Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээг дур мэдэж нэмсэн ерөнхий сайдыг огцруулна
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэр “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй зарим гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндлөө. Тэд “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа ярьж тохирсноо хэрэгжүүлэхгүй, хөрөнгө оруулалтын хэмжээг дур мэдэн нэмэгдүүлсэн гэж Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Анх “Оюутолгой”-н гэрээг байгуулахад гэрээн дээр 4 тэрбум доллар шаардагдана гэж заасан ч Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад очиж гэрээнд гарын үсэг зурахдаа 6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулжээ. Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд нийлж, “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Дубай хотноо байгуулахдаа хөрөнгө оруулалтыг дур мэдэн нэмсэн Ерөнхий сайдыг огцрох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдээллээ.
Тодруулж хэлбэл, Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Нөгөө талаар “Оюутолгой” ашиггүй байхад “Оюутолгой”-н үр ашгийг дээшлүүлэх асуудал далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байна. Нийт борлуулалын 4-5 хувь Монголд үлдэж байгаа нь баялгийн мөнгө Монголд орж ирэхгүй байгааг харуулж байна гэж гишүүд шүүмжилсэн юм.