Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв
Онцгой байдлын ерөнхий газар
2015.05.07

Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн  голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.

Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа юм байна.

Өвөрхангай аймгийн хувьд сүүлийн үед малын гоц халдварт галзуу өвчнөөр үнэг, хярс зэрэг хээрийн ан амьтан өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Мөн  2015 он гарсаар галзуу өвчний тохиолдол 14 бүртгэгджээ. Мөн тарваган тахал өвчний голомттой сумд нь хүн амын нягтрал ихтэй, нийт хүн амын 44.1 хувийг эзэлдэг байна. Өнгөрсөн онд гэхэд Сант суманд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэн юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго ч болзошгүй аюул, осол, гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм.

Өнөөдөр өглөө аймгийн хэмжээнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллаж гамшгаас хамгаалах 11 улсын алба, 29 мэргэжлийн ангийн 6600 гаруй иргэн хамрагдав.

Иж бүрэн сургуулийн үеэр мал, амьтны гоц халдварт боом өвчин болон хүний гоц халдварт тарваган тахал өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм тогтоож хэрэгжүүлэх арга хэмжээний үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хөлдөлтийн үед аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаа, Зүүнбаян-Улаан сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулах юм.

Тус аймагт ихэвчлэн тохиолддог аюул, ослын төрлүүдээр цагийн байдлын дагуу аймгийн Онцгой комисс болон албад, мэргэжлийн ангиудын удирдлагын хүрээнд бүлгээр ажиллуулж гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, ажилласан цагийн байдлыг дуурайлган дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Тус аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэг онцлог бол иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг оролцуулах,  болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, дадлагыг эзэмшүүлэхийг зорьж байна. Үүний нэг жишээ нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн төвийн 11 багийн 110 гаруй иргэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан сургуулийн үйл ажиллагаанд оролцож байна.

Мөн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн өмнөх өдөр Арвайхээр сумын иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж нийт 14 мянга гаруй иргэнийг хамруулсан юм.

Онцгой байдлын ерөнхий газар

2015.05.06