Талархал
Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргилд 74 насандаа түүхэн авиралт хийхээр 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эх орноосоо мордсон билээ.
Тэрбээр Австрийн 3, Энэтхэгийн 2 тамирчин, 6 хөтөч, нэг хянагч удирдагчийн хамт нэг баг болон авиралтаа 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 01-ны өдөр далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт хүрсэн юм.
Оргилд гарахад 850 метр үлдээд байлаа. Харамсалтай нь Балба улсад газар хөдөлж, олон хүний амь нас сүйдэж, гамшиг болсонтой холбогдуулан Эверестид авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэрийг Непал, БНХАУ-ын Уулын холбооноос гаргасан юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ноён оргилд нь хүрээгүй ч 74 настай хүнээс гарамгүй эр зориг гаргаж, 8000 метр өндөрт хүрч Монгол хүний хүч чадлыг дэлхий дахинд дахин бататган харуулж чадсан ахмад уулчнаараа бахархахгүй байхын аргагүй юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн энэхүү түүхэн авиралтад дэмжлэг хандив үзүүлэх зорилгоор “Монголчууд Эверестийн ноён оргил өөд хамтдаа” аяныг Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан 3 сарын хугацаатай зохион байгуулсан билээ. Энэхүү аянд нэгдэн хандив өргөсөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.