Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Төрийн ордон
2015.04.29

Нээлттэй сонсгол үргэлжилж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд УИХ дахь намын бүлгийн дарга нар, УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл болон ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэх алба хаагчид оролцож байна. 

Өргөдлийн байнгын хорооны даргаар О.Баасанхүү ажиллах болсноос хойш энэ талаар илүү анхаарал хандуулж ажиллах болсон бөгөөд нэг асуудлаар 100-аас дээш өргөдөл ирсэн тохиолдолд нээлттэй сонсгол зохион байгуулж байхаар болсон аж. 

Энэ хүрээнд анхны нээлттэй сонсголыг төрийн албан хаагчдыг хоморголон халсан асуудлаар хийхээр болж Төрийн ордоны Нээлттэй сонсголын танхимд зохион байгууллаа. Энэ үеэр гомдол ирүүлсэн иргэдээс гадна, салбарын сайд, мөн УИХ-ын гишүүд, судлаач, ТАЗ-ийн гишүүд ч оролцлоо. Нээлттэй сонсголын үеэр хамгийн их шүүмжлэл сонссон гурван яам бол Эрүүл мэндийн яам, БОНХАЖ-ын яам, Хөдөлмөрийн яам. 

Улс төрийн ашиг сонирхлоор албан хаагчдыг халж солих асуудал маш их байгаа гэдгийг гишүүд онцолж гурван салбарын сайдыг ээлж дараалан байцаасан юм. Гэсэн ч Өргөдлийн байнгын хороог хэтэрхий их улстөржиж, олон жил улиг болсон энэ асуудлыг хэрхэн засч залруулах тухай ярих гэхээс илүүтэй хэдэн сайдуудыг байцаах журмаар явж байна гэдгийг С.Бямбацогт гишүүн онцолсон юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь УИХ дээр удаа дараа энэ асуудлыг ярьж, хэдэн мянган төрийн албан хаагч халагдаж байхад дуугараагүй атлаа одоо гэнэтхэн гарч ирээд гурван сайд суулгаж байцааж байгаа нь шийдэх гарч биш. Бид энэ асуудлаас хэрхэн гарах вэ гэдгээ тодорхой ярих ёстой гэв. 

Харин О.Баасанхүү гишүүн өргөдөл гомдол 100-аас дээш ирсэн учраас бид энэ асуудлыг хөндөж байна хэмээлээ. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ үеэр сайдуудаас асуулт, асууж яагаад эдгээр албан хаагчдыг хэлсэн бэ гэдгээ тайлбарла гэв. Ингээд УИХ-ын гишүүд, иргэдийн асуултад сайдуудын хариулсныг хүргэж байна. 

Д.Оюунхорол: Өргөдлийн байнгын хороог төрийн албан хаагчдын тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбоотой асуудлаар илүү ухаалаг зүйл ярих байх гэж бодсон.  Гэтэл өнөөдрийн явж байгаа зарчим бол өөр байна.  Улс төр хийж байна гэж харж байна.  2012 оны сонгуулиас хойш Монголын улстөрд бий болсон шинэ үзэгдлийн талаар бид дүгнэлт хийн ярих шаардлагатай байсан байж магадгүй.  Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын оролцоогүйгээр Монгол Улсын бүтэц, зохион байгуулалт, төрийн ажил явсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр халаа, сэлгээ хийсэн асуудал биднээс эхлэлтэй биш ээ. Бид  хууль зөрчсөн ямар ч асуудал хийгээгүй.

Б.Гарамгайбаатар: Хэрлэн голын сав газрын даргаар яагаад сумын Засаг даргаар ажиллаж байсан улс төрийн албан хаагчийг томилсон юм бэ?

Д.Оюунхорол: Хэнтий аймгийн иргэд Хэрлэн голын сав газрыг аймагтаа байгуулж өгөхийг хүссэн. Өмнөх сайдын үед улс төрийн шийдвэрээр Багануур дүүрэгт байгуулагдсан юм билээ.  Хэрлэн голын сав газрыг орон нутагт нь байгуулж өгөх хүсэлт тавьсан. Тиймээс л энэ асуудлыг шийдсэн.  Засаг дарга гэдэг нэг талаас улс төрийн албан тушаалтан нөгөө талаас төрийн албан хаагч мөн.  Тиймээс ажлын дадлага туршлагатай, энэ ажлыг хийж чадах чадвартай гэж үзэн Багануур сумын даргыг томилсон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй. 

