Эмиратад гарын үсэг зурахыг төрийн түшээд мэдээгүй байжээ
Оюутолгой
2015.05.21

Эмиратад гарын үсэг зурахыг төрийн түшээд мэдээгүй байжээ

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь олны анхааралд байна.

Талууд ийнхүү Оюутолгойн хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон нь эдийн засаг хүнд байдалд орсон энэ үед сайн мэдээ ч гэлээ улс орны эрх ашигт чухал түлхэц болохуйц томоохон ордын асуудлыг шийдэхдээ зугтаж байгаа мэт хаа холын Эмиратад очиж үзэглэсэн нь хэн хүний анхаарлыг эрхгүй татаж байна.

Тэр бүү хэл, түүнийг ийнхүү гадаадад айлчлах үеэрээ томоохон төслөө хөдөлгөх гэрээнд гарын үсэг зурах талаарх мэдээллийг төрийн түшээд хүртэл мэдээгүй байсан нь эх нутгаасаа зугтан байж харь оронд очиж зурсан гэрээнд “Монголын талын эрх ашиг тийм ч дээгүүр биш, цаашлаад Оюутолгойтой холбоотой татварын маргаан, хоёр ч тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт зэргийг дундаа хийсэн юм биш биз” гэх хардлагыг олны дунд төрүүлээд байгаа юм. Цаашлаад Ч.Сайханбилэг сайд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа “Арабын нэгдсэн Эмират улсад хийж буй айлчлалын анхны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

Оюутолгойгоор зогсохгүй Тавантолгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна” гэж хэлсэн нь өдгөө хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн гэрээг ч мөн гадаадад очоод нууц байдлаар зурчих юм биш биз хэмээн хардах хүн олон байна. Ямартай ч бид Ч.Сайханбилэг сайд Арабын нэгдсэн Эмират улс руу ямар ажлаар явсан, тэр дундаа Оюутолгойн гэрээг үзэглэх талаар мэдээлэлтэй байсан эсэх, хоёр жил гаруй хугацаанд гацсан төслийг яагаад заавал гадаадад очиж зурсан талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

С.Бямбацогт:ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙЖ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХЛАА

Ерөнхий сайд Эмиратад ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурна гэсэн мэдээлэл бол байгаагүй. Гэхдээ бүтэн сайн өдөр буюу Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан хүндэтгэлийн чуулганы үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Би өнөөдөр орой Эмират руу явах гэж байгаа.

Энэ үеэр Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа” гэдгийг хэлсэн. Тэгэхэд нь би “Манай бүлэг дээр албан ёсоор танилцуулаач ээ. Зурахаасаа өмнө мэдээлэл хүргэ. Ямар гэрээ байх юм. Аль заалтууд нь Монголын талд нааштай шийдэгдсэн гэдэг талаар мэдээлэл өгөөч” гэж удаа дараа шаардсан. Харамсалтай нь , бидэнд ямар ч мэдээлэл өгөлгүй байж байгаад явчихсан.

Гэтэл Арабын нэгдсэн Эмират улсад очсон даруйдаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурчихлаа л даа. Одоогийн байдлаар гэрээнд чухам ямар тодорхой заалтууд туссан байгаа, хэнд ашигтай, ямар гэрээнд гарын үсэг зурав гэдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Оюутолгой, Тавантолгойн асуудал яригдаж байгаа, эдийн засаг хүндрэлтэй үед нэгийг нь гадаадад очоод зурчихсан нь олон нийтийн дунд янз бүрийн хардлага төрүүлээд байх шиг байна.

Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэхээрээ бидэнд бүрэн дүүрэн мэдээлэл өгөх байх. Үүний дараагаар буюу гэрээтэй бүрэн танилцаж дуусаад бид байр сууриа илэрхийлнэ. Тавантолгойг бас гадагшаа яваад чимээгүйхэн үзэглэчих вий гэсэн айдас бий болчих шиг боллоо. Иймэрхүү зүйлийг ч яриад эхэлсэн байна. Гэхдээ арай үгүй байлгүй дээ л гэж харж байна.

Б.Бат-Эрдэнэ: ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ОРОХ ОРДОО ЗҮГЭЭР ШАХУУ ӨГЧ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

Ч.Сайханбилэг сайд айлчлалынхаа үеэр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурах тухай мэдээлэл гишүүдэд байгаагүй байх. Надад лав тийм мэдээлэл ирээгүй. Тэр бүү хэл, энэ гэрээнд гарын үсэг зурах талаараа Засгийн газар дээрээ эцэслэж ярьсан эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Цаашлаад Оюутолгойн гэрээний асуудал УИХ дээр ч яригдах ёстой юм. Өмнө нь ярьж хэлэлцэж байж чиглэл өгч байсан удаатай.

