, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх үүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Иргэд маань тухайн газрыг эзэмших, ашиглахыг хүсч байгаа бол газрын хуулийг сайтар мэдэж байх ёстой. Монгол Улс чинь газрын хуультай, төрийн өмчийн газрыг эзэмшүүлэх, ашиглах гэж байгаа бол иргэд заавал хуулийн дагуу дүүргийнхээ газрын албанд хүсэлтээ гаргаад тэр хүсэлтийн дагуу газар эзэмших хуультай. Үүний дагуу гэрчилгээтэй газар эзэмшиж байж тэр нь хууль ёсны болно. Зуслангийн газар дээр маргаан маш их гарч байгаа. Газрын кадастраараа барьдаггүй энэ арай тэгшхэн газар байна гээд л өөр хүний эзэмшил газар байшингаа барьдаг. Нөгөө газрын кадастртай иргэнийхээ эрхийг зөрчдөг. Энэ байдал нь газрын маргаан үүсгэдэг.

- Шүүхээр хэрэг маргаан удаан шийдвэрлэгддэг гэж зарим иргэд хэлдэг. Иргэдийн хувьд газрын маргаантай байгаа асуудлаа шүүхээр ямар хугацаанд шийдвэрлүүлдэг вэ?

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ өнгөц хандах эрхгүй байгууллага, ялангуяа захиргааны хэргийн шүүх дээд түвшинд нухацтай хандах, гүнзгий судалж байж асуудлыг шийдэхийг хуулиар бидэнд үүрэгжүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа 10 гаруй төрлийн маргаануудаас шүүгчийн зүгээс хамгийн их ажиллагаа шаардлагатай, нилээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байж шийдэгдэг маргаан бол газрын маргаан. Хамгийн хялбархан гаргалгаатай газрын маргааны шүүхийн шийдвэр 10-15 хуудас, 250 хуудсаар үдэгдэх 2 хавтас, ээдрээ төвөгтэй маргаан бол шүүхийн шийдвэр нь 20-оос дээш хуудас, 3-10 хүртэл хавтас материалыг захиргааны хэргийн шүүхээс цуглуулж, судалж, дүн шинжилгээ хийж байж шийднэ. Захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхээс ялгарах онцлог үүн дээр харагдана л даа. Жишээ нь газрын давхцалтай холбоотой маргаан байлаа гэхэд үнэхээр давхцал байна уу үгүй юу гэдгийг олж мэдэх, нотлох үүрэг захиргааны хэргийн шүүхэд байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн маргаж байгаа газар дээр шүүгч өөрөө очиж үзлэг хийнэ, холбогдох газрын эзэмшилтэй хүмүүсийн бүхий л материалыг холбогдох газраас нь авчруулах, эсвэл өөрөө байгаа газрын архивт нь очиж олж авчирна, холбогдох кадастрын зураг, түүнтэй холбоотой хийх хэмжилтээ ч шүүгч хийнэ.

Гэрчүүдийг асууна, шаардлагатай бол шинжээч томилуулж дүгнэлт гаргуулна, цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, талуудын тайлбартай зэрэгцүүлэн үнэлж, дүн шинжилгээ хийж, хурлаа хийх, шийдвэрээрээ дамжуулж тухайн давхцалтай эсэхийг нотлох үүрэгтэй гээд маш олон төрлийн ажлыг захиргааны хэргийн шүүгч зөвхөн нэг газрын маргааныг шийдэхийн тулд нэг дор хийдэг. Тухайн асуудал нотлогдох хүртэл эдгээр ажиллагаа үргэлжилнэ. Ер нь бол эрүүгийн хэргийг нотлохын тулд цагдаа, прокурор, шүүгч бүгд оролцдог бол захиргааны хэргийн шүүхийн шүүгч тэдний хийдэг ажлыг нэг дор бүгдийг нь богинохон цаг хугацааанд амжуулан ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, газрын давхцлын асуудлыг шийдэхийн тулд өнгөрсөн, одоо, ирээдүйд бий болох бүхий л бодит байдал, нөхцөл байдлыг гаргаж ирсний дараа хуульд нийцүүлэн дүгнэлт гаргах шаардлага байдаг. Үүнтэй холбоотойгоор газрын маргааныг шийдвэрлэх асуудал сунжирдаг байдал ажиглагддаг бөгөөд бусад маргаантай харьцуулахад урт хугацаа зарцуулдаг. Ингэж ажилладаг учраас хэргийн тоо нь ихсэх тусам шүүгчийн ачаалал өндөр байдаг, цаг наргүй ажилладаг.

Гэхдээ л хэрэг маргаан шийдвэрлэх нь хуулийн хугацаатай учир ихэнхдээ 2-4 сарын хугацаанд газрын маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэгддэг гэж хэлж болно.

- Ер нь газрын маргаан их байна гэдэг. Та практикаас харахад Газрын тухай хууль шинэчлэн засах зүйл харагддаг уу?

Харагдаж байна. Гэхдээ Газрын тухай хуулийг дангаар нь өөрчлөх биш иж бүрнээр нь газар зохион байгуулалт, хот төлөвлөлттэйгээ уялдуулан өөрчлөх шаардлагатай гэж харагдаж байгаа. Мөн УИХ дээр Захиргааны ерөнхий хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төслөөр захиргааг хариуцлагажуулах, хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ захиргаа яаж ажиллах, бусдын эрхийг хохироохгүй байх үүднээс тухайн этгээддээ гаргах шийдвэрээ урьдчилан мэдэгддэг байх сонсогддог байх үүргийг хуульчилсан. Эргэн тойрны нотлох баримтыг шинжлэн судалж байж захиргаа шийдвэрээ гаргах чухал хуулийн төсөл явж байгаа.

- Жилдээ шийдэгдсэн нийт 630 гаруй хэргийн 47 хувь нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн гэж та хэлсэн. Тэгэхээр иргэдийнхээ талд шийдэгдэж байна гэсэн үг үү?

Тэгж хэлж болно. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргаа буюу захиргааны байгууллага, албан тушаалтаны буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирсон бол эрхийг нь сэргээхэд чиглэгддэг. Хэрвээ хуульд нийцээгүй буруутай үйл ажиллагаа явуулаад хуульд заасан иргэний эрхийг зөрчсөн өөрөөр хэлбэл газар эзэмших эсхүл, тэдний аюулгүй орчинд амьдрах гэх мэт эрхийг зөрчсөн бол захиргааны шийдвэрийг хүчингүй болгодог. Иргэдийн төрд итгэх итгэл найдварыг баталгаажуулахад чухал хувь нэмрийг захиргааны хэргийн шүүх оруулж байгаа.

Захиргааны байгууллага газрын хууль тогтоомжийн хэрэгжилтээ сайжруулах, түүнчлэн газрын хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжууд ялангуяа захиргааг хариуцлагатай болгох хууль тогтоомжуудаа сайжруулаад эхлэхээр газрын маргаан, газрын асуудал гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.