Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн нөхөн сэргээлттэй танилцлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарын албаныхан
2014.08.13

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн нөхөн сэргээлттэй танилцлаа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос олборлож, экспортолж байгаа талбайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Байнгын хорооны даргын хамт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус компани нь Тосон-Уул XIX талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолдог байна.

Петрочайна Дачин Тамсаг ХХК манай улсад газрын тос олборлож буй хамгийн том үйлдвэр ажээ. Энэ нь манай улсад эдийн засгийн хувьд орж ирэх өгөөж өндөр ч эргээд нөхөн сэргээлт хийх шаардлага ихээхэн тулгардаг байна.

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн удирдлагуудын тайлбараар тус компани орон нутгийн санд нөхөн сэргээлтийн ажилд зарцуулахаар 4.9 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан газрын тосны олборлолт явуулж буй тус талбайд нөхөн сэргээлтийг зогсолтгүй тогтмол хийж байх нь байгаль орчинд эерэг нөлөөтэйг онцолсон юм.

Монгол Улсын байгаль орчныг хамгаалах хуулиудыг дагаж мөрдөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг сануулсан байна. Тодруулбал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа авто замын ажлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах шаардлага бий болоод байгааг онцолжээ. 

Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн хүнд даацын авто машин дуртай газраараа давхилдаж, Дорнодын тал нутгийн унаган байгалийг эвдэж буйд тэрээр санаагаа чилээж буй аж. Иймд авто замыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах ёстой гэжээ. Авто зам тавигдсанаар тус компанид ажиллаж буй Монгол жолооч нарын хөдөлмөрийн ажиллах нөхцөл ч сайжрах юм.