100 мянган ахмад настны тэтгэвэр нэмэгдсэн гэв
Долоо хоног бүрийн пүрэв гарагт “Сайдын цаг” уулзалт болдог уламжлалтай. Энэ удаагийн “Сайдын цаг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.
Тэрбээр “Хүн амын 35 хувийг эзэлдэг нэг сая орчим хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Хүүхдийн мөнгөнд өнгөрсөн онд 228.9 тэрбум төгрөг зарцуулсан. Иргэд хүүхдийнхээ мөнгийг авахын тулд банкинд дугаарлахгүйгээр хүүхэд бүрт нэрийн данс нээсэн” гэв.Мөн Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд нийт 579 орчим мянган иргэн хамрагдсаныг баталгаажуулсан байна.
Эдгээр иргэний 49 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд. Үүнээс 68.1 хувь нь 31-50 насны иргэд байна. Нийт бүртгэгдсэн иргэдийн 75.3 хувь буюу 4360 нь ажилласан жилээ 5-11 жилээр нөхөн тооцуулсан аж. Нийгмийн халамжаас тэтгэвэр авч байсан 12.7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломж бүрджээ. Мөн 100 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.
Үүнээс гадна Монгол Улсын Төрөөс хүн амын хөгжлийн чиглэлээр баримтлах цогц бодлогыг салбарын яамнаас боловсруулжээ. Энэ талаар тэрбээр “Одоо гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Тус хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн. Төрөөс гэр бүл, эцэг, эх хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах юм. Мөн Хамтын тэтгэврийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа” гэсэн юм.