С.Чинзориг: Гишүүд асуудалд битгий улс төрийн өнцгөөс хандаач ээ гэдгийг хэлмээр байна.  Ер нь бидэнд асуудал байна уу гэвэл байна.  Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал байна. Харин үүнийгээ зөв оношлох талд анхаарал хандуулах ёстой. Б.Гарамгайбаатар гишүүний асуултад хариулахад би гудамжны гэдэг үг ерөөсөө хэлээгүй.  Үг мушгиж байгаа нь харамсалтай байна.  Засгийн газар 2012 оны есдүгээр сард түр орлон гүйцэтгэгчийг томилох журамд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэнийг томилж болно гэсэн өөрчлөлт оруулсан.  Үүний үндэслэлээр томилсон байдаг. 

Харин 2013 онд үүнийгээ хүчингүй болгосон байгаа юм.  Тиймээс түр орлон гүйцэтгэгч чинь хууль бус болчихоод байгаа юм.  Тэгэхээр надад ямар боломж үлдсэн гэхээр 2011 онд баталсан 62 дугаар тогтоолын дагуу шийдвэрээ гаргасан.  Мөн түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо улстөржөөгүй. Хэлтэс дотроо хамгийн олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчыг томилсон.  Тэгэхээр би ямар ч хууль зөрчөөгүй. 

Судлаачид: Бид хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Улс төрийн албан тушаалтанг түр орлон гүйцэтгэгч гээд тавьчихдаг. Гэтэл энэ чинь эргээд асуудал үүсгээд байна. Нэг асуудлыг хоёр гурван хуульд өөрөөр тусгачихдаг учраас ажлаас халагдсан чөлөөлөгдсөн иргэд эргээд шүүхэд хандахад энэ хуулийн ийм заалт байгаа учраас гээд эргээд өөрсдөө буруутан болдог. 

Судлаач: Төрийн албан хаагчид намын гишүүн байхгүй гэсэн хууль аль дөрөв таван жилийн өмнөөс хэрэгжиж байгаа. Тэр тохиолдолд төрийн албан хаагчийг намын харьяаллаар ажлаас чөлөөлсөн тухай яриа гарах ёсгүй. Энэ чинь эргээд хууль зүйн талаас яригдах асуудал болно. Намын харьяаллаар халсан гэж шүүхдэж байгаа нь эргээд өөрөө намын гишүүн байсан уу, ямар үндэслэлээр ингэж хэлж байна вэ гэдэг асуудал бий болгоно. Тиймээс төрийн албан хаагчийг ямар үндэслэлээр халж байгаа вэ гэдгээ тайлбарлаж, асуудлыг тал талдаа ойлголцох ёстой. 

С.Одонтуяа: Ер нь бид энэ асуудлыг нэлээд нухацтай ярилцах цаг нь болсон байна. Сайд дарга нар та бүхэн улс төрийн албан тушаалаар очсон байж болно. Тэглээ гээд тэнд төрийн албан хаагчдыг халах эрхгүй. Тэд төрийн албандаа шалгалт өгөөд тэнцээд ажлаа хийж байгаа. Манай сайд дарга нар өөрсдийн багаа бүрдүүлэх нэрийдлээр нам дамжсан залуусаар төрийн албыг дүүргэдэг байдлаас болж одоогийн залуус намд орчихоор төрийн албанд очно гэсэн сэтгэхүйтэй болж байна. Бид ийм хүмүүс хүмүүжүүлж болохгүй. С.Ламбаа сайд Эрүүл мэндийн сайд байхдаа нэг ч хүнийг төрийн албанаас чөлөөлөлгүй асуудлыг эвтэйхэн удирдаад ирсэн. Тэгэхээр энэ халж солих асуудал хувь улстөрчийн характераас бас шалтгаалдаг юм билээ. Төрийн албан хаагчдыг битгий ингэж халж солиоч ээ. Наад хүмүүс чинь цалингийн зээлтэй, ардаа амьдралтай, найман хувийн зээлээ төлөх гэж л ядарч яваа хүмүүс.