УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.04.28

С.Баярцогтыг нээлттэй сонсголд дууджээ

Төрийн албаны зөвлөлд он гарсаар 500 гаруй ажлаас халагдсан гэсэн гомдол ирсэн байна

Өргөдлийн байнгын хорооноос төрийн жинхэнэ албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан асуудлаар Нээлттэй сонсгол маргааш болох гэж байна. Нээлттэй сонсголтой холбоотойгоор Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Өргөдлийн байнгын хороо Нээлттэй сонсгол хийх гэж байна. Нээлттэй сонсгол хийх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн үү?

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр удаа Нээлттэй сонсгол хийж байсан. Үүний нэг нь Хуульзүйн байнгын хороон дээр хийж байсан 2008 оны долдугаар сарын 1-ний сонсгол. УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлд сонсгол хийх эрхийг олгосон байгаа. Энэ удаа төрийн жинхэнэ алба хаагчдыг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх гомдлоор нээлттэй сонсгол хийх гэж байна. Төрийн албаны зөвлөлд он гарсаар 500 гаруй ажлаас халагдсан гэсэн гомдол ирсэн байна. Засгийн газраас яамдуудад очсон түр орлон гүйцэтгэгч нар халаа сэлгээ хийхгүй байх чиглэл өгөөд байхад олон хүнийг хомроглон халсан байдаг.

Ажлаасаа халагдсан хүмүүс шүүхэд хандаад шүүхээс “ажилд нь эргүүлэн томилох” шийдвэр гарсаар байтал санаатайгаар ажилд нь буцаан авахгүй байна. Дээрээс нь аймаг дүүргүүдэд төрийн жинхэнэ албан хаагчдыг намын харьяаллаар ялгаварлан халсан асуудал газар авлаа. Өргөдлийн байнгын хороонд янз бүрийн салбарыг төлөөлсөн 200 гаруй гомдол ирээд байна. Тиймээс холбогдох албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхэн, гомдол гаргасан хүмүүсийг байлцуулж, халсан үндэслэлийг сонсохоор Нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна.

-Хэрэв албан тушаалтнууд Нээлттэй сонсголд ирэхгүй бол хариуцлага тооцох уу. Зарим яамны сайд өөрийгөө өмгөөлсөн мэдээлэл гаргасан байна лээ?

Парламент гэдэг засаглалын дээд хэлбэр. Тэр утгаараа УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Байнгын хорооны эрх гэж бий. Тэр дундаа Өргөдлийн байнгын хорооны эрхэд гэрч, шинжээч, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж тайлбар авах талаар заасан. Энэ нь тэр албан тушаалтнуудыг Нээлттэй сонсголд ирэхийг заавал үүрэгжүүлсэн заалт. Заавал тайлбар өгөх үүрэгтэй гэсэн үг. Хэрэв ирэхгүй бол УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Эндээс хариуцлагын асуудал яригдана. Парламентыг хүндэтгэхгүй бол зохих шатанд нь хариуцлага тооцох боломж бий. Парламент Засгийн газарт хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийх гэж байгаа.

-Сайдууд сонсголд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн үү?

Ерөнхийдөө бүх мэдээллээ өгсөн. Зарим яамдаас тайлбар ирж байна. Зарим нь хангалттай тайлбар ирүүлээгүй байна. Нээлттэй сонсголд тухайн яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрыг дуудаж байгаа. Бас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга оролцох ёстой. Яагаад гэхээр Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг өгдөг. Засгийн газрыг төлөөлөх эрх нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байдаг учраас С.Баярцогтыг дуудсан. Ирэх ирэхгүйгээ хэлээгүй байна. Сонсголд ирэх үүрэг нь байгаа учраас заавал урьдчилж мэдээлэх албагүй. Хувь хүмүүс мэдээллээ бүгд хүлээгээд авчихсан. Тэгэхээр мэдсээр байж ирэхгүй бол УИХ-ыг үл хүндэтгэсэн үйлдэл болно.