Оюутолгойн гэрээ Монголчуудад ямар ашигтай вэ
Оюутолгой
2015.05.22

Оюутолгойн гэрээ Монголчуудад ямар ашигтай вэ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ.

Ингэхдээ тэрбээр Ч.Сайханбилэг сай^ын хилийн чанадад үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө монголчуудад ашиггүй болсон гэлээ. Эрхэм гишүүн талуудын Дубайд гарын үсэг зурсан гэрээг олж авсан бөгөөд онцлох заалтуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн “Оюутолгой" компанийн 2010-2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам тав хоногийн дотор баталгаажуулж гарын үсэг зурах ёстой. Хэрвээ Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ тайланд гарын үсэг зурахгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хэлсэн юм. Хэдийгээр С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээг ийнхүү “Аюултай” хэмээн тодотгож байгаа ч Сангийн сайд харин арай өөр бодолтой байна.

Ж.Эрдэнэбат: Гадаадын банкууд манай улсын эдийн засагт, анхаарал хандуулах боломж бүрдлээ гэж харах хэрэгтэй
Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Гэтэл үүнийг С.Ганбаатар гишүүн хэлэхдээ, өнөөх яриад байсан эвлэрлийн гэрээ нь гэж байна. Түүнчлэн энэ төлөвлөгөөнд таныг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэх юм. Таны хувьд гэрээтэй танилцсан уу, 2010-2014 оны санхүүгийн тайланд гарын үсэг зурах уу?

Ерөнхий сайд Арабад Айлчлалынхаа хүрээнд “Рио тинто" компанитай тодорхой асуудлаар ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх чиглэлийн ажил байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий сайд өөрөө ирээд хийх байх. Надад урьдчилсан мэдээлэл байхгүй байна. Би давхар гарын үсэг зурна гэдэг ойлголт байхгүй шүү дээ.  С.Ганбаатар гишүүн яагаад тэгж ярьсныг мэдэхгүй байна.

-Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурна гэдгийг УИХ-ын гишүүд мэдээгүй байсан юм билээ. Харин энэ талаар засаг дээр ярьж, хэлэлцсэн зүйл байсан юм уу?

Засгийн газар дээр энэ талаар тодорхой мэдээллийг Ерөнхий сайд өгсөн.

-Та Сангийн сайдын хувьд энэ гэрээнд гарын үсэг зурсныг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Монголын талд хэр ашигтай гэрээ болчихов?

Хөрөнгө оруулалт нэмэгдэх тал дээр мэдээж хэрэгтэй байлгүй яахав.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр төсөвт ямар нөлөө үзүүлэх бол?

Эхний ээлжид “Оюутолгой"-той өмнө нь маргаантай байсан 30 сая ам.долларыг төлөх ёстой гэдэг зарчмын байр суурийг Сангийн яам барьсан. Энэ татварын өрийн асуудлыг шийднэ гэдгээ ч “Оюутолгойнхон хэлсэн байна лээ.

-Дэлхийн 15 банкны барьцаанд том ордоо төдийгүй эх орныхоо газар нутгийг тавьчихлаа гэх юм. Үнэхээр тийм зүйл болсон гэж ойлгож болох уу?

Ер нь энд нэг зүйлийг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй. 15 банк Монгол Улсад орж ирнэ гэхээр тал бүр тийш хамаг баялгийг хуваагаад аваад явчих гэж байгаа юм шиг яриад байх юм. Мэдээж хөрөнгөө оруулж ирээд мөнгө биш бодит бүтээн байгуулалт болчихсон байгаа тохиолдолд 15 банк манай улсын эдийн засагт тодорхой хэмжээнд анхаарал хандуулах боломжийг бүрдүүлчихэж байгаа юм шүү дээ.

Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийг хүндрүүлж болохгүй гэдэг мессежийг тэр банкуудад өгчихөж байгаа юм. Тэр хүний хөрөнгө Монгол Улсад байгаа учраас хүссэн хүсээгүй тэд манай улсын эдийн засгийг дордохгүй байгаасай гэж харна биз дээ

С.Ганбаатар: 15 банкны барьцаанд эх орноо тавьчихлаа
-Эдийн засаг хүндрэлтэй үед том төсөл хөдлөх гэж байгаа нь сайн хэрэг биш үү. Яагаад муу гэрээ болсон гэж дүгнэж байгаа юм бэ?

Нэгдүгээрт, төлөвлөгөө нэрээр гэрээ байгуулсан нь ноцтой асуудал. Төлөвлөгөө гэдэг бол гэрээ биш. Энэ бол өрийн бичиг. Гэрээнд зааснаар Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, бидний төлөх өр нэмэгдэнэ. Цаашлаад гэрээнд зааснаар бүтээн байгуулалтын зургаан тэрбум ам доллараас монголчуудад орж ирэхгүй. Энэ мөнгөөр “Рио тинто" өөрийнхөө өрийг эхлээд төлнө гэсэн байгаа. Цаашлаад 2.1 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт гэж гоё нэртэй, монголчуудад хэзээ ч орж ирээгүй мөнгийг Оюутолгой “зардал" гэж бичээд луйвардахаар оруулж ирсэн байгаа.

Гэтэл үүнийг бид хүлээн зөвшөөрөхөөр гэрээнд тусгасан байна. Ингэснээр  монголчууд жилийн 7.1 хувийн хүүтэй 2.1 тэрбум ам.долларын өртэй болж байна гэсэн үг. Мөн анхны гэрээнд далд уурхайн хөрөнгө оруулалт гэж байхгүй байхад ингэж бичээд оруулаад ирсэн. Ингэснээр 4.2 тэрбумыг бас өөрсдөө авна, Монголыг өрөнд оруулж, өрийн бичиг гаргана гээд заачихсан. Үүний дүнд 15 банкинд газар нутгаа, лицензээ, баяжмал худалдах гэрээгээ барьцаанд тавьж байна. Энэ мэт маш ноцтой заалтууд төлөвлөгөөнд туссан учраас би эсэргүүцэж байгаа хэрэг л дээ.

-Одоо бидэнд ямар боломж байна вэ. Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурчихсан байна шүү дээ?

Бид бүхнээ тавиад туучихаагүй байна. Бидэнд боломж, цаг хугацаа бий. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний 4.4-т зааснаар 2010-2014 оны санхүүгийн тайланг Сан- гийн яам тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Энэ хугацаа өнөөдөр оройны 18.00 цагаар дуусгавар болох юм. Үүний цаана Монгол Улс зургаан тэрбум ам.долларын хохирол хүлээнэ. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.

Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл тэг болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын ордыг тавих нөхцөл байдал үүсээд байна гэсэн үг. Тиймээс Сангийн сайдыг энэ гэрээнд гарын үсэг зурахгүй байх гэж найдаж байгаа. Цаашлаад УИХ-аар энэ асуудлыг дахин хэлэлцэх хэрэгтэй гэж харж байна.

-Энэ бүхнээс гадна Оюутолгойтой татварын 30 сая ам.долларын асуудал байгаа. Үүнийг хэрхэн шийдсэн юм бол?

“Оюутолгой” компани эдийн засгийн тогтворгүй байдлыг далимдуулан хүнд нөхцөл тулгаж байна л даа. Анхнаасаа 600 гаруй сая ам.долларын татварын өрийг манай татварын байцаагчид илрүүлсэн. Гэтэл сүүлдээ 130 сая ам.доллар болоод “Оюуолгой”-д ажилласан хэдэн байцаагч ажилгүй болсон шүү дээ. 'Ингэснээр 130-аас 30 сая ам.доллар болж буурсан. Хэдийгээр энэ өрийг төлнө гэж байгаа ч үндсэндээ эвлэрлийн гэрээ болчихлоо шүү дээ.