Түүнчлэн УИХ-ын байнгын хорооны тогтоолоос өгсүүлээд ярьж хэлэлцэх зүйл олон бий. Энэ бүхэнд нийцүүлж гэрээг сайжруулах ёстой гэдэг зүйлийг ярьж байсан атлаа энэ талаар огт ярихгүйгээр барахгүй улам муутгасан гэрээнд гарын үсэг зурчихлаа. Тэр дундаа гадагшаа очоод гарын үсэг зурчихсан нь хэнд ч ойлгомжтой асуудал. Хардахгүй байх аргагүй. Улс орны үндэсний аюулгүй байдал, ирээдүйн хувь заяатай холбоотой орд баялгийг ингэж хөнгөн хуймгай шийдэж болохгүй.

Мөн Засгийн газрын тогтоолоор ажлын хэсэг гаргаад Оюутолгойн үйл ажиллагаанд шалгалт хийх үеэр хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн шүү дээ. Үүнээс 600 сая ам.доллар нь баримттай атлаа дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин илүү үнээр энэ компанид бараа материал шахсан баримт илэрсэн. Харин үлдсэн тэрбум 400 сая ам.доллар нь ямар ч баримтгүй байв. Энэ бол маш ноцтой асуудал.

Энэ их мөнгийг хэн, хааш нь, хэнд өгсөн гэдэг асуудал хариултгүй байгааг тогтоогоогүй байхад гарын үсэг зурчихлаа л даа. Одоо нэгэнт зурчихсан хойно энэ хоёр тэрбум ам.долларын зөрчлийг дахиж сөхөхгүй нь байна. Товчхондоо, Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той бүрэн эвлэрлийн гэрээ байгуулаад бүгдийг нь цайруулчихлаа шүү дээ. Дэлхийд дээгүүрт орох энэ том ордыг зүгээр шахуу өгч байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Ц.Нямдорж: ЯМАР АЖИЛ АМЖУУЛАХАА МЭДЭЭЛДЭГГҮЙ МУУ ЗУРШЛАА ЗАСАХ ЁСТОЙ

П.Очирбат Ерөнхрийлөгч байх үед гадагшаа явахдаа “Ийм ажлаар явж байна, ийм асуудалд гарын үсэг зурна” гэдэг танилцуулгыг УИХ дээр хийдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар дамжуулж ард түмэнд мэдээлэл хүргэдэг байсан гэсэн үг. Харин энэ үеэс хойш ийм төрлийн мэдээлэл байхгүй болчихоод байгаа юм. Нэг мэдэхэд явдаг, нэг мэдэхэд ирдэг. Юу хийж, яаж яваад ирснээ УИХ-д танилцуулдаггүй муу жишиг тогтчихоод байгааг засах ёстой байгаа юм.

Мэдээж үндсэн асуудлаа зөв шийдэж, төслөө зөв шийдэж байгаа бол сайн байна. Олон нийт “Тавнтолгойг бас ингэж чимээгүй байж байгаад гадагшаа яваад зурчих юм биш биз дээ” гээд байгаа. Тавантолгойг тэгж чадахгүй. Хэлэлцэх эсэхийг яаж шийдэхээс л бүх зүйл шалтгаалахаар байгаа шүү дээ. Миний хувьд Ерөнхий сайд айлчлалаар явсныг даваа гаригийн бүлгийн хурал дээр л дуулсан.

Харин Эмиратад очоод ямар учиртай юман дээр гарын үсэг зурсныг мэдэхгүй. Далд уурхайн хөрөнгө оруулалт дээр үүссэн гацааг арилгах баримт бичигт гарын үсэг зурсан гэсэн. Гэхдээ яг ямар баримт бичиг дээр гарын үсэг зурснаа өөрөө ирээд төр улсдаа танилцуулах байлгүй дээ. Ер нь далд уурхайг барих нь энэ төслийн амин чухал асуудал л даа. Эрдэнэтээс зургаа дахин илүү хүчин чадалтай гэж яригддаг далд уурхай баригдчихвал мэдээж сайн.

Энэ талаас нь харвал далд уурхайн санхжүүжилтийг шийдэх гэрээнд гарын үсэг зурсан нь хортой биш байж мэднэ. Харин гэнэт яваад баримт бичигт гарын үсэг зурчихлаа, тэгээд тэр дундаа гадаадад очоод зурчихлаа гэдэг нь аяндаа л хардлага үүсгэнэ л дээ. Гэхдээ хардахын өмнө ямар баримт бичигт гарын үсэг зурсныг нь унших хэрэгтэй. Гэрээ монголын эрх ашигт нийцсэн эсэх нь л чухал.