Эрүүл мэнд , спортын сайд  Г.Шийлэгдамба  “Албан даалгавар” гаргалаа
Эрүүл мэнд, Спортын яам
2015.04.22

Эрүүл мэнд , спортын сайд Г.Шийлэгдамба “Албан даалгавар” гаргалаа

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 92 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 10 гаруй сумдыг хамарсан хээрийн түймэр нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт их хэмжээний эд материалын хохирол учруулаад байна.

Иймд эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод ажиллаж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд сэтгэлзүйд сөрөг үр дагавар үүсгэх нөхцөл  байдал үүсээд байна.

Энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах  зорилгоор Эрүүл мэнд спотрын сайд Г.Шийлэгдамба ”АЛБАН ДААЛГАВАР” гаргаж, харъяа байгууллагын эрүүл мэндийн байгууллагууддаа хүргүүлэн мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг үүрэг болголоо.

Нэгдүгээрт,  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

Түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын багийн бүрэлдэхүүнд сэтгэцийн эмч эсвэл сэтгэл зүйчийг ажиллуулах, эмч эмнэлгийн ажилтныг давхар шүүлтүүртэй зориулалтын маскаар хангах, сэтгэл гутралын эм бэлдмэлийг голомтод өртсөн эрүүл мэндийн төвд хуваарилж эмчийн хяналт дор олгох, утаанаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн  цочмог болон  архаг хордлогоос  урьдчилан сэргийлэх заавар болон голомтод ажилласан малын сэг зэмийг  устгахад оролцсоны дараа гараа сайтар угаах, халдваргүйжүүлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх,

Хоёрдугаарт, Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой чиглэлээр:

Хээрийн түймэрт өртөгсөд, голомтод ажилласан хүмүүст үзүүлэх  эмнэлгийн яаралтай  тусламжийн  бэлэн  байдлыг шуурхай хангаж явуулын эмнэлгийн баг томилон ажиллуулах, эм эмнэлгийн хэрэгслийн хангалт нөөцийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд эмчлэх өдрийн болон хэвтүүлэн эмчлүүлэх орны зохицуулалт хийх, харъяалал үл харгалзан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах,

Мөн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй ЭМСЯ-ны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэст ирүүлэхийг  даалгалаа.

Эрүүл мэнд, спортын яам