Д.Батцогт: Баялгийн сан байгуулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.04.21

Д.Батцогт: Баялгийн сан байгуулах ёстой

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Баялгийн санг байгуулах үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон ирээдүй үед тэгш хүртээх, энэхүү  хуримтлуулж буй мөнгө хөрөнгөө байнга өсөн арвижих сан болгон ирээдүй хойч үед өвлүүлэх, гадаад зах зээлийн мөчлөгөөс хамаарсан уул уурхайн орлогын хэлбэлзлийн төсөвт үзүүлэх нөлөөллийг бууруулах зэргээр орлогын хуваарилалт, мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро эдийн засгийн хэрэгсэл болгон ашиглах, макро эдийн засгийн менежментийн ухаалаг тогтолцоо бүрдүүлэхэд оршдог байна.

Монгол Улс уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд өнгөрсөн онд экспортын 89.2 хувь, төсвийн орлогын 17 хувь, ДНБ-ийн 18.6 хувийг тус салбар бүрдүүлжээ. Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байгаа тул Ирээдүй өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн аж.

Хуулийн төсөлд сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь,төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлогоос бүрдэх аж. Мөн 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл УИХ-аас өмнө нь хуримтлалын сан байгуулах хууль баталж байсан ч явцын дүнд өөрчлөгдөж, ард иргэдэд мөнгө тараах хууль болж, өөрчлөгдсөн. Үүн шиг зорилго нь өөрчлөгдөх вий, 2016, 2017 оноос эхлэн Хөгжлийн банк, Чингис бондын хүүгийн төлбөрийг төлж эхлэх тул төсөвт ачаалал үүсэх тул юунаас хуримтлал үүсгэх вэ, Засгийн газраас саяхан нэр бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ рояльтын татварын 50 хүртэл хувийг орон нутгийн санд төвлөрүүлэхээр заасан байгаа. Гэтэл Ирээдүйн өв сангийн тухай хуульд мөн рояльтын татварын 30 хувь төлөрнө, улсын төсвийг яаж бүрдүүлэх вэ гээд асуудал үүснэ. Тооцоо хийх ёстой гэсэн асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бондын эргэн төлөлттэй холбоотойгоор 2017 оноос төсөвт ачаалал ирэх тул эхлээд өрөө төлөх ёстой” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ашигт малтмалын баялагтай орон хөрөнгө мөнгө нь арвижаад явж байдаг. Өнгөрсөн хугацаанд ашигт малтмалаар орж ирсэн орлогыг баруун солгойгүй цацаж, улс төрийн намуудын амлалтыг биелүүлсэн сан л болсон. Эдийн засаг хүндрэлтэй, төсвийн орлого нь биелэхгүй хүнд байгаа ч хуулиа батлах нь зөв. Гол нь хэр баргийн үед хууль өөрчлөгдөхөөргүй байх ёстой. Уг хууль батлагдсан нөхцөлд төсвийн сахилга бат ч хангагдана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Улааны тайлбарлаж байгаагаар өнгөрсөн хугацаанд бий болгож чадаагүй нэг алдаа нь хуримтлал бий болгож чадаагүй явдал аж.  Эдийн засаг сайн байсан үед ч хуримтлал үүсгээгүй, хайр гамгүй цацаад дуусгасан. Мөн УИХ-аас гаргасан шийдвэрийн хүрээнд хэд хэдэн удаа сан байгуулах оролдлого хийж байсан. Тухайлбал, зэсийн үнэ өндөр байхад хуримтлал үүсгэх сан байгуулсан ч яваагүй, дараа нь Хүний хөгжлийн сан байгуулсан ч 1.2 их наяд төгрөгийн өртэй болж, Өрийн сан болж хувирсан.

Тогтворжуулалтын сан байгуулж 400 гаруй сая төгрөг хуримтлагдсан ч төсвийн алдагдлаас болж түүнийгээ хэрэглэсэн гээд яривал байгуулсан хуримтлалын сан бүхэн бүтэлгүйтэж иржээ.

Ийн хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуудлыг тал талаас нь ярилцсаны эцэст санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.