Оюунлаг залуус Эко аялал хийлээ
Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Явган аялалыг Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо болон Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэгээс хамтран 2015 оны 6-р сарын 6, 7-ны өдрүүдэд “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ: ОЮУНЛАГ ЗАЛУУС ЭКО АЯЛАЛ” нэрний доор зохион байгууллаа.
Энэ жилийн аялалд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль болон хувийн хэвшлийн төлөөллүүд болсон нийт 40 залуу эрдэмтэн хамрагдаж хоёр хоногийг үр бүтээл дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлэв. Энэ жилийн аялал нь урьд жилүүдийн аялалуудаас тодорхой онцлог бүхий аялал болсон ба Багахангай болон Багануур дүүргүүдийн үндэсний томоохон үйлдвэрүүд болох Алтан Оршихуй ХХК-ний "Ахуй мандал" Үйлдвэр, ШУҮ-ийн Монхимо ХХК-ний Үйлдвэр, Монгол Улсын ууган уурхайн нэг Багануур уурхайтай танилцаж мөн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх ШУТ-ийн Эрдмийн зөвлөлтэй дугуй ширээний ярилцлага хийсэн юм.
Аялалын эхний өдөр Улаанбаатар хотоос гараад Багахангай дүүргийн “Алтан Оршихуй” ХХК-ийн “Ахуй Мандал” үйлдвэртэй танилцаж уулзалт ярилцлага хийсэн ба компанийн хамт олон биднийг халуун дотноор угтаж авсан юм. “Алтан Оршихуй” ХХК-ийн энэхүү үйлдвэр нь хаягдал тосноос түлш гарган авдаг бөгөөд хаягдал тосоо Оюу толгой, Энержи ресурс, МАК гэсэн уул уурхайн компаниудын машин механизмын ашигласан моторын тосыг цуглуулж аван боловсруулж шүүгээд цэвэр Эко дизель түлш гарган авч дотоодын уул уурхайн компаниуд болон Замын-Үүд Улаанбаатарын чиглэлд явдаг том оврын машинуудад 1500 төгрөгөөр борлуулдаг байна.
Энэхүү технологи нь ямарч хаягдалгүй цэвэр Эко технологи бөгөөд хаягдал тосноос түлш болон Мазут гарган авахаас гадна шаталтаас үлдсэн үлдэгдэл хаягдлаар эргээд тосоо шатаах процессоо дэмжиж ашигладаг нь 100 хувийн хаягдалгүй технологи болж чаддаг. Тус үйлдвэр нь түлшэндээ бүх төрлийн шинжилгээ хийх боломж бүхий лабораторитой бөгөөд сар бүр дээжээ өөрсдийн лабораториос гадна хөндлөнгийн лабораторид давхар шинжлүүлж харьцуулдаг.
Эцсийн бүтээгдэхүүн болох дизель түлш нь Евро-4 стандартад нийцдэг бөгөөд хүнд элементийн агууламж нь импортоор орж ирж байгаа түлштэй харьцуулахад маш бага хэмжээтэй байдаг давуу талтай. Лабораторийн эрхлэгч болон ерөнхий инженерийн хэлж байгаагаар уг бүтээгдэхүүн нь моторын тосноос үнэртдэг хурц үнэр нь хэвээр хадгалагдаж байгаагаас өөр дутагдалтай тал олж илрүүлээгүй байна.
Уг хамт олон нь судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрт нэвтрүүлж, байгаль орчинд 100 хувь ээлтэй технолгиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа бөгөөд өөрсдийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг 100 хувь борлуулж чадаж байна. Сард 200 тонн түлш үйлдвэрлэдэг ба цаашид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж нэрэх тогооны хэмжээг нэмэгдүүлснээр сард гаргадаг бүтээгдэхүүний хэмжээг 600 тонноор нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа нь импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг бий болгох зорилготой хамт олон юм.