2009 оны хямралаас хойш эдийн засаг хамгийн доод цэгтээ хүрчихлээ
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Эдийн засгийн байдалд 1-5 оноогоор дүгнэлт өгөөч гэвэл та хэдэн оноо өгөх вэ?
Эдийн засгийн одоогийн байдлыг муу гэж дүгнэхээс аргагүй. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй, эдийн засгийн өсөлт энэ онд 2014 оныхоос хоёр дахин удаашрах төлөвтэй байна. Энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлт 4.4 орчим хувь гарсан. Энэ нь 2009 оны хямралаас хойшхи хамгийн доогуур үзүүлэлт юм. Мөн төсвийн алдагдал хэвээрээ, инфляци иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Өнгөрсөн гурван жилд цалин, тэтгэврийг бараг нэмээгүй.
Тиймээс 2011-2012 онтой харьцуулахад иргэдийн амьжиргааны төвшин, худалдан авах чадвар гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээгээр буурсан гэх таамаглал байна. Томоохон бүтээн байгуулалтууд хөдлөөгүй. Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө баталсан нь ахиц боловч ажил эхлэх яагаа ч үгүй. Тавантолгой улс төрийн маргаанаас болоод гацсан, ТЭЦ \/-ын сураг үндсэндээ тасарсан, говийн төмөр замын хөрөнгө оруулагч олдохгүй гээд томоохон төслүүд гараанаасаа гарахгүй байгаа нь харамсалтай.
Оюутолгой 2012 онд эхэлчихсэн бол өдийд үр дүн нь гарсан байх байлаа. Валютын нөөц тэг рүү тэмүүлж, төгрөгийн ханш жил дараалан унаж байна. Үүнээс шалтгаалан импортын барааны үнэ өссөн. Эдгээрээс дүгнэхэд л эдийн засаг хүнд байгаа нь илэрхий.
-Та тэгээд хэдэн оноо өгч байна вэ?
Хоёр оноо. Цаашдаа ч бэрхшээл сорилт байгаа. 2017 оноос эхлээд өндөр хүүтэй арилжааны бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Төв банкны өрийг дарах ёстой. Энэ хоёрыг нийлүүлээд тооцоход эдийн засаг улам хүндэрнэ. Тэр үед нэг рүү орж болзошгүй.
-Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсныг улс төрийн хүрээнд олон янзаар хүлээн авч байна. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад баяр хүргэсэн гэсэн. Харин бие даагчид бараг гэмт хэрэг хийсэн мэтээр тайлбарлаж байна лээ. Та мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Оюутолгой маш том орд. Эрдэнэтийн бүтээн байгуулалтаас гурваас дөрөв дахин их. Өнгөрсөн гучин жил Монгол Улс ийм хэмжээний том бүтээн байгуулалт хийгээгүй. Тэгэхээр эдийн засагт асар их нөлөөтэй орд. Үүний хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, 2012 он гэхэд үйлдвэрийг бэлэн болгосон. 2013 онд ашиглалтад орж төсвийн орлого их хэмжээгээр өссөн. 5000 орчим хүний ажлын байр, татвар хураамж гээд өнгөрсөн хугацаанд 1.3 тэрбум төгрөгийг төсөвт оруулсан мэдээ байдаг. Тиймээс цааш нь өргөжүүлэх ёстой.
Харамсалтай нь 2012 онд Засгийн газар шинээр байгуулагдаж, гэрээнд өөрчлөлт оруулна гэдэг санал гаргасан боловч хөрөнгө оруулагч тал хүлээн аваагүй. Үүнээс маргаан үүсч үндсэндээ гурав дахь жилдээ арай гэж маргаанаа тайллаа.
Гэхдээ яг л 2009 оны гэрээндээ орж байгаа юм. Анхнаасаа тэр гэрээгээ бариад бүтээн байгуулалтын ажлаа явуулсан бол өдийд гүний ажлын талаас дээш хувь нь явчихсан байх байлаа. Оюутолгойн ордын Эрдэнэтээс ялгаатай нь газрын гүнд нийт ордынх нь 80 орчим хувь байдаг. Ил уурхайг ашиглаад орхивол өрмийг нь аваад бусдыг нь хаясантай ижил хэрэг болно.
Газар доор байгаа нөөцийг ашиглах зардал маш өндөр. Ил уурхайтай харьцуулахын аргагүй их хөрөнгө оруулалт шаардана. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээлд зэсийн үнэ их хэмжээгээр унасан. Он гараад ч энэ байдал үргэлжилж байна. Тиймээс ил уурхайн орлогоор гүний ажлыг санхүүжүүлнэ гэсэн төлөвлөгөө амжилтгүй болсон.
