1 литр шатахуун 38 төгрөг
Бензины үнэ дэлхийн улс болгонд өөр өөр. Зарим оронд санаанд багтамгүй үнэтэй байхад заримд нь хийжүүлсэн уснаас ч хямдхан байх жишээтэй. Монгол улс шатахууны үнээр дэлхийд дундуур байр эзэлдэг. 2015 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар Монголд бензины үнэ 0,87 доллар, дизелийн түлш 0,82 долларын үнэтэй байна.
Тэгвэл бензины үнэд чухам нөлөөлдөг вэ? Олонхи судлаачид дараах хүчин зүйлсийг голлон авч үздэг.
Өөрийн гэсэн газрын тосны нөөц
Хэрэв тухайн улс дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бол импортлогч орнуудтай харьцуулахад шатахуун хямдхан байдаг. Үүний нотолгоо нь Япон, Венесуэл дэх шатахууны үнийн ялгаа юм.
Өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэр
Өөртөө нефть боловсруулах үйлдвэртэй орнууд бол Венесуэл, Туркменистан, Иран, Казахстан юм. Эдгээр оронд шатахууны үнэ хамаагүй доогуур бөгөөд А 95 бензин 0,016-0,6 доллар байдаг. Харин ОХУ өөрийн үйлдвэртэй ч шатахууны үнэ өндөр буюу 0,74 доллар байдаг.
Зах зээлийн өрсөлдөөн.
Өрсөлдөөн шатахууны үнэд сайнаар нөлөөлдөг. Хэдий чинээ их нефтийн үйлдвэртэй байна, төдий чинээ тэр улсад шатахууны үнэ доогуур. Гэвч энэ нь бодит байдал дээр тийм биш. ОХУ, Канад зэрэг нефтээр баян орнуудад шатахууны үнэ харьцангуй өндөр. Тиймээс шатахууны үнийг зохиомлоор хөөрөгддөг тохиолдол бий.
Омскийн нефть боловсруулах үйлдвэр
Төрийн бодлого
Судлаачид шатахууны татвар өндөртэй оронд амжиргааны түвшин дээгүүр гэж ярьдаг. Жишээ болгож амжиргааны түвшин, шатахууны үнийн аль аль нь өндөр Норвеги улсыг авч үздэг. Гэвч бас л 100 хувь тийм биш. АНУ, ОХУ, Узбекистанд шатахууны үнэ адилхан ч амжиргааны түвшин нь тэнгэр газар шиг өөр.
Төрийн дэглэм
Хамгийн хямдхан шатахуунтай орнууд голдуу дарангуйллын маягийн төрийн дэглэмтэй (Венесуэл, Иран, Саудын Араб, Ливи, Туркменистан) байдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм улсуудад эрх баригчид ард түмний дунд дургүйцэл гарахаас эмээж шатахууны үнийг хүссэнээрээ бууруулдаг. Үнийн энэхүү бодлого нь эдийн засгийн гэхээсээ илүү түүхэн уламжлалын шинж чанартай.
Түүнээс гадна шатахууны үнэд нөлөөлдөг нэг том хүчин зүйл бол олон улсын харилцаа. Тухайлбал АНУ, Европ болон Ираны хоорондох таагүй харилцаа, Ираны нефтийн эсрэг авсан хориг арга хэмжээ, Америкийн зүгээс ирэх байнгын шахалт дэлхийн нефтийн зах зээлд шууд нөлөөлдөг.
Аль улс оронд бензин ямар үнэтэй байдгийг харьцуулахын тулд хамгийн чанартай гэгддэг А 95 бензиныг авч үзье.
Өнөөдөр хамгийн үнэтэй бензин Норвегид зарагдаж байна. Тэнд 1 литр шатахуун ойролцоогоор 2 евро. Турк улсад 1,95 евро. Голланд, Швед, Дани, Итали, Их Британи, Грек, Бельгид арай хямд, дунджаар 1,70 евро. Гэхдээ эдгээр орнуудад хүн амын орлого их учраас бензины үнэтэй холбоотой гомдол гардаггүй.
Бензины үнэ. 2015 оны 5 сарын 11-ний байдлаар.
Харин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, өнөөдрийн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад бензин маш хямд. Хамгийн хямдхан бензин Азербайжанд бий. Тэнд 1 литр А 95 бензин 0,63 евро, А 98 бензин 1,58 евро. Дизелийн түлш ердөө 0,48 евро. Үүнээс арай үнэтэй бензин Белорусад 0,71 еврогоор зарагддаг бөгөөд жолоочид хэтэрхий үнэтэй байна гэж үздэг.
Монголд шатахуун экспортлогч ОХУ-д 1 литр А 95 дунджаар 0,76 евро. Гэхдээ машины эзэд үнэтэй байна гэж байнга гомдоллодог. Онолын хувьд шатахуун хямдхан байх ёстой ч ашигт малтмалын татварыг шатахууны үнэтэй холбосноос болж үнэ хүссэн хэмжээнээс өндөр байдаг аж. Хэрэв нефть олборлогчдын татварыг өөрчилвөл үнэ гарцаагүй бууна. Гэвч ойрын ирээдүйд шатахууны үнэ өснө үү гэхээс буурахгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь ОХУ шатахууны татварыг 5-10 хувь өсгөж олсон мөнгөөрөө авто замын санг баяжуулах учиртай. Засгийн газар шатахууны үнэ ялихгүй өснө гэж амлаж байгаа.
Дизелийн түлшний үнэ. 2015 оны 5 сарын 11-ний байдлаар.
Шатахуун хямдхан байдаг орнуудад үнийг голдуу төрөөс өгдөг татаасын хүчээр барьдаг. Энэ нь өнөөдөр нэг төрлийн нийгэм, улс төрийн бодлогын хэрэгсэл болжээ. Хэрэв шатахууныг хямдхан байлгахгүй бол ард түмэн бужигнаж эхэлнэ. Түүгээр барахгүй Ойрхи Дорнодод шатахууны зах зээл гэж байхгүй, төр бүх мөнгийг даадаг. Тухайлбал Иранд хувь хүн, байгууллага гадагш нь шатахуун зарахыг хязгаарласан. Яагаад гэвэл хүмүүс шатахууныг их хэмжээгээр нь авч бензин үнэтэй байдаг улсад аваачиж зарах болсон байна.
Бөмбөрцгийн баруун хагасад хамгийн хямдхан бензиныг Венесуэлд зарж байна. Тэнд литр шатахуун 2 евро центээс ч бага, өөрөөр хэлбэл 38 хан төгрөг.
Мөн Саудын Араб, Туркменистанд шатахуун хямдхан. Иран, Бахрейн, Катар, Алжир, Оман, Египтэд нэг ширхэг зөөлөн чихэрний мөнгөөр шатахуун авч болно. Харин Ливи улсад дайн дажинаас болж шатахууны үнэ 100-300 хувь өсчээ. Саяхныг хүртэл энэ улс дэлхийд хамгийн хямдхан шатахуунтай 3 орны нэг байв.