Гамшиг судлалын анхны магиструуд төгслөө
Онцгой байдлын ерөнхий газар
2015.05.06

Гамшиг судлалын анхны магиструуд төгслөө

Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм. 

Дээрх зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын 3, Нийслэлийн Онцгой байдлын газрын 5, Аврах тусгай ангийн 4, Уул уурхайн аврах ангийн 1, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн 4, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 7, нийт 24 албан хаагч  хамгаалсан байна. 

Онцгой байдлын ерөнхий газраас гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны гурван албан хаагчийг товч танилцуулж байна. Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн онцгой байдлын дэд хурандаа Буянтогтохын Баянмөнх, тус албанд олон жил ажиллаж буй туршлагатай албан хаагч юм. Тэрээр   “Онцгой байдлын албаны хүний нөөцийн менежментийг сайжруулах арга зам” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа.            

Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Санжаагийн Амгалан онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. Тэрбээр тус сургуулийг “Гамшгаас хамгаалах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжийг судлах нь” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа.

Онцгой байдлын дэд хурандаа Алтангэрэлийн Алтанбагана Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт ахлах мэргэжилтнээр ажилладаг мөн л манай тэргүүлэх ажилтны нэг юм. Тэрээр “Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын аюулгүй байдлыг хангах асуудал ” сэдвээр гамшиг судлалын магистрын зэрэг хамгааллаа. 

Нийт магиструуддаа Онцгой байдлын удирдлагууд болоод нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.