Түймрийн хор уршгийг арилгах зардалд шаардагдах 1,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.
Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс олгосон байна.
Мөн түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган суман дах улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байсан “БМП” маркийн байлдааны 6 ширхэг машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлээд байна.
Эдгээр зардалд шаардагдах 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлууллаа.
Мөн ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад нэг бүрийн галын аюулгүй хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч (РЛО), хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах 600,0 сая төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв.