Оюутолгойн ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа
Оюутолгой
2015.05.20

Оюутолгойн ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа

Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн барихаа мэдэгдсэн. Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д  ажлын айлчлал хийж, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргасан бөгөөд түүний санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Л.Цог нар дэмжсэн байна.   Тэд Оюутолгой”-н ордын гэрээг Монгол Улсад ашиггүй хийж байгааг шүүмжилсэн бөгөөд Засгийн газрыг огцруулахад шаардлагатай УИХ-ын 19 гишүүний гарын үсгийг цуглуулж байгаа аж. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Анх “Оюутолгой”-н гэрээг байгуулахад  гэрээн дээрээ дөрвөн тэрбум доллар шаардагдана гэж заасан.Харин засвартайгаар хүлээн авсан техник эдийн засгийн үндэслэлд 5.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж тусгасан.

Үүнд ил уурхай, далд уурхайн 1.5 тэрбум доллар, баяжуулах фабрик, хаягдлын аж ахуй, цахилгаан станц, дэд бүтэц, эзэмшигчийн зардал, шууд бус зардал, валютын ханшны зардал, бусад эрсдэл гэх мэт бүх эрсдэлийг тооцоолсон. Гэтэл дахиад зөвхөн далд уурхайд зориулж 4.7 тэрбум доллар зарцуулна гэж байна.

Үүний 34 хувийг монголчууд бид төлнө. Оюутолгой анхны хөрөнгө оруулалтын 5.1 тэрбум доллараа нөхөөд дуусмагц Монголын тал 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэсэн шийдвэрийг УИХ гарсан байхад Засгийн газар нэмж өр тавих асуудлыг ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж үзэж байна.Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох үед би Оюутолгойн гэрээг муу явуулбал өөрийн биеэр өргөн барина гэж хэлсэн. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Оюутолгой бол дэлхийд хамгийн том орд. Нөөц нь цаашид нэмэгдэх магадлалтай.  Гэтэл энэ том ордыг үндэстэн дамнасан луйврын гэрээгээр үргэлжлүүлж байна. Ерөнхий сайд 4.7 тэрбум ам.долларын зээлийг Арабаас очиж авлаа. Анх 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай байсан “Оюутолгой”-н төсөл нэмэгдээд  5.1 тэрбум болсон.

Энэ хүрээнд ил, далд уурхайн үйл ажиллагаа бүгд орно гэсэн. Гэтэл далд уурхайн үйл ажиллагааг явуулахгүйгээр ил уурхайгаа  явуулсан. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх бололцоог нь гаргаж өгсөн. УИХ-ын 40 дүгээр тогтоол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Оюутолгойн гэрээг хийхээр байсан. Гэтэл 7 төрлийн татварын хөнгөлөлт эдэлж байна.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын  зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна. “Оюутолгой” үр ашиггүй байгааг та бид мэднэ. Тиймээс “Оюутолгой”-н үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Нийт борлуулалтын 4-5 хувь Монголд үлдэж байна. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй, дусал шиг 4-5 хувь л орж ирж байгаа. Энэ бол буруу юм. “Оюутолгой” хөрөнгө оруулалт биш зээл шүү. Бид анхны хөрөнгө оруулалтын зээлээр өдөр 1 сая ам.долларын зээлийн хүү, төлбөр төлж байгаа. Гадныхан аймшигтай тархи угаадаг юм байна. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа.   

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Оюутолгой”-н гэрээ муу болсныг хүлээн зөвшөөрч өнгөрсөн намар 17,5 тэрбум долларыг гадаадын хуулийн ферм рүү шилжүүлэх асуудал яригдлаа. Гэтэл дахиад ялагдал хүлээж байна. Үүнийг энэ дотор байгаа авлигачид гадныхантай нийлж хийж байгаа юм. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг анх ярьснаасаа 300 хувиар нэмэгдүүлж байна. Муу гэрээг улам муутгаад Монголын авах ашгийг багсгаад, ашиг ирэх хугацааг улам цаашлуулж байна. Оюутолгойн гэрээ анхны гэрээгээр 2021 онд ашгаа хүртэх байсан боловч энэ гэрээгээр 2030 оноос наашгүй боллоо.