Тэгэхээр нэмэлт санхүүжилт гаргаж боловсруулах л ёстой. Одоо төсөл хөдлөх боломжтой болсон учраас хоёрдугаар ээлж 2020 оны үөд ашиглалтад орох байх. Ажлыг цаг үед нь дэс дараа, замбараатай хийхгүй бол сөрөг үр дагавар янз бүрийн байдлаар зайлшгүй гардаг. Гэхдээ шийдэгдэж байгаа нь сайшаалтай.
Үүний тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан болов уу. Тэгэхгүй бол улстөржилтийн үр дүнд төсөл ахихгүй байх магадлалтай байлаа. Ер нь цаашдаа томоохон төслүүдийг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Бүтээн байгуулалт цаг хугацаа шаарддаг, илүү зардал гарах магадлал их.
Зуслангийн байшин барьж үзсэн хүн ямар их зардал гардаг гэдгийг мэдэх байх. Оюутолгойн ажил анх төлөвлөснөөс 4-5 жил хойшилсон, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, валютын ханш нэмэгдсэн гээд зардал өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ зардал нэмэгдлээ гэж гацах биш хоёр тал тодорхой хэмжээгээр буулт хийгээд үргэлжилсэн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. “Рио тинто” компани ч зардал хэтэрснийг хүлээн зөвшөөрч удирдлагын зардлаасаа хассан гэж ойлгосон. Цаашдаа маргаан өдөөж хөрөнгө оруулагчдаа алдах зэргээр алдаа гаргахгүй байх хэрэгтэй.
-Эдийн засагт ирээдүйд олох мөнгөний үнэ цэнийн тухай ойлголт байдаг. Төсөл гацсан нь олоогүй мөнгөний үнэ цэнийг ч унагажээ, тийм үү?
Гүний ажлыг 2012 онд эхлүүл- чихсэн бол жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орох байсан. Тэр ажил нь одоо дөнгөж эхлэхээр гарын үсэг зурж байгаа учраас гурван жилд орох гурван тэрбум ам.долларын урсгалыг үгүй хийсэн. Магадгүй тухайн үөд улстөржихгүй гүний уурхайн ажилдаа орсон бол өнөөдөр төгрөгийн ханш унаагүй, төсвийн орлого ч сайн байх байлаа. Ганц Оюутолгой ч биш хэд хэдэн төсөл улстөржилтөөс болж гацсан. Түүний хохирлыг алдагдсан ажлын байр, хийгээгүй экспорт, бий болоогүй дэд бүтцээр хэмжиж болно.
Энд ТЭЦ-У-ыг онцгойлон хэлэх хэрэгтэй. 2012 онд гэрээг нь тухайн үеийн Эрчим хүчний сайд Зоригт бэлэн болгоод шинэ Засгийн газар гарч байгаа учраас боломж олгоё гээд гарын үсэг зурах эрхийг өгсөн. Гэтэл шинэ Засгийн газар төслийг зогсоогоод байршлыг сольж рдоо бүр хоёр дахиа өөрчилж байна. Ингэснээр нийслэлд цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болсонгүй, цахилгаан дулаан, халуун ус тасрах нь энгийн үзэгдэл болсны горыг иргэд хангалттай амслаа. Тавантолгойн цахилгаан станцын хэлэлцээр ч мөн адил.
Тавантолгойн станц бариагүйгээс Оюутолгойд хятадаас өндөр үнэтэй цахилгаан авахаас аргагүй байдалд хүргэсэн. Энэ нь үйлдвэрийн ашгийг бууруулж, улсад төлөх байсан татвар тэр хэмжээгээр багассан гэсэн үг. Говийн төмөр зам байна, говийн бүсээс гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод хүргэх онцгой үүрэгтэй зам байсан. Төмөр замын зөвшөөрлийг 2012 оны гуравдугаар сард өгөөд ажил эхэлсэн байсныг намар Засгийн газар өөрчлөгдөөд л шууд зогсоосон.
Тэр үед улсаас ямар ч зардал гарахааргүй хувийн хөрөнгөөр барьж байсныг болиулаад оронд нь гаднаас өндөр хүүтэй авсан зээлийн 280 сая ам.долларыг оруулсан. Даанч одоо хүртэл зам барьсангүй. Овоолсон шороо нь цаг хугацаа, салхинд хийсээд алга боллоо. Энэ зам баригдсан бол Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх зардал дор хаяж тавин хувь буурах байсан.
Миний бодлоор түүнээс илүү хэмжээгээр буурах боломжтой байсан. Тэр хэмжээгээр компанийн ашиг нэмэгдэж улсад төлөх татвар нэмэгдэх байлаа. Компаниуд нь дампуурахдаа тулж улсын 'Тавантолгой1' компани их наядын өртэй боллоо. Үүнээс болж олон мянган хүн ажлын байргүй, төр татваргүй, татваргүй учраас замаа барьж чадахгүйд хүрсэн гэх зэрэг олон сөрөг үр дагавар байна.
Цаашдаа эрх барьж байгаа намууд хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталж, түүнийг дараагийн ямар ч нам, улс төрийн хүчин гарсан дагаж мөрдөн, бодлогоо хэрэгжүүлнэ гэж тохироод голлох төслүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлж явдаг болбол эдийн засгийн өгөөж нь их байх болов уу.
-Одоо орж ирэх Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зургаан тэрбум, Энэтхэгээс авах нэг тэрбум гээд Монголд орж ирэх мөнгөний эдийн засгийн нөлөө хэр их вэ?
Оюутолгойн хувьд эдийн засгийн нөлөө их байх нь тодорхой. Уул уурхайн төсөл макро эдийн засгийн нөлөөллийг үржүүлэгчээр тооцдог дэлхий даяар ашигладаг аргачлал байдал Энэ аргачлалаар тооцоход Монголын уул уурхайд орж ирсэн нэг ам.доллар бол бусад салбарт нэмэлт нэг ам.долларын орлого болдог юм. Жилд нэг тэрбумын хөрөнгө Оюутолгойд орлоо гэвэл тээвэр, эрчим хүч, холбоо зэрэг бусад салбарт дахин нэг тэрбум ам.долларын орлого ордог гэсэн үг.
Харин Энэтхэг болон бусад улсын зээлийн хувьд одоогоор юунд зарцуулах нь тодорхойгүй. Тиймээс үр дүн авчирна гэж хэлэхэд хэцүү. Энэтхэг төмөрлөгийн үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр барья гэж саналыг удаа дараа тавьж байсан. Миний бодлоор энэ Засгийн газар Энэтхэгийн хөрөнгөөр компаниудтай нь хамтраад төмөрлөгийн үйлдвэр байгуулбал зөв байх. Одоогоор төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Хүдрээс ашиг олохооргүй байгаа учраас эцсийн бүтээгдэхүүн болговол барилгын болон бусад салбарт өгөөжтэй.
Импортыг орлох том алхам болно. Ер нь гаднаас авч байгаа зээлийг юунд ашиглах нь Монгол Улсын хөгжлийн бодлогоос хамаарах ёстой. Гаднын орны зээлээр үр өгөөж бага, зардал өндөр зүйл хиймээргүй байгаа юм. “Чингис" бондыг явган хүний зам засах, цэцэг тарих зэргээр үр ашиггүй ззрсан. Түүний оронд орчин үеийн технологи, инновацийн шинжтэй салбараа хөгжүүлсэн бол илүү үр дүнтэй байлаа.
Тухайлбал, мэдээлэл харилцаа холбоо, биотехнологи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дахин борлуулах гэдэг ч юм уу. Ийм өгөөжтэй салбарт ашиглаж болно. Манайхан жижиг дунд үйлдвэрийг зээлийн хөрөнгөөр их санхүүжүүлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлд санхүүжилт хэрэгтэй боловч 21 дүгээр зууны улс орны хөгжлийг бий болгох инновацид хөрөнгө оруулах хэрэгтэй.
-Үр ашигтай төсөлд зарцуулах урт хугацаатай зээл авах нь ашигтай. Тиймээс өрийн таазыг нэмээд өгөөч гэж Засгийн газар гуйж байгаа нь анзаарагддаг. Ер нь одоо байгаа өрийн таазыг нэмэгдүүлэх шаардлагатай юу?
Хөгжиж байгаа орны хувьд өрийн тааз 40хувьтай байх нь зөв гэж 2011онд судлаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорхой зааж оруулсан. Уг нь зээл аваад үр өгөөжтэй ашиглах юм бол 40хувь бага тоо биш. Манай ДНБ11 тэрбум ам.доллартай тэнцдэг гэхэд 40хувь нь бараг таван тэрбум ам.доллар. Ийм хэмжээний мөнгийг үр өгөөж, өндөр бүтээмжтэй төсөлд зарцуулбал богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангаж болно.
Харамсалтай нь “Чингис” бондоос авсан 1.5тэрбум ам.долларыг аж үйлдвэрт зарцуулаагүй. Улаанбаатарын хэдэн уулзварыг зассан. Энэ нь сайн, үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ эргэн төлөх үр өгөөжийг зам бий болгодоггүй. Замыг татвар төлөгчдийн мөнгөөр жил бүрийн улсын төсвөөр хийх боломжтой. Цементийн ганц хоёр үйлдвэрээс өөр үйлдвэр барьсангүй. Цемент нь нийт эдийн засаг уначихаар борлуулалтгүй болчихлоо шүү дээ.
Өмнө нь төлөвлөж байсан ган, төмөрлөгийн, зэс хайлуулах, нүүрс боловсруулах үйлдвэрийн алинд ч дээрх мөнгө ороогүй. Тэгэхээр өрийн таазыг нэмэх, үгүй нь техникийн шинж чанартай маргаан болж хувирлаа. Нэмлээ гэхэд үр ашиггүй зарцуулаад байвал улам өрөнд оруулна. Тэгэхээр одоо авах зээлийн хөрөнгийг ч зөв ашиглах хэрэгтэй. Үүний тулд хөгжлийн бодлого төлөвлөлтөө сайн хийж, хуульчлах хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол тухайн салбарт нэг хүн сайд болоод бараг хаан шиг аашилж Ерөнхий сайд, УИХ-д ч захирагдахгүй зарим төслийг болиулаад, унагаадаг байдалд орлоо. Нэг хүний шийдвэрээр аж ахуйн төслийг унагадаг практик хэвийн үзэгдэл болж байгаа нь аюултай. Хөгжлийн бодлоготой болох нь улстөрчдийг тодорхой хэмжээгээр хязгаарлана гэсэн үг. Өөрөө өөрийгөө хязгаарлах ёстой гэдгээ ч ухамсарлах ухамсар улстөрчдөд хэрэгтэй.
-Таны ярианаас “Чингис” бондын эргэн төлөлтийг хийж дуустал, бүтээн байгуулалт эхлэх хүртэл ойрын таван жилдээ ам.долларын ханш буурахгүй юм байна гэж ойлголоо.
Долларын ханш хоёр зүйлээс шалтгаалж байгаа. Энэ нь гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт, нөгөө нь дотоодын мөнгөний бодлого хоёр юм. Өнгөрсөн хугацаанд Монголбанкны бодлого маш буруу явсан. Энэ гурван жил Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэрээр Монголбанк өөрөө төсөл хөтөлбөр зохиож түүндээ зориулан их хэмжээний цаасан төгрөг хэвлэсэн. Бараг гурван их наяд төгрөг хэвлэж гүйлгээнд оруулсан гэж УИХ-аар ярьж байна лээ. Угаасаа ам.доллар ховордож байх үед төгрөгийг ихээр хэвлэсэн нь төгрөгийн худалдан авах чадварыг унагасан. Үүнээс өөрөөр төгрөгийн ханш ингэж унах эдийн засгийн үндэслэл байгаагүй.
Хэвлэсэн мөнгөө компаниудад бага хүүтэй, заримд нь хүүгүй зээлж үнэ хаялцуулах замаар улсын нөөцийн ам.долларыг зарсан. Гэтэл тэр ам.долларыг нь зээл авсан компани нь эргүүлж худалдан аваад ханшийн зөрүүгээр ашиг олсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь ч үр дүнгүй. Харин ч бараа бүтээгдэхүүний үнэ яаж өссөнийг мэдэж байгаа, ялангуяа импортын бараа. Төв банк валютын нөөцгүй бараг валютын нөөцөө гаднаас зээлж байна. Бид зөвхөн Засгийн газрын өрийг яриад Монголбанкны өрийг ярихгүй байгаа. Своп буюу харилцан солилцох хэлэлцээр гэж Монголбанк хийдэг.
Свопоор гаднаас валют аваад өгөх ёстой нөөц нь байхгүй, авсан мөнгөө яаж төлөх нь тодорхойгүй. Тиймээс өнгөрсөн гурван жилийн мөнгөний бодлого дээр хатуу дүгнэлт хийх ёстой. УИХ-аас шалгалаа, үзлээ гэх боловч ямар нэг арга хэмжээ авах нь харагдахгүй юм. Гэтэл “Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрээр авсан санхүүжилт ил болдоггүй. Ямар компани, хэдэн төгрөгийн зээлийг хэр хэмжээний хүүтэй авсан гэдгийг хэн ч мэдэхгүй.
Энэ нь Монголбанкны хөрөнгө биш, Монгол Улсын мөнгө. Үүнийг ядаж УИХ мэдэх ёстой. Гэтэл мэдээлэл өгөхгүй байгаа нь асуудал их байгааг харуулж байгаа юм. Мэргэжлийн хүмүүс Монголбанкийг Төв банк шиг бус арилжааны банк шиг ажиллаад байна гэдэг. Барилга, барилгын материалын үйлдвэрт зээл өгөх биш Монголбанкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг барих шүү дээ. Энэ үүргээ биелүүлээгүйгээс 800. мянган төгрөгийн цалинтай хүний цалин 400 ам.доллар болж уналаа. Ийм бодлого хэрэгжүүлж эхлэхээс өмнө 650 ам.доллартай тэнцэж байсан. Тиймээс нийт иргэдийн, ялангуяа тогтмол цалин, тэтгэвэртэй хүмүүсийн худалдан авах чадварыг үлэмж хэмжээгээр бууруулсан хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой.