С.Одонтуяа нарын гишүүд хуулийн төслөө Засгийн газарт шилжүүллээ
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай" хуулийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа
2015.04.29

С.Одонтуяа нарын гишүүд хуулийн төслөө Засгийн газарт шилжүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан нарын  гишүүдийн хамтран боловсруулж өргөн барьсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай"  хуулийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад  гардууллаа. 

Энэ хууль нь тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг  шинэчилж, төрийн өмчит  эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу  эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах менежмент удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль хэмээн тайлбарлав. 

Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан, салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал  зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа цохон тэмдэглэв.

Уг нь  бүхэл бүтэн салбарыг хамарсан хуулийг Засгийн газраас өргөн барих ёстой боловч эрүүл мэндийн салбарын реформын өөрчлөлтүүдтэй холбоотой хууль тогтоомжууд  өмнөх Засгийн газруудаас боловсруулагдаж өргөн баригдахгүй хугацаа их алдаж байсан учирУИХ-ын гишүүд хамтран уг хуулийн төслийг боловсруулсан байна. Салбарын бүх шатны ажилтнуудыг оролцуулан  аймгуудын эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцүүлэг хийж зохих саналуудыг авсан.

Эмнэлгийн  засаглалыг сайжруулах зорилгоор Азийн  хөгжлийн банкны санхүүжилтээр 2008 оноос хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил” -3,4  хөтөлбөрүүдийн үзэл санааг болон салбарынхны олон жил хуримтлагдсан тулгамдсан асуудлуудын  гарц шийдлүүдийг уг хуулийн төсөлд тусгасан гэж УИХ-ын НББСШУ-ны дарга Д.Батцогт хэллээ. Засгийн газарт өргөн барихдаа хэд хэдэн зүйлд онцгой анхааралтай хандахыг хүслээ.

Үүнд: 

1.Гишүүдийн боловсруулсан хуулийн төслийг салбарын ажилтнуудаар нухацтай хэлэлцүүлэн   боловсронгуй болгож эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах РЕФОРМЫН  өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах

2.Эрүүл мэндийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албаны тухай хуулиудтай уг хуулийг уялдуулахдаа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн баталгааг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байхаар хуульчилж салбарын бүх түвшний ажилтнуудыг ялгаварлахгүйгээр хамруулах зэрэг асуудлуудыг онцгой анхаарахыг хүслээ.  Иймээс Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлж батлуулбал эцсийн үр дүнд эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт гарах юм.