Оюутолгой төслөөс манай улс 45-50 тэрбум долларын ашиг хүртэнэ
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зураад ирсэн "Эрдэнэс МГЛ” компанийн захирал, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай ярилцлаа.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр тал бие биедээ буулт хийж, удаан хэлэлцсэний эцэст оновчтой хувилбарыг сонгож шийдэлд хүрлээ гэжонцолж байгаа. Тодруулбал хоёр тал ямар асуудлаар харилцан буулт хийж, зөвшилцөв. Монголын талын байр суурь хэр туссан бэ?
-Хамгийн гол тохирсон асуудал бол хүчин төгөлдөр байгаа Хөрөнгө оруулалтын гэрээгээ цаашид дагаж мөрдөнө гэдэг зарчмаа талууд ахин баталгаажуулсан. Өмнө нь талууд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар шаардаж байсан үе бий. Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд Монгол Улсад хүчин төгөлдөр байсан бүх хуульд үндэслэж байгуулсан бичиг баримт болохоор Оюутолгой төслийн амин сүнс нь. Нөгөө талаас энэ гэрээ өөрөө Монгол Улсын эдийн засагт олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад зориулж хийсэн бодлогын баримт бичиг байхгүй юу.
Үүн дээрээ үндэслэж Монголын тал ирээдүйд хүртэх өгөөжөө 54.9 хувь байхаар тохирсон нь том шийдэл. Үүнийг өмнө нь ямар ч баримт бичигт тусгаж, албажуулаагүй байсан. Гэрээнийхээ хүрээнд зарчмын асуудлаа тохирсон болохоор бие биедээ буулт хийж өгөөд байх зүйл байхгүй шүү дээ. Хоёр тал нэг гэрээнд заалтыг өөр өөрөөр уншиж байсан асуудлаа өнөөдөр ойлголцсон гэсэн үг. Жишээлбэл, хуулийн алдаатай орчуулгаас үүдэж Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг буруугаар ойлгож ирсэн асуудал гарсан. Ийм ойлголтын зөрүү жишээ нь ажил уяж, маргаан үүсгэдэг байсан. Оюутолгойн асуудал шийдэгдсэн нь Монголын Засгийн газар, монгол хүн байгуулсан гэрээгээ дагаж мөрддөг зарчимтай гэдгээ ойлгуулж, хөрөнгө оруулагчдыг татах томоохон алхам болсон.
-Далд уурхайн санхүүжилт зургаан тэрбум ам.доллар болж оссон нь Монголын талын 34 хувийн эзэмшилдээ төлөх өрийн хэмжээ өсөхөд нөлөөлөх үү?
Ийм асуудал байхгүй. Оюутолгой компани өөрөө зээл авч байгаа болохоор манай 34 хувь ихэсч, багасах асуудал байхгүй. Оюутолгой компани энэ өрийг орлогоосоо төлнө. Тэгэхээр бид нэмж өртэй болно гэсэн асуудал байхгүй.
-Монголын талын өгөөж 54.9 хувь болсон, цаашид энэ тоог өсгөнө гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн. Өгөөж өссөний ашиг манай улсад хэрхэн тусна гэж ойлгох вэ?
Өгөөж хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, Оюутолгойн үйл ажиллагааны зардал хэрхэн хэлбэлзэхээс хамаарна. Гэхдээ бид Оюутолгойн эзэн учраас компаниа аль болох ашигтай ажиллуулахыг л бодно шүү дээ; Оюутолгойн орлого баяжмалын экспорт буюу дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэтэй шууд холбоотой. Оюутолгойн орлого нэмэгдэх тусам Монголын талын роялти нэмэгдэнэ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ногдол ашгаа авна. Зэсийн үнэ олон улсын зах зээлд тогтвортой өсөх мөчид Оюутолгойн далд уурхайн экспорт эхэлнэ гэсэн эерэг төсөөлөлтэй байна.
Тэгэхээр хямд зардлаар сайн үнэтэй экспорт хийх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Ингэснээр монголчуудын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах боломжтой. Оюутолгой төслийн нийт хугацаанд манай улс 45-50 тэрбум ам.долларын ашиг хүртэнэ. Энэ нь ногдол ашиг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төрлийн татваруудаас бүрдэж байгаа юм. Анх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа тохирсон ашиг хүртэх гол зарчим бол энэ.
-Оюутолгой компанийн татварын өр анх 130 сая ам.доллар гэж яригдаж байгаад яагаад 30 сая ам.доллар болчихов?
Татварын маргаан таслах зөвлөл Оюутолгой компанид 30 сая ам.долларын ногдуулсан байдаг. Энэ мөнгөө Оюутолгой компани Монгол Улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой татваруудын хувь хэмжээг 2009 онд тогтворжуулж өгсөн байсныг Татварын байгууллагынхан ойлгохгүйгээр торгууль тавьж байсан тохиолдол байсан.
-ТУЗ-д Монголын талын саналын эрх хангалтгүй, шийдвэр гаргахад тэр бүр нөлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үүнд ахиц гарсан уу?
ТУЗ-өөрөө дамжуулж Хөрөнгө оруулалтын гэрээ, Компанийн тухай хуулийн дагуу эзнийхээ үүргийг гүйцэтгэнэ. ТУЗ дотроо зардал, худалдан авалт, санхүүд хяналт тавих байнгын хороог ирэх таван жилд даргалахаар болж байна.
Дараагийн ТУЗ-ийн хурал болсноор энэ шийдвэр гарна. Мөн Засгийн газрын ордноос биш ТУЗ-өөрөө дамжуулж Оюутолгойн асуудлыг шийддэг зарчимд шилжиж байгаа учир тогтвортой, ашигтай ажиллах эхлэл тавигдлаа.
-Оюутолгой Тавантолгойн цахилгаан станцаас хэдийнээс цахилгаанаа авч эхлэхээр тооцоолсон бэ?
450 МВт хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станцын төсөл одоо хөрөнгө оруулагчаа сонгон шалгаруулах үйл явцдаа байна. Гурван жилийн дараа гэхэд станц ашиглалтад орох байх. Энэ мөчөөс Оюутолгой компани 300-350 МВт хүчин чадлыг тус станцаас байнга авна.
Тус цахилгаан станц олон улсын зах зээлээс тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа. Үүнд нь, Оюутолгойн хувь нийлүүлэгч “Туркойз Хилл Ресурс” компани баталгаа гаргаж өгөхөөр болсон. Одоогоор Оюутолгой компани жилд 100 сая ам.долларын цахилгаан Хятадаас экспортолж байна
-С.Ганбаатар тэргүүтэй бие даагч гишүүд “Монгол Улс 8,1 тэрбум ам.долларын өрөнд орлоо, “Зээлийн хүүгийн өрөнд 300 сая ам.доллар төлчихөөд байна" гэх мэт мэдээлэл хийж буй. Энэ тоонд та тайлбар өгч чадах уу?
Би мэдэхгүй зүйлээ ярьж чадахгүй. Тэр хүмүүс энэ тоог хаанаас олоод яриад байгааг мэдэхгүй.
-Удирдлагын зардлыг гурван хувь болгож багасгасан нь ямар үр нөлөөтэй вэ?
Оюутолгой компани “Туркойз Хилл Ресурс” компанид удирдлагын зардал гэж төлдөг юм. Үүнийг хөрөнгө оруулалтын зардалд зургаан хувиар тооцдог байсныг далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх үеэс гурван хувь болгон бууруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зургаан тэрбум ам.долларын зургаан хувь, гурван хувь гээд бодохоор ялгаа нь харагдана.
-Олон улсын банкуудаас хэзээ санхүүжилтээ татаж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх вэ?
Ойрын хугацаанд эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Оюутолгой компанийн ТУЗ 4.2 тэрбум ам.долларын зээлээ хэрхэн татах вэ гэдгээс хамаарна. Нөгөө талаас Засгийн газрын агентлагууд төсөлтэй холбоотой бичиг баримтыг яаралтай гаргаж өгвөл энэ ондоо багтаж бүтээн байгуулалтаа эхэлнэ гэж тооцож байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд нийт долоон жил зарцуулна.
-Олон улсын банкууд зээл олгох хэвээрээ юү. Зээл авахад гаргах зардал өссөн болов уу?
Тухайн эдийн засагт итгэх итгэл сул байвал ямар ч банкнаас зээл авсан, хүү нь өндөр байдаг. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг 9.1 хувийн хүүтэй босгож байгаа бол “Чингис” бондыг 4-5 хувийн хүүтэй авч байсан. Тэгэхээр энэ хооронд ямар их зөрүү байгаа нь харагдаж байна.
-Оюутолгой төсөл энэ жилдээ эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
Төсвийн тал дээр гэвэл татварын орлого нэмэгдэнэ. Мөн олон улсын банкуудаас санхүүжилт татахаар төлөвлөж байгаа компаниудад эерэгээр нөлөөлнө. Нийт 3000 орчим ажлын байр шинээр нэмэгдэхээс энэ жилдээ бүтээн байгуулалтын ажил эхэлбэл тодорхой хувиар ажлын байр бий болно.