Үндсэн чиглэлийн хэрэгжилт муу дүн авлаа
УИХ-ын чуулганы 2015 оны 04 сарын 17 хуралдаан
2015.04.18

Үндсэн чиглэлийн хэрэгжилт муу дүн авлаа

Монгол улс1992 онд үндсэн хуулиа баталснаас хойш төсвийнхөө хуультай хамт үндсэн чиглэлээ намар баталдаг байснаа болиод 2011 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсноор Төсвийн хүрээний мэдэгдэл буюу төлөвлөлтөө хавар баталдаг болсон учир Үндсэн чиглэлийг хавар батлаад намар төсвөө баталдаг зорилт руу орсон.

Харин чуулганы үеэр “Харамсалтай нь 2012 оны төсөв батлагдсан цагаас эхлээд Төсвийн хүрээнийхээ мэдэгдлийг төсөв батлахдаа нэмэлт өөрчлөлт хийгээд өөрчилдөг болсон. Тэгэхээр төлөвлөлтийн утга учир байхгүй болж байгаа. Хоёрдугаарт, хаврын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн гүйцэтгэл гэсэн гурван том баримт бичиг хэлэлцдэг.

Гэтэл хэлэлцэж байгаа механизм нь өөрөө бүх Байнгын хороогоор ордог мөртлөө Төсвийн гүйцэтгэлийг нэгтгэж Төсвийн байнгын хороон дээр, Үндсэн чиглэлийг нэгтгэж Эдийн засгийн байнгын хороон дээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нэгтгэж Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тус тус хэлэлцдэг.

Нэгэнт хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр өөрчлөгдөж байгаа бол үүнтэй холбогдуулж тайлбараа оруулж ирэх хэрэгтэй ч дараа жилийн төсөл, хөтөлбөрт үүнийгээ хэрэгжүүлж болох эсэх зохицуулалтыг хийх хэрэгтэй байгаа” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлсэн.

Ерөнхийд нь Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт тааруухан байгаатай УИХ-ын гишүүдийн ихэнх саналтай нэгтэй байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Ер нь бол биелэлтээ бодитой гаргаж, аль болох бодит байдлаас харах, нээлттэй ил тод байх зарчмыг байнгын хорооны хуралдаан дээр олон талаас нь ярилцсан. Цаашдаа төсвийн тодголын үеэр  үндсэн чиглэлдээ тодотгол хийдэггүй байх, нөгөө талаас төсөвтэйгөө нягт уялдаж чаддагүй үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээ хөтөлбөр нь хэрэгжээгүй байгаа шалтгаан арга механизм нь хэт шилжсан байдлаар асуудалд ханддаг"

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг байнгын хороодоор дүгнэн Эдийн засгийн байнгын хороонд эцэслээд нэг тогтоолын төсөл боловсруулж байгаа юм байна. Тэгэхээр энэ тогтоолын төслийг батлаад л бүх асуудал шийдэгдэж чадах уу гэдгийг байнгын хорооны даргаас асуумаар байна. Үүнийг хараад байхад тунхаглалын шинжтэй болоод өнгөрчих вий гэдгээс болгоомжлоод байна л даа" гэлээ.

УИХ-ын Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн А.Бакей "Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Улсын нэгдсэн төсөв, Үндсэн чиглэл гэсэн гурван том бодлогын бичиг баримтын хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгаа гэдэг нь үнэн. Залгамж чанар байхгүйгээс гадна, төлөвлөж боловсруулах арга зүй оновчтой биш, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхой биш гэдэг нь үнэний ортой. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр бодлогын баримт бичгийг төлөвлөөд УИХ-аар хэлэлцээд батлах аргачлалыг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулах саналтай" хэмээн хэлсэн.

Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Байнгын хорооны саналаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 28,6 хувийн саналаар дэмжих боломжгүй гэж гишүүд үзлээ.