Ө.Хүдрээ: Хаалтай байлгах тусам компанийн өсөлтөд муугаар нөлөөлдөг
“Хай Би Ойл” компанийн гүйцэтгэх захирал Ө.Хүдрээтэй компанийг хэрхэн нээлттэй болгож, олон улсад өрсөлдөхүйц компани болох талаар ярилцлаа.
Мэргэжил: Нефтийн инженер
Ажилласан жил: 17 жил
Туршлага: Тэрээр ажлын гараагаа Шунхлай компанид ахлах инженерээр эхэлж, анхны бүтээн байгуулалтад оролцож байсан. Харин одоо тэрээр хөрөнгийн зах зээл дээр амжилттай хөрөнгө босгож, “Хай Би Ойл” ХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-“Хай Би Ойл” хувьцаат компанийг байгуулах санаа хэзээ, яаж гарч байв аа. Тэр дурсамжаас эргээд хуваалцана уу.
2000 оноос эхлэн инженер найзуудтайгаа нийлээд нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр төсөл боловсруулж, хоёр ч төслийн тоног төхөөрөмжийг өөрсдийн хөрөнгөөр угсарч туршин амжилттай дуусгасан. Ингээд хаягдал тосыг дахин боловсруулах болон авто бензины чанар сайжруулагч гэсэн хоёр төслийг Засгийн газар болон хөрөнгө оруулагчдад танилцуулсан.
Бензины чанар сайжруулагч нь техникийн спиртийг абсолют болгон цэвэрлээд бага октантай бензин дээр нэмж, өндөр октантай
болгосноороо онцлог байсан. 2004-2005 онд манай улсын эдийн засаг хүнд, улсын төсөв дөнгөж тэрбум доллар л хүрч байсан учраас 150 сая ам.долларын төсөл өндөр өртөгтэй байсан.
Гэсэн ч бид шантралгүй өөрийн улсын Эрдэм шинжилгээний байгууллагууд болох Физик тэнхимийн хүрээлэн, Техникийн их сургуулийн МИС, Химийн хүрээлэн, Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран төслөө сайжруулсаар л байлаа. Бидний бичсэн төсөл тухайн үедээ метиллийн спиртийг нүүрснээс үйлдвэрлэх санааг гаргасан бөгөөд метанолыг цэвэршүүлээд түүнийгээ айл өрхийн халаалт, автомашинд хэрэглэх боломжтойг баталсан явдал юм. Тэр төслөө ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачилсан ”Мянганы хөгжлийн зорилт” уралдаанд сойж, тусгай байрын шагнал хүртэл авч байсан.
- Анхны хөрөнгө оруулалтыг хэрхэн босгож байв?
Хөрөнгө оруулалт бол босоход хэцүү байсан учир төсөл болон багаа хоёр салгасан. Миний хувьд тосны төслөө авч, бие дааж хөрөнгө оруулалтаа босгохоор шийдсэн. Нөгөө баг нь шатахууны нэмэлтийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.
2007 онд хамгийн боломжтой хувилбар болох дотоодын Хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргаж, шинээр байгуулагдсан анхны хувьцаат
компани болсон.
-Тэрнээс хойш амжилттай ажиллаад 2013 он гэхэд хамгийн өндөр өсөлттэй хувьцаатай компаниар шалгарсан байна. Энэ бүх амжилтын нууц юу байв?
Химийн үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээл их байдаг. Талх үйлдвэрлээд маргааш нь дэлгүүрийн лангуун дээр тавихаас арай өөр.
2008 оноос татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө үйлдвэрээ байгуулсан нь үнэхээр зөв алхам байсан. Тэгээд эдийн засгийн хямралын уршгаар хоёр жил хүлээлтийн байдалд орсон. Гэсэн хэдий ч 2010 оноос өнөөг хүртэл дандаа өсөлттэй явж байгааг хэлэх хэрэгтэй.
-Тэгэхээр энэ хугацаанд компанийн засаглалыг хэрэгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах гээд олон асуудал байсан байх. Хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
Хаалттай компани нээлттэй болох нь бүх санхүүгийн мэдээлэл болон үйл ажиллагаа бүх хувьцаа эзэмшигчид, ТУЗ болон хөрөнгө оруулагчдын өмнө нээлтэй ил тод байдгаараа ялгаатай. Энэ нь компаний засаглалын хувьд олон нийтэд нээлттэй болж байгаа юм.
-Нээлттэй ажиллахын давуу тал нь хөрөнгө оруулалтыг татахаас гадна юу байдаг вэ?
Нээлтэй компани болохоор мэдээллийг хуулийнхаа дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Татварын газар, хувьцаа эзэмшигчдэд янз бүрийн хэлбэрээр нээлттэй хүргэдэг. Бүгд нээлттэй. Нэг ширхэг хувьцаа эзэмшигч байсан ч тэр мэдээлэл авах эрхтэй байдаг. Бид цааргалалгүй бүх мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
Компани бизнес нь зөв, өсөлттэй байгаа тохиолдолд үйл ажиллагаа явуулж байх үедээ мэдээллийг нууцлах шаардлага бага гардаг. Тухайн компани мэдээллийг нуугаад хаалтай байлгах тусам компанийн цаашдын өсөлтөд муугаар нөлөөлдөг.
Мэдээж бизнесийн салбарт өөрийгөө зориулж байгаагийн хувьд эхлээд дотоодод, дараа нь гадаад зах зээлд гарахын тулд компанийн нээлттэй үнэн зөв засаглалыг хэрэгжүүлж, мэдээллээ аль болох ил тод болгоход анхаарах хэрэгтэй.
Ер нькомпани байгуулаад нийгмийн харилцаанд илүү өргөн хүрээнд орно гэдэг бол маш том зориг. Гэхдээ нэг талаас зориглоод компани байгуулаад явж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэж боддог.
-Компаниуд засаглалаа сайжруулж байгаа ч Монголын Хөрөнгийн зах зээлийн биржийн үйл ажиллагаа учир дутагдалтай гэх хүн олон байдаг. Үүнд ямар саналтай байдаг вэ?
Би хөрөнгийн зах зээлийн шинжээч хүн биш. Гэхдээ миний бодлоор жам ёсныхоо дагуу л явж байгаа гэж боддог. Туулах ёстой замаа туулаад явж байгаа, цаашид улам сайжрах нь ойлгомжтой. Мэдээж үндэсний компаниуд томорч, өөрийнхөө үнэлэмжийг өсгөж, зах зээл дэхь байр сууриа бэхжүүлсэн томоохон тоглогч болохын тулд задарч, нээлттэй болох ёстой.
Манай нээлттэй компаниуд дийлэнхи нь гадны хөрөнгийн бирж дээр ажиллаж эхэлж байгаа, үүнийг дагаад үйл ажиллагааны цар хүрээ, зах зээлийн үнэлгээ өсөх байна. Гэхдээ зарим тал дээр хувийн компани, аж ахуйн нэгжүүдийн санаачлага, шинэ төсөл, үндэсний компаниуд хамтарч байгаа төслүүдийг улсын зүгээс бодлогоор сайн дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг.
Жишээ нь манай үйлдвэр ашиглалтад ороод эхний гурван жил үнэхээр хүнд байсан. Түүхий эдээ дотоодын зах зээлээс авч, түүнийгээ өртөг шингээж боловсруулаад буцаагаад зах зээлд нэвтрэхэд хэцүү байсан. Тиймээс эхнээс нь үндэсний үйлдвэрээ дэмжих, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг нь таниулж хамгийн хүнд нь монгол хүний сэтгэхүйг давж гарах явдал байсан. Гэхдээ уг нь энэ хугацааг багасгах боломжтой гэж боддог.
Эргээд харахад тухайн үед улсын зүгээс компани аж ахуй нэгжээс авдаг олон төрлийн татвараа түр хойшлуулаад хугацаагаар л тусалж өгсөн бол арай амар байсан байж магадгүй. Тодорхой хугацаанд хуримтлалтай болоод эргээд үйл ажиллагаандаа зарцуулсан бол хөшүүрэг болох байсан.
Гэхдээ л үнэхээр ач холбогдолтой дотоодод нэмүү өртөг шингээж байгаа зүйлүүдээ засгийн газар дэмжиж, гаалийн татвараас чөлөөлнө гэдэг ч заримдаа амьдрал дээр хэрэгждэггүй. Миний бодлоор төрийн үйл ажиллагаанд яам, агентлаг хоорондын уялдааг хангахад судлагааны институт хэрэгтэй юм шиг санагддаг.
Хууль дүрэм байлгүй яах вэ. Гэхдээ чөлөөтэй сэтгээд, шинэ юм сэдэж байгаа хүнд боломж олгох хэрэгтэй.
-Танай компани нийт хичнээн хувьцаа эзэмшигчидтэй вэ?
Америкийн Хөрөнгө оруулалтын сан, Япон, Хонгконг болон дотоодын компани бас хувь хүмүүс нийлээд нийт 250 гаруй хувьцаа эзэмшигчидтэй. Бид нар өнгөрсөн онд нэмэлт хувьцаа гаргаж, 5 сая долларын хөрөнгө оруулалт татсан.
-Танайх өнгөрсөн жилээс Хойд Солонгосын нефтийн компанид хувь эзэмшдэг болсон гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Компанийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч нар маань үнэлсэн үйл явдал болсон. Газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Английн НИНОКС компаний хувьцааг манай компани худалдаж авснаар Хойд солонгосын нефть боловсруулах төрийн өмчит компанийн хорин хувийг эзэмших болсон.