“Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-нд нэгдэхийг уриаллаа
2015.05.04

“Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-нд нэгдэхийг уриаллаа

Залуу үе, төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгал орчноо хайрлан хамгаалах үйлсэд өргөн хүрээгээр татан оролцуулах нэгдмэл зорилготой хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. 

Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарч байгаагийн гол буруутан нь хүмүүс, хүний хариуцлага, болгоомжгүй үйлдэл болж байгаа учир иргэд дор бүрнээ дүгнэлт хийж, аюул гамшигаас урьдчилан сэргийлэх үйлсэд анхаарлаа хандуулж, чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах шаардлагатай болоод байна.

“Оргил өөд” клуб гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх, энэ үйлсэд төрийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аян” өрнүүлэх санаачлага гарган ажлаа эхлүүлээд байгаа юм.

Аяны хүрээнд хийх сарын ажлын төлөвлөгөөнд ОБЕГ-аас мэргэжил, арга зүйн дэмжлэг авахаар тусгагдсаны дагуу ОБЕГ-т хандахад тус байгууллагаас иргэдийн ийм үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд “Оргил өөд” клубтэй жилийн хугацаанд хамтран ажиллах Санамж бичиг ийнхүү байгуулах санал тавьсан нь маш их урам зориг өглөө.   

“Оргил өөд” клубын гишүүд тавдугаар сарын нэгнээс зургаадугаар сарын нэгний хооронд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрагдах, олон нийтэд зориулан ОБЕГ-аас ажиллуулж байгаа цахим хуудсыг сурталчлах, уг хуудсанд аялагчдын бүртгэлийн системийг нэвтрүүлэх, байгалийн ногоон бүс рүү нэвтрэх гол цэгүүд дээр анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарууд байрлуулах, ОБЕГ-ын аврагчидтай хамтран алхалт хийж гишүүдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг байгал орчинд нь хийх, сургалтын ажиллагааг нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэх зэрэг ажлуудыг хийх аж.

“Оргил өөд” клуб “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд хийх энэхүү сарын ажлаараа бусад байгууллага, хамт олныг энэ үйлсэд нэгдэн бодит хувь нэмэр оруулах давалгаанд нэгдэхийг төрийн болон ТББ-уудад уриаллаа.