Р.Бурмаа: УИХ-ын гишүүн 2016 оноос сайдын ажил давхар хийхгүй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2015.04.21

Р.Бурмаа: УИХ-ын гишүүн 2016 оноос сайдын ажил давхар хийхгүй

УИХ-ын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр хэвлэлийнхэнд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлалын талаар мэдээлэл өгөв.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэрхэн тодорхойлсон 6э?

Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн жил олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ажлын хэсгийнхэн долоон удаа хуралдаж, гол үзэл баримтлалуудаа нэгтгэсний дагуу хуулийн төслөө боловсрууллаа. Хуулийн төслөө УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байгаа. Мэргэжлийн хүмүүс, экспертүүд, төрийн бус байгууллагууд, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дунд онлайнаар 680 хүний дунд хэлэлцүүлэг хийгээд байна. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн гэж бодож байна. Сонгууль зохион байгуулах үйл явцтай холбоотой зохицуулалтуудаа нэлээд нарийвчлаад байгаа.

Сонгууль явуулах системийн хувилбараа сонгохоор ярилцаж байна. МАН-ынхан 76 жижиг тойргоос, өөрөөр хэлбэл мажоритар системээр УИХ-ын сонгуулийг явуулъя гэсэн санал гаргасан. АН-ынхан 48 гишүүнийг тойргоос, 28-ыг нь намын нэрийн жагсаалтаар сонгох хувилбар дэвшүүлсэн. Өмнөх сонгуулийг ийм системээр явуулсныг иргэд мэдэж байгаа. "Шударга ёс" эвслийнхэн нэгдсэн санал удахгүй ирүүлэх байх. Одоогийн байдлаар АН-ын дэвшүүлж буй хувилбарыг түлхүү ярьж байна. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт хийх нь зүйтэй, ингэснээр зардал ихээхэн хэмнэнэ гэж үзэж байгаа. Энэ асуудалд нэгдсэн шийдэлд хүрсэн гэж ойлгож болно. Орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлснийг нэлээд шүүмжилсэн. Иргэдийн төлөөлөгч гэдэг утгаар нь хүнийг сонгодог байх хувилбарыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн орон нутгийн сонгуульд бие дааж нэр дэвших боломж олгосон байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зохицуулалтыг хэвээр нь үлдээсэн.

-Сонгуулийн маргааныг хэрхэн зохицуулахаар тусгасан 6э?

Сонгуулийн хуулийг хянан шийдвэрлэх асуудлыг нэлээд цэгцэлсэн. Ямар маргааныг хэн хэдий хугацаанл шийдвэрлэхийг тусгасан байгаа. Сонгуулийн маргаантай холбоотой өргөдөл ирчихээд байхад шийдэхгүй дараад байдаг, эсвэл тойргийн хороо хаалгаа түгжээд алга болчихдог байсан. Ийм байдал гарахгүй байхаар зохицуулсан. Мөн Сонгуулийн ерөнхий хороондоо өргөдөл гаргаж болох эрхийг нээсэн. Маргааныг тодорхой хугацаанд шийдвэрлэхийг үүрэгдсэн заалт тусгасан байгаа. Ингэснээр сонгуулийн маргааныг дээд тал нь хоёр сар буюу 60 хоногт шийдвэрлэнэ.

Саналын хуудсыг солих гэх мэтээр сонгууль будлиантуулах зөрчвөл гаргавал, тухайн хороо, хэсэгт ажиллаж байгаа албан хаагчийг төрийн албанд дахиж ажиллахыг хориглоно. Улс төрийн намуудад ч ихээхэн хариуцлага ногдуулсан. Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй, эсвэл худал мэдүүлсэн бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зохицуулалт хийлээ. Мөн сонгуулийн зардлыг багасгасан. Тухайлбал, сонгуулийн зурагт хуудас үнэгүй тавих цэгийг зааж өглөө. Ингэхдээ нэр дэвшигчдэд тэгш боломж олгох юм. Хэвлэл мэдээллийн сурталчилгаа явуулах эрх, үүргийг нь ч нарийвчлан зааж өгсөн. Сонгуулийн зардлын дээд хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан. Тэднийх 500 сая төгрөг гаргаж болно гэх мэтээр зардал өндөр байх зохицуулалт хийж байсан удаа бий.

Тэгвэл одоо сонгуулийн зардлын хэмжээг аудитын газар тооцож батална. Жишээ нь, 50 сая төгрөгийн зардал гаргана гэж тооцвол үүний хэдэн хувийг хандиваар бүрдүүлэх, өөрөөсөө хэдийг нь гаргахыг шийдэх юм. Хувь хүн хоёр, хуулийн этгээд 10 сая төгрөг хүртэлх хандив өгч болно гэж заалаа. Сонгуулийн зардал, хандивтай холбоотой бүх мэдээлэл шилэн дансны, ил тод, нээлттэй байх зарчмаар явна. Сонгуулийн сурталчилгаа хийхдээ зөрчил гаргавал өндөр хариуцлага тооцно. Санал худалдаж авахгүй байх зохицуулалтыг нэлээд тусгалаа. Нэр дэвшигч зөрчил гаргасан нь сонгуулийн дараа тогтоогдвол, тэр нь тангараг өргөсөн байсан ч мандат нь хүчингүй болно. УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах гэсэн ойлголт байхгүй. Ийм зохицуулалттай хуулийг намын бүлгүүдэд танилцуулаад УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

-Намын жагсаалтаар нэр дэвшүүлэх 28 нэр дэвшигчийг сонгогчид эрэмбэлэх хувилбар яригдаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн 28 хүний нэрийг сонгогч дугуйлж эрэмбэлэх хувилбар бий. Мөн 28 нэр дэвшигчээ бүсчилж нэр дэвшүүлж болно. Ингэхдээ сонгогч хүнийг биш, намыг сонгох юм. Ийм хэдэн хувилбарыг ажлын хэсгээс бэлтгэсэн. Өргөн барих хувилбарыг ирэх долоо хоногт эцэслэн шийднэ.

-МАН-ынхан сонгуулийн ямар системээр явуулахыг бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэх санаачилга гаргасан. Санал асуулгын хариуг хуульд тусгах шаардлагатай биз

Бүх ард түмний санал асуулгаар сонгуулийн системийг шийдвэрлэх нь хугацаа шаардах ажил. Дараагийн сонгууль ойртсон учраас хуулийн төслөө хойшлуулах боломжгүй. Тэгэхээр Сонгуулийн нэгдсэн хуулийг өргөн бариад сурталчилгаа, хандив, зардал зэрэг зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцээд явж байх нь зүйтэй гэж үзэж байна. Дараа нь санал асуулгаар хамгийн олон санал авсан системийг тусгаад явж болно.

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн давхар ажил хийхийг хязгаарлах заалт тусгасан уу?

Хуулийн төсөлд дан, давхар "дээлний" асуудлыг тусгасан. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс өөр ажил хийхгүй байхаар зохицууллаа. Сайд болбол дараагийн хүн нь нөхөж гишүүн болно гэсэн хувилбарыг тусгасан. Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байх эрхтэй. УИХ-ын гишүүн 2016 оны сонгуулиас хойш сайдын ажил давхар хийхгүй байх зохицуулалт гэсэн